ЛеБрон Жэймс албан ёсоор тэрбумтан боллоо. Дэлхийн сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай түүний нийт хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрснийг “Forbes” сэтгүүл зарлав. Ингэснээр тэрбээр NBA-д идэвхитэй тоглож буй анхны тэрбумтан сагсан бөмбөгч болжээ.
Одоогоор сагсан бөмбөгөөс агуу Майкл Жорданы хөрөнгө 10 оронтой тоонд хүрээд байна.
ЛеБрон Жэймс тамирчны замналынхаа 19 жилийн туршид татварын өмнөх цалингаасаа нийт 385 сая ам.долларын олоод байгаа аж. Харин бусад мөнгөө зар сурталчилгаа болон хөрөнгө оруулалтаас олж байна.
Тэрбээр 2014 онд “CQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбумтан болохыг хүсч байгаагаа дурдаж байв. ЛеБрон “Хэрэв ийм зүйл болвол миний амьдралын хамгийн том амжилт байх болно.Ямар ч маргаангүй. Би бизнесээ томруулмаар байна. Хэрэв би тэгж чадвал би тэрбумтан тамирчин болно. Бурхан минь, сэтгэл хөдөлж байна шүү” хэмээн ярьжээ.
ЛеБрон Жэймс 2018 онд жижиг зах зээлтэй Кливленд хотоо орхин шоу бизнесийн төв Лос Анжелес руу нүүсэн билээ.
ЛЕБРОНЫ ХӨРӨНГИЙН ЗАДАРГАА
- "The Spring Hill" компани – $300 сая: Энэхүү компанийн бүрэлдэхүүнд маркетингийн агентлаг, “Uninterrupted” спорт брэнд, “SpringHill” энтертайнмент гэх зэрэг багтдаг.
- "Fenway Sports" групп – $90 сая: ЛеБрон энэ группын нэг хувийн эзэн. Тус групп нь бэйсболын Бостон Ред Сокс, Фенвэй парк, Английн хөлбөмбөгийн Ливерпүүл тэргүүтэй спортын клубууд түүний барилга байгууламжийг эзэмшдэг.
- Үл хөдлөх хөрөнгө – $80 сая: ЛеБрон Лос Анжелесын Беверли Хиллс, Охайогийн Акрон хотод дор хаяж гурван үл хөдлөхтэй.
- "Blaze Pizza" – $30 сая: АНУ, Канад даяар 300 гаруй салбартай түргэн хоолны сүлжээний 10 хувийг ЛеБрон 2012 онд нэг сая ам.доллараар авч байв. Тэрбээр Флорида, Иллинойс мужуудад хувийн 18 салбартай.
- Төрөл бүрийн хөрөнгө оруулалт – $500 сая: ЛеБрон нийт хөрөнгийнхөө талыг ашигтай хөрөнгө оруулалтаасаа бүрдүүлж байна. Өдгөө 37 настай тэрбээр “Beats by Dre”, “Ladder”, “Tonal”, “Lyft” зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хийсэн билээ.
- Бусад хөрөнгө: ЛеБрон 2018 онд “LeBron James” гэх өөрийн гэр бүлийн санг нээн үүгээрээ дамжуулан төрөлх Акрон хотдоо “I Promise” бага сургуулиа нээсэн. Мөн “Space Jam 2” тэргүүтэй дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлж, продюсераар нь ажилласан. Үүнээс гадна "Lobos 1707" текила брэнд бий.
Сүүлийн үед түүнийг NBA-ийн багтай болно гэх яриа хүчтэй гарав. “The Ringer” веб сайтын Билл Симмонс ч үүнийг ортой болохыг баталж, “Fenway Sports” групп NBA-ийн нэг багийг эгнээндээ элсүүлнэ гэв. Хамгийн сонирхолтой нь ЛеБрон Жэймс тамирчны замналаа дуусгах үедээ одоогийн Майкл Жорданаас илүү баян болох боломжтой гэнэ. Агуу Жорданы одоогийн нийт хөрөнгө нь 1.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Холбоотой мэдээ