Японы эрдэмтэд хүнсний хаягдлаар байшин барина

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Японы эрдэмтэд хүнсний хаягдлаар байшин барина

Японы эрдэмтэд хүнсний хаягдлаар байшин барина

Германы “Hansel and Gretel” үлгэрт гардаг шиг цагаан гаатай талхаар барьсан байшинг хэзээ нэгэн цагт та мөрөөдөж байсан уу? Тэгвэл ойрын ирээдүйд идэж болдог байшин гэж үнэхээр бий болох нь.

Токиогийн их сургуулийн судлаачид болох Кота Мачида, Юуяа Сакаи нар хүнсний хаягдлыг байшин барихад ашиглаж болох иддэг цемент болгон боловсруулах технологийг хөгжүүлж байна. Энэ нь хүнсний хаягдлаар цемент үйлдвэрлэх гэж буй дэлхийн анхны тохиолдол юм.

Судлаачдын хэлж буйгаар энэхүү шинэ төрлийн цементийн уян харимхай чанар нь энгийн бетоноос даруй дөрөв дахин их байх аж.

Мачида болон Сакаи нар энэхүү нээлтээрээ дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Хүнснй хаягдлыг хогийн цэгт булаад орхисноор метан ихээр ялгарч, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэдэг. Түүнчлэн цемент үйлдвэрлэл нь дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн найман хувийг эзэлдэг юм байна. Барилгад хүнсний хог хаягдлыг ашиглах тохиолдол байдаг авч энэ нь зөвхөн бетонд дүүргэгч маягаар ашиглагддаг байжээ.

Аж үйлдвэрийн шинжлэх ухааны дэд профессор Сакаи нь цементэн суурьтай бетоныг орлох тогтвортой материал судлах явцдаа энэ технологийг боловсруулжээ. Судалгааныхаа явцад тэрбээр эхлээд нунтагласан модны үртсийг дулаан шахалтанд оруулах замаар бетон хийх аргыг мөн боловсруулсан. Улмаар өөрийн шавь Мачидатай хамтран хоолны хаягдал ашиглан туршаад үзэхээр шийджээ.

Эхний үеийн туршилтуудад материалыг хооронд нь барьцалдуулахын тулд хуванцар хольж байсан. Хэдэн сарын турш бүтэлгүйтсэний эцэст температур, даралтыг зөв тохируулснаар цементийг бэхжүүлэх боломжтой юм байна гэдгийг нээсэн байна. Гэхдээ хамгийн төвөгтэй асуудал нь хүнсний хог хаягдал бүр өөр өөр температур, даралтын түвшин шаарддаг аж.

Сакаи, Мачида нар цайны навч, жүрж, сонгины хальс, кофены шаар, хятад байцаа зэргийн хаягдлыг ашиглан цементээ амжилттай хийж чадсан байна. Сүүлдээ туршилтаа улам өргөжүүлж, иддэг цементнийхээ өнгө, амтыг тааруулах боломжтой болгожээ. Мөн ус нэвтэрдэггүй, хортон шавьж идчихээргүй болгохын тулд лакаар бүрэх хэрэгтэй гэв.

Япон улс 2019 онд 5.7 сая тонн хүнсний хог хаягдал гаргасан бөгөөд 2030 он гэхэд үүнийг 2.7 болгож бууруулах зорилт тавиад байна. Хүнсний цементийг дахин ашиглах боломжтой бөгөөд байгальд задрах чадвартай тул хэрэгцээгүй болсон үед нь булж болно.

Судлаачид энэхүү иддэг цемент нь гамшгийн үед ач тусаа өгнө гэж найдаж байна. Жишээлбэл, гамшиг тохиолдсон үед хүмүүс хүнсний цементээр хийсэн тавилга сэлтээсээ идэж, амь зогоож болно гэв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж