Овоо тахих зан үйл, учир холбогдлын талаар Төв Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа.
-Юуны өмнө та овоо тахихын учир утгын талаар тайлбарлаж өгнө үү?
Монголчууд эрт дээр үеэс энэ ертөнцөд жаргалтай сайхан амьдрахын тулд дараах таван зүйлийг эрхэмлэж ирсэн. Үүний эхэнд хүн өөрөө урт настай байж, үр хүүхэд гэр бүлийнхээ сайн сайхныг харж, хамтдаа жаргахын хамгийн эрхэм зүйл нь урт нас гэж үздэг байж. Тиймээс урт насыг бурхан шүтээндээ даатгах, өөрийнхөө талаас урт наслахын төлөө зүтгэл гаргадаг байсан.
Гэхдээ урт настай ч өвдөж, өвчин ээрээд байвал жаргаж чадахгүй. Тэгэхээр хоёр дахь дээд чухаг эрхэм зүйл нь өвчингүй, эрүүл байх. Энэ хоёр эрхэм зүйл нь зөвхөн өөрт бус гэр бүлийн гишүүд бүгд өвдөх өвчингүй эрүүл саруул байж, урт удаан насалж, жаргахад ч хамаатай. Бид идэж уух юм, хоол хувцас тэргүүтэй зүйлс, урт наслахын шалтгаан болсон биеийн тамир, дасгал хөдөлгөөн, урьд бол эргэл мөргөл зэргийг үйлдэж, өөрийн талаас эрүүл байж, урт наслахыг эрхэмлэж байна. Ингэснээрээ бурхан шүтээнээс ван авшиг, адис жанлавыг хүртдэг. Гуравдугаарт, гэр бүлд хэрүүл тэмцэл, аваар осол, түүнчлэн архи дарс хэтэрвэл амьдралыг хөнөөдөг. Өөрөөр хэлбэл, амьдралын үл зохилдох шалтгаан гэж хэлдэг. Энэ бүхнийг тэвчиж, гэр бүл дотроо эвсэг найрсаж, эвцэлдэж энэ хэрээр үр хүүхэд төлөв сайхан өсөж, ажил үйлс дэвжиж дээшилдэг учиртай. Үүнийг зөвхөн өөрт биш гэр бүлийнхэндээ хүсэж, “Арван хангал” бурхадуудаа тахиж, шүтэж ирсэн.
Дөрөвдүгээрт, эд таваар гэдэг зүйл. Өөрийн амьдралд хүрэлцээтэй эд таваарыг зөв замаар хуримтлуулж, бий болгохыг эрхэмлэх нь зүйтэй. Тав дахь буюу хамгийн суурь эрхэмлэх зүйл гэж бий. Сав шимийн ертөнц гэж бид ярьдаг. Энэ нь бидний оршин байгаа дэлхий, газар орчин, гэр орон, ажил албан байгууллага юм. Эдгээрийг хамгийн цэвэр ариун байлгах ёстой. Тэгж байж хүн, амьтан, ургамал амгалан тайван, эрүүл саруул оршин тогтнож, байгаль дэлхий зуд турхангүй, хур бороо цагтаа орж, байгаль дэлхий сэргэдэг.
Байгаль дэлхий дэлгэрч, сэргэх нь хүний амьдралын зохилдох шалтгаан болгоныг бүрдүүлдэг учраас суурь нь байгаль дэлхий өөрөө юм. Тийм учраас Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж, тахиж хүндэтгэж ирсэн үзэл, уламжлалтай. Тиймээс байгаль дэлхийгээ сайн сайхан байлгахыг зорьж овоо тахих зан үйл үйлдэж ирсэн байна. Оршин байгаа газар орон, сав шимийн ертөнцөө хайрлаж энхрийлэх нь хүн төрөлхтний хамгийн чухал эрхэмлэж явах зүйл юм.
Тэгэхээр уул овоо тахих гэдэг бол газар дэлхийгээ тахиж шүтэж биширч, хүчээр эд баялгийг нь булааж авах, оролдож захирах биш, байгаль ертөнцийн өөрчлөлт хувьслын учрыг олж, шалтгааныг бодож үзэх үүднээс байгальтай эвцэлдэж амьдардаг нүүдэлчин Монголчуудын хамгийн өндөр соёл юм. Нүүгээд явахдаа ухсан нүхээ бөглөж, арвай буудай хийж, сайхан цэвэрлээд явдаг. Буцаад хаваржаалж, өвөлжихөөр ирэхэд ногоо ургаад, цоо шинэхэн газар дэлхий бүрдсэн байдаг. Мөн мал сүрэг нь өсөж үржиж, өөрсдөө эрүүл энх, сайн сайхан байхыг бодолцож бэлгэдсэн шүтэн барилдлагын харилцааны зан үйл гэж ойлгоно.
Бидний өвөг дээдэс уул овоог эзэмшиж байдаг далдын эзэн, лус савдаг байдаг, тэднийг баярлуулж баясгаж, аргадаж идээ будаагаа өргөж байна гэж үздэг. Монгол орны бүх нутаг дэвсгэрт тахилгатай уул, ус, овоо бий. Тухайн газар орныхоо эрдэнэс нь болсон эдгээр уул овоог тахиснаараа үр ач, хойч үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлах үзлийг суулгаж өгдөг. Арвин дагшин газруудаа тахиж, түүгээр дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг тогтооё гэсэн уриа бурхны шашинд байдаг. Үүнийг Гандантэгчэнлин хийд 1990 оноос хойш баримталж ажиллаж байна.
-Овоо тахихдаа баримтлах ёс дэг, зан үйл, зохилдох, эс зохилдох зүйлсийн тухайд тодорхой хэлбэл?
Бидний оршихуй эс оршихуй нь байгаль дэлхийгээс асар их хамааралтай байдаг. Тэр дундаа уул овоо тахилгаа зөв зохистой хийж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах учиртай. Уул овооны тахилгад очихдоо лус савдгаа баясгах үүднээс цэвэр, сайхан хувцсаа өмсөж, архи дарс хэрэглэхийг цээрлэдэг. Бас мал амьтан олноор төхөөрөх нь овоо тахилгын зүйд нийцдэггүй учраас ёс жудаг, хүндэтгэлээ дагаж үйлдэх учиртай. Ер нь овоо тахилгын идээ шүүс бэлдэхдээ даасан тал буюу айл нь хонь малын ууц, мах бэлдэж, бусад айлууд жижиг тавгийн идээ бэлддэг журамтай. Байгаль уул ус, хангай дэлхийдээ идээ цагааны дээжээ өргөж, ёс төрөө гүйцээсний дараа адис жанлавтай тавгийн идээгээ гэртээ авчирч, гэр бүлийнхэндээ хүртээдэг.
Овоо тахихдаа хүн бүр сэтгэл зүрхээ цэнгүүлж, баясгах юм бол уул усны эзэн савдаг баярлаж, байгаль дэлхий ээл буянаа өгч, хур бороо алив сайн сайхан бүхнээ хайрладаг гэж хууччуул ярьдаг. Энэ бүх ёс жудгийг баримталж овоо тахих ёстой юм. Сүүлийн үед овоо тахихаараа учиргүй их идээ будаа овоолж, түүнийгээ тал тал тийш нь цацаж хог болгоод явчихдаг тал ажиглагдсан. Тэнгэр овоо, уул ус бол маш цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг учраас ийм зохисгүй үйлдэлд байгаль дэлхий маань гомдож, хувирал өөрчлөлт үзүүлж, муугаар эргэж болзошгүй болдгийг анхааруулъя. Ийм л учраас овоо тахих зан үйлээ маш цэвэрхэн, нарийн дэг журамтай үйлдэж, тухайн газар усныхаа ёс ямбыг дагаж, наадам наадгайгаа овооноосоо жаахан зайдуу хийж, олон түмнээрээ баярлаж цэнгэж байх учиртай юм. Ер нь бол овоо тахилгын үеэр хийж буй сайн үйл бүхэн, тухайлбал уртын сайхан дуугаа шуранхайлах, морин хуураа эгшиглүүлэх гээд бүгд уул усны эздийг аргадаж, баясгаж байгаа хэрэг. Бид хүндэтгэж чадвал бурхад, байгаль дэлхий адис жанлаваа хүртээдэг юм байна лээ.
-Эрдэнэтчүүд “Эрдэнэт-Мандал” овоогоо тахиж ирсэн уламжлалтай. Удахгүй энэ уламжлалаараа овоо тахих ёслолоо хийнэ. Эрдэнэтчүүддээ хандаж, та юуг онцлон хэлэх вэ?
“Эрдэнэ Мандал” овоог тахиж буй нь бас л өмнө хэлсэнчлэн орон нутагтаа оршин буй иргэд нь эрдэнэс болсон уул овоогоо тахиж буй хэрэг. Аль ч аймаг нутгийн хүн байсан ч тухайн амьдарч ажиллаж буй газар орноо цэвэр ариун, сайн сайхан байлгах, буян хишиг, үр өгөөжийг нь хүртэхийг эрхэмлэдэг байх ёстой. Тэр ч утгаараа “Эрдэнэт Мандал” овоогоо тахих нь Эрдэнэтчүүд, Эрдэнэтэд амьдарч байгаа иргэдэд байгаль дэлхийн ээл өгөөж, тэнгэр бурхны адис жанлав очих юм. Тиймээс зан үйлээ дээдэлж, овоо тахилгаа хийж байх учиртай. Эрдэнэт бол Монгол орноо тэжээж, авч яваа үйлдвэр. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед энэ үйлдвэрийн үр өгөөжийг Монголчууд бүгдээрээ бүрэн ойлгож авлаа.
Эдийн засаг, санхүүгийн хүндрэл үүсэж, бүгдээрээ хорио цээрийн горимд шилжсэн үед айл бүр халуун ус, гэрэл цахилгааны мөнгөө Эрдэнэтээр даалгаж, эрдэнэсийн уурхайн үр шимийг үзсэн. Энэ уурхайг дагаад Эрдэнэт хот байгуулагдаж, олон ч үйлдвэр үйлчилгээний газрууд ажилладаг. Тэнд энэ сайхан уул усаа хайрлаж, хүндэтгэх үүднээс Гандантэгчэнлин хийд, нутаг усны сүсэгтэн өвөг дээдэс, Эрдэнэт үйлдвэр хамтран ярилцаж байгаад Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босгосон. Бурхан багшийнхаа дүрийг Эрдэнэтийн зэсээр бүтээж, Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилт, иргэдийнх нь сэтгэлийн хандиваар хийсэн юм. Энэхүү ёс зүй болоод ертөнцийн үнэн зөв оршин тогтнол, шүтэн барилдлагын ухаан, хоосон чанарын онолыг номлосон гайхамшигт сургаалыг айлдсан Бурхан багшийн хөшөөндөө мөргөж, сүсэглэн залбирч байх учиртай гэдгийг Бурхан шашны Хамба Номун Ханы хувьд та бүхэндээ айлтгая.
Эрдэнэтчүүд маань итгэл бишрэлтэй, хүндэтгэлтэй, бие биедээ эвтэй, ажил хөдөлмөртөө зүтгэлтэй, хичээнгүй байж гэмээ нь та бүхний ажил амьдрал дээшээ дэвжин, цэцэглэхийн нигуур дүүрэн буй. Өнөөгийн Эрдэнэт өдрөөс өдөрт хөгжиж байгааг харж байна. Цаашдын сайхан ирээдүйгээ өөрсдөө үргэлжлүүлэн бүтээх Эрдэнэтчүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, урт настай удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцад мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий нь дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.
Холбоотой мэдээ