Тойм: УИХ-ын гишүүдийг Монгол Улсын хилээр гарахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Тойм: УИХ-ын гишүүдийг Монгол Улсын хилээр гарахыг хориглов

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОВ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Даваа гаригт Монгол Улсын хилээр гарахыг нь хориглох саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүх хуралдааныг 15:00 цагт товлосон боловч танхимын хүрэлцээгүй учраас хойшилсон байна. Шүүх хурлаас түүнийг тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Мөн нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /2022.5.30/ хэлэлцэв. Улмаар яллагдагч Ё.Баатарбилэг, Х.Ганхуягт нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж/2022.05.29/ өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол Монголоос гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин оролцсон юм. Тэмцээний сүүлийн өдөр насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпийн наадмын аварга, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрбээр 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм.

Ийнхүү Э.Содномпилжээ ДАШТ-ээс зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд тэрбээр нийт гурван алт, гурван мөнгөн медаль хүртээд байна.


"Ц.НЯМДОРЖ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ БИЧҮҮЛДЭГ БОЛЛОО"

Ардчилсан нам долоо хоног тутмын 4/11 ээлжит мэдээллийн цагаараа Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийн дүнг Мягмар гаригт танилцуулав.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Ц.Нямдорж нэгэн цагт өөрөө хууль гаргадаг байсан бол одоо өөртөө зориулж хууль бичүүлдэг боллоо. Төрийн албанд мэргэжлийн хүн дэвшүүлдэг болохоос дэвшүүлэн зайлуулах системтэй байж болохгүй. Эрх баригч намд Улсын ерөнхий прокурор хийчихээр хүн олдохгүй байгаад гайхаж байна. Н.Баганбанди, С.Дэмбэрэл гээд өвгөчүүдийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Дараагийн асуудал бол МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа хувьд баатар байж байж болох ч Монголын төлөө хийсэн нэг ч гавьяагүй. 2020 оны сонгуулийг та нар шударга бусаар явуулж, ялсан.

Хар машинтай холбоотой асуудал, иргэдийн гомдол саналыг хүлээж авахгүйгээр, тогтолцоогоо өөрчлөөгүй байж Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бүтэхгүй.

МАН-ын даргаас илүү Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийн зовлонг жаахан ч болов ойлгож байгаа байх. Эрх баригчид ард түмний сонгуулийг шударга явуулах хэрэгтэй. Гуравдугаарт, хүний эрхэд халддаг тогтолцоог Х.Нямбаатар өөрчлөх ёстой. Цагдаагийн хуулийг цагдаа, прокурорын хуулийг прокурор бичнэ гэдэг утгагүй. Засгийн газар хүний эрхийг хамгаалах тал дээр төсөв мөнгө гаргах цаг болсон. Монголын төрд хэдэн жил сайд байсан нь чухал биш. Юу хийсэн нь чухал. Тиймээс иргэдийнхээ төлөө ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна. Бид зарчмын хувьд л асуудлыг ярина. Хууль өөрчлөөд, асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Монголын төр сонгуулиа явуулж чадахгүйд хүрлээ.


ЦАР ТАХЛЫН ДАРАА ХҮҮХДИЙН БАЯР ӨРГӨН ДЭЛГЭР БОЛОВ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлаас шалтгаалж хоёр жил өнжсөний дараа нийтээр тэмдэглэв.

Зургадугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл өглөөний гудамж, Төв талбайн баруун, зүүн тал, "Туушин" зочид буудлын урд талаас Спортын төв ордон хүртэлх замыг хаана. Мөн "Шангрилла" зочид буудлаас Хүүхдийн ордон хүртэлх замыг хаасан юм.

Зам хааж байгаатай холбоотойгоор хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тарааж, эргүүлийн автобус, цагдаагийн алба хаагчид ажилласан. Харин хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулалтыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж шинэлэг байдлаар зохион байгуулав. Тодруулбал, оюуны өмчийг дээдэлсэн хот болох зорилтын хүрээнд “Мөнх Тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг худалдан авч “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтын хөтөлбөрийг боловсруулжээ.


"ЭМЭЭЛТ ДЭХ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН"

Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлаар Шадар сайд тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Пүрэв гаригт мэдээлэл хийв.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газраас Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мах бэлтгэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Эмээлтэд өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж бий. БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тавдугаар сарын 10-наас мэргэжлийн хяналтын газар мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрт  хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон.


STARLINK: МОНГОЛД СТАНЦ БАЙГУУЛЖ, 2023 ОНД ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ НЭВТРҮҮЛНЭ

Элон Маскийн “SpaceX” компанийн сансрын интернэт “Starlink” Монголд орж ирнэ гэх мэдээ гараад удаж буй. Энэхүү яриа ажил хэрэг болох шатандаа оржээ. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ /2022.06.02/ “SpaceX” компанийн ерөнхийлөгч, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвеллтэй онлайнаар холбогдож, уулзалт хийсэн аж.

Энэ талаараа Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Старлинк компани Монгол Улсын хувьд газар нутагтай том учраас бид газрын станцаа байгуулах шаардлагатай байгааг хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад нэг ширхэг биш, нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад, газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболт бидэнд гаргаж өгөх шаардлагатайг онцоллоо. Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардана" гэж хэллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтэц байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд "Старлинк"-ийн үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.

Мөн тус компани болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажил зохион байгуулахаар боллоо” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж