Хятадын алдарт Тянь Ань Миний талбай дээр цуст хядлага болсны дараа өдөр байлдааны сүрлэг танкнуудын цувааг сөрөн эрс шийдэмгий байдалтай зогсч буй гартаа хоёр ууттай зүйл барьчихсан, цагаан цамцтай залуугийн зургийг мэдэхгүй хүн дэлхийд ховор биз ээ.
1989 оны зургадугаар сарын 5, Тянь Ань Миний хядлагын дараа өдөр
Одоо хэр нь хэн байсан нь тодорхойгүй тэрхүү зоригт залуугийн гэрэл зураг дэлхий дахинд эрх чөлөө, ардчилал, эр зоригийн бэлгэ тэмдэг болсон юм.
Тянь ань миний хядлага буюу эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцсэн мянга мянган оюутан залуусынхаа эсрэг төр засаг хүч хэрэглэн, жагсаал цуглааныг цус урсган нухчин дарж, Хятадын түүхэнд “хар өдөр” болон тэмдэглэгдсэн үйл явдлын ой өнөөдөр тохиож байна.
Эх газрын Хятадын эрх баригчид энэ өдөр хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, интернэтийг цензурдаж, зохион байгуулалттай жагсаал цуглаанаас сэрэмжилж, хохирогчдын ар гэрийнхнийг хатуу хараа хяналтад байлгадаг. Олон жил Хятадын эх газарт уг үйлдлийг дурсахыг хориглож, хатуу хяналт тогтоосноор өдгөө уг үйл явдлыг мэдэхээсээ мэдэхгүй хятадууд олширчээ.
Энэ өдрийг харьцангуй ардчилсан, хязгаарлагдмал эрх чөлөөтэй Хонгконгод жил бүр олон сая хүн цуглан, зул өргөж тэмдэглэдэг уламжлалтай. 1989 оны үйл явдлаас хэдхэн жилийн дараагаас хонгконгчууд уг үйлдлийг дурсан, зул өргөж эхэлсэн. Түүнчлэн 1997 онд Их Британийн засгийн газраас Хонгконгийг Бээжингийн хяналтад шилжүүлэн өгснөөс хойш ч жил бүр дурсан санаж, жагсдаг байв. Гэвч Хонгконгод 2019 онд өрнөсөн ардчиллын төлөөх жагсаал, бослогын дараа Хятадын эрх баригчид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хатуу хуулийг баталж, идэвхтнүүдийг олноор нь барьж хорьсон. Мөн 2020, 2021 онд цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс нийтийг хамарсан жагсаал цуглааныг хориглосон байв.
Өдгөө Хонгконгод цар тахлын хязгаарлалтын арга хэмжээ үргэлжилж буй учраас Тянь Ань Миний үйл явдлыг дурсах арга хэмжээг хориглосон байна. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хонгконгийн албаныхан тус хотын Викториа паркад иргэд цуглаж, зургадугаар сарын 4-ныг дурсвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулжээ.
Үүгээр ч зогсохгүй 2019 оны өнгөний хувьсгалын бэлгэ тэмдэг болсон хар хувцас өмсч, цэцэг барьсан хүмүүсийг энэ өдөр хотын төвөөр явбал баривчилна гэж мэдэгджээ.
Баривчлагдсан хүмүүс хууль бусаар жагсаал хийсэн нь шүүхээр тогтоогдвол 1-5 жил шоронд хорих ял сонсоно. Викториа паркад зөвшөөрөлгүй жагсаал хийх, үйл ажиллагаа явуулахыг зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд хориглосон байна.