Германы зүүн өмнөд хэсгийн Бавари мужид галт тэрэг замаасаа гарч онхолдсоноос багадаа дөрвөн хүн нас барж, 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Мюнхен хот руу явж байсан галт тэргэнд олон тооны сурагчид зорчиж явсан боловч гурван вагон нь замаас гарч онхолджээ.
Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар осол гуравдагч этгээдийн санаатай үйлдэл байх магадлал бага гэдгийг цагдаа нар онцолжээ. Ослын дараа Германы канцлер Олаф Шольц мэдэгдэл хийж, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Осол болсон Гармиш-Партенкирхен хотын албаныхны мэдээллээр 60 орчим хүн гэмтэж бэрсэн гэсэн ч Германы холбооны цагдаагийн газрын төлөөлөгч энэ нь зорчигчдын тоо гэдгийг тодруулжээ. Түүнчлэн гэмтэж бэртсэн хүмүүсээс 20 орчим хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Мөн олон хүүхэд гэмтжээ.
Ослын дараах аврах ажиллагаанд зургаан нисдэг тэрэг оролцож буйн гурав нь Австри улсаас иржээ. Ослын газрын ойролцоо ирэх сард Их-7 бүлгийн уулзалт болох учир олон тооны цагдаа, цэрэг бэлтгэл хангахаар цугласан байсан нь аврах ажиллагаанд мөн оролцож байна.
Германд өмнө нь 1998 онд өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч онхолдсоноос 101 хүн амь үрэгдсэн аймшигт осол гарч байв.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ