“УИХ-ын даргыг архичнаар нь дуудахаа болиорой”

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Live“УИХ-ын даргыг архичнаар нь дуудахаа болиорой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ.


14 : 50
2022-6-3

“УИХ-ын даргыг архичнаар нь дуудахаа болиорой”

Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц тогтоодог байх аа. Ард түмний өмнөөс олигтой дуугарч чадахгүй байж хоёрын хооронд юман дээр муухай зан гаргах муухай байдаг шүү. УИХ-ын даргыг архичин согтуугаар нь дууддаг юм уу. Больчхоорой Ж.Батсуурь гуай.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Цөлжилтийн тухай ярьж байна. Монголд хөдөө нь цөлжсөн, газар нь бохирдсон байдалтай байна. Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөний 50 хувь нь хүний хөгжлөөс шалтгаалсан гэж байна. Цаашид бэлчээр яах вэ. Хүний хүчин зүйл дээр яах ёстой гэж боддог вэ. Хандлага нь ямар байна вэ. 50 жилийн дараа яах вэ. Эдийн засаг мал аж ахуйтай холбоод та нар хэлээч ээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламж юу болж байгаа билээ. Баригдвал нийслэлийн 200 мянган нүхэн жорлон цөөрөх үү. Хатуу хог хаягдлыг боловсруулна гэж дуулдаж байсан. Үр дүн харагдахгүй байна. Эдгээр асуудалд ямар бодлого барьж байна вэ?

БОАЖ-ийн сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-БОАЖЯ-аас цөлжилт, газрын доройтлыг хамгаалах бодлого хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Энэ нь зөвхөн манай салбарын асуудал биш юм. Салбар дундын асуудал. Мал аж ахуй, газар тариалан уул уурхай, хот тохижилттой холбоотой салбар дундын зохицуулалтыг зайлшгүй хийхээс аргагүй. Саяхан олон улсын байгууллагаас хийсэн судалгаатай танилцсан. Цөлжилт, газрын доройтол холбоотой асуудалд мод их хэмжээгээр тарьж, уул уурхайтай холбоотой сүүлийн 40 жилийн хугацаанд 50 хувийн цэвдгээ алдсан гэдэг тооцооллыг хийсэн. Цэвдгээ авч үлдэхийн тулд Тэрбум мод хөтөлбөрийг эрчимтэй үргэлжлүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуй руу орох, хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлогыг шинээр тодорхойлохоос өөр аргагүй. Үүнийг тодорхойлохгүй бол цаашдаа бэлчээрийн даац хэтэрснээр үлдсэн цэвдэг, модоо алдах 2030 он хүртэл цөлжилт 25 хувиар доройтно гэдэг гашуун тооцоо судалгааг илэрхийлсэн.

-УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-Хоёр асуултад тодорхой хариулт авъя. Цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотод баригдсанаар ямар хүчин чадал нэмэгдэж байгаа юм. Энийг дагаад 200 мянган нүхэн жорлонгоос хэд нь багасах юм. Тэрнээс биш Туул голын дагуу эко нойл хийгээд асуудал шийдэгдэхгүй. Хатуу хог хаягдлын үйлдвэр юу болж байгаа вэ?

БОАЖЯ-ны Усны газрын дарга Ш.МЯГМАР:

-Төв цэвэрлэх байгууламж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа. Хоногт 250 метр куб цэвэрлэх хүчин чадалтай. 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн. Одоогийн цэвэрлэх байгууламж хоногт 170 метр куб бохир усыг цэвэрлэдэг. Нийтдээ 420 метр куб усыг хоногт цэвэрлэх боломжтой болно. 2020-2021 онд цар тахлын улмаас тодорхой ажлууд хүлээлттэй байна. Одоогийн байдлаар Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр 43 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөний хүрээнд 200 мянган нүхэн жорлонг бууруулахад тодорхой хэмжээний айл орон сууцанд орсноор дээрх тоо 15-20 орчим хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо бий.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Бид энэ асуудлаар олон жил онолын түвшинд маргаж өнөөдрийг хүрлээ. Бодит ямар ч арга хэмжээ авдаггүй. Маргааныг салбарын дунд аваачиж хаядаг. Тэгээд улс төрөө “даахгүй”. Бэлчээр, махны экспортын чиглэлд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байна. Сошиалаар нийгмийн сэтгэл зүйд хөтлөгдөж махны экспортоо хаачихна. Нөөцийн махны нөөц бүрдэж нөгөөх нь зарагдахгүй байхад махыг төрийн албан хаагчдад өгнө гэнэ. Ийм бодлоготой бид хол явахгүй. Нэг жишээ нь цөлжилт, бэлчээрийн хомсдол доройтол байна. 20 жилийн өмнө ярьж байсан юм аа ярьсаар сууна.

БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Н.Ганибал гишүүний асуултад хариулъя. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Бэлчээрийн 57 хувь нь доройтсон гэдгийг судалгаагаар харж болно. Бэлчээрийн даацын тооцооллоор Монгол Улсад 25-30 орчим сая мал бэлчих даац үлдсэн. Энэ янзаараа явбал 2030 он гэхэд Монгол Улс бэлчээрийн үлдсэн талбайгаа алдана гэдэг тооцоо судалгааны ажил явагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Цөлжилттэй тэмцэж буй бодитой ажил харагдахгүй байна. Том хэмжээнд авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамжтай холбоотой асуудлууд тун удахгүй нүүрлэнэ. Бэлчээр Монголчуудын хувьд маш чухал асуудал. Цар тахал, хил хаагдсан үед хөдөө аж ахуйн салбар өлсгөхгүй, цангаахгүй авч явж байна. Тэгэхээр асуудлыг цогцоор нь авч үзээч ээ. Махны асуудлаа улстөржүүлсэн цаг үед асуудал улам алсраад байна. Төв аймгийн зарим сумдад бороо орохгүй бол мал хэцүү болсон.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд Монгол хүнийг амьдруулна гэж заасан. Төр засаг үүргээ биелүүлж ажиллах ёстой. Эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа юу. Улаанбаатар хотод 400 мянган өрх бий. 200 мянган нь хашаан дотроо бие засдаг. Бороо ороод үерлэвэл юу болох юм. Нэртэй устай нь ярьсан ч болж байна. Тэгж байж энэ байдал сайжирна. Гудамж талбайд хүн явахын арга алга. Та нар дуугүй л байна. Шийдэж болох асуудлаа яагаад шийддэггүй юм бэ. Бетонон ширэнгэ байгаад байх юм уу. Нар ч үзэхгүй нь байна. Нэг иргэнд ямар ногоон байгууламж оногдох юм. Африкт ч ийм байхгүй шүү. Баянхонгор аймаг хамгийн их цөлжилттэй байна. Энэ талаар юу хийж байна вэ? Сахарын элсэн цөлийг ямаа бий болгосон.

12: 30
2022-6-3

Эдийн засаг хүнд цагт хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ:
Эдийн засаг хүнд байгаа үед төрийн бүтээн байгуулалтад хувийн хэвшилээ оролцуулж дэмжих хэрэгтэй. Хоёр жилийн дараа мөнгөө авах компани бол байна. 20 жилийн дараа мөнгөө авах хувийн хэвшил байхгүй шүү. Хувийн хэвшлийг бүтээн байгуулалтад оролцуулах нь төр төсөвтөө дарамт үүсгэхгүй байх боломж юм.
 
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
 
-Чухал хуулийн төсөл орж ирж байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Хувийн хэвшлийнхэн төрийн ажлаас нуруун дээрээ үүрэлцээд ажил хийх санал санаачилга гаргаад явдаг. Харамсалтай нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс болоод хэрэгждэггүй. Хувийн хэвшлийн зарим нөхдүүд өөрсдийн санаачилгаар орон нутагт шийдлээ хүлээсэн ажил руу хөрөнгөө гаргаад орчихдог. Дараа нь хувийн хэвшлийнхэн хохирох байдал руу орчихдог. Хувийн хэвшлийнхэн төрийн үйлчилгээний салбар руу орж ирэх гэж байгаа юм байна. Урт хугацаанд төртэй хамтран ажиллах хаалга нээгдэж байна гэж ойлголоо зөв үү буруу юу?
 
УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:
-2010 оноос УИХ-ын тогтоолоор концесиийн гэрээгээр явж байсан. Өнөөдрийг хүртэл төр хувийн хэвшлээр баригдсан, шилжүүлсэн төсөл хөтөлбөр бага байдаг. Энийг засахын тулд уг хууль оруулж ирж байна. Би С.Ганбаатар, Ё.Баатарбилэг нартай санал нэг байна. Яаж хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах вэ. Засгийн газраас ямар баталгаа байж төр хувийн хэвшлийн ажлууд явах вэ.
 
УИХ-ын гишүүн Э.БОЛОРЧЛУУН:
-Дорнод аймгийн хавиргын боомтын зам олон жил дуншлаа. Энэ оны төсөвт 24 тэрбум төгрөг тавьсан боловч хоёр төсвийн тодотголоор орж 2-3 тэрбум төгрөг болчихсон. Тэгэхээр төр төсвийн мөнгөөр уг замыг хийж чадахгүй нь харагдаж байна. Энэ зам маш ачаалалтай. Хил онгойход олон мянган машин, 130 мянган хүн зорчдог зам. Энэ дээр хувийн хэвшлийнхэн замыг барьж, хураамжаа тогтооно гэвэл болох уу?
 
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Хуулийн гол зорилго нь нийтийн зориулалттай дэд бүтэц буюу олон нийтийн эрх ашиг нэгдүгээрт гэсэн үг. Хаа хамаагүй үнэтэй, тариф төлбөр хураамж байж болохгүй. Тийм ч учраас төрөөс тодорхой хэмжээнд зохицуулалт хийх болно. Мэдээж түншлэлийн гэрээгээр зохицуулагдана. Уг заалтыг хуулийн 45.1, 45.2-т маш нарийн зааж өгсөн.
 
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Би хувийн хэвшил санаачлагч байх шаардлагагүй гэж харж байна. Төр өөрөө төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар төслийг хэрэгжүүлэх вэ гэдгийг төр зарладаг байх нь зүйтэй. Концессын хуулиас хүрээг нь өргөжүүлээд оруулаад ирж байгаа юм байна. Манайд нэг зовлон бий. Төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэнэ гэж ярьдаг. Төрийн үйлчилгээ нь ямар чанар, хүртээмжтэй байхыг тогтоосон стандарт байдаггүй.
 
УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн гол зорилт нь нийтийн зориулалттай, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшил хамтарч ажиллах нь гэж ойлголоо. Эндээс харахад нийтийн зориулалттай дэд бүтцэд хувийн хэвшил ажиллах сонирхолгүй. Ашиг харж ажиллах учраас хувийн хэвшлийнхэн сонирхохгүй байх. Хувийн хэвшлийнхэн сонирхох ямар нөхцөлүүд бүрдэх юм. Одоо байгаа коцессийн хууль зогсох нь учир дутагдалтай санагдаж байна. Эмнэлэг сургуульд үйлчилгээний чанар муу байна. Хувийн хэвшлийн сайн туршлагыг төрийн үйлчилгээний салбарт хэрэглэх гээд байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр хувийн эмнэлгийн үйлчилгээ яаж орж ирэх юм.
11 : 36
2022-6-3

Нийслэл хотын гэр хороололд дахин төлөвлөлт чухал

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж үг хэлж байна.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Хамгийн чухал хуулийн төсөл орж ирж байна. Сайн хууль гарах ёстой. Гарсан сайн хууль амьдралд хэрэгжих ёстой. Төр дэд бүтцийг нь хийчхээд бусад юм аа хувийн хэвшлийнхэн аваад явчих чадалтай гэж олон жил ярьж байна. Уг хуульд олон жил доголдож, хөгжлийн гацаа болж ирсэн асуудлыг хууль гарснаар цэгцлэх боломж бүрдэх талаар ямар чухал заалт орсон бэ. 5.1.9-т нийтийн зориулалттай, 5.1.10-т нийтийн ашиг тусын тулд гэсэн байна. Өөрөөр хэлбэл нийтийн гэдэг үгийг чухалчилсан байна. Нийслэл хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал чухал. Төр газрыг нь чөлөөлөөд байшин барих чадваргүйг харж байна. Үүнд хувийн хэвшлийн түншлэл маш чухал.
 
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Нийтлэг агуулга нь өсөн нэмэгдэж буй нийгэм, эдийн засаг төсвийн хэрэгцээн суурь тэлж буй өнөө цагт хувийн хэвшлийн оролцоог илүү хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр тухайн төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгосноор 40 жилийн хугацаанд тухайн бизнесийг тогтвортой, хүртээмжтэй, бодитой байх гэсэн олон талт зорилготой. Мөн гадаад талд хөрөнгө оруулалт татах хөрс суурь бүрдэнэ. Хөрөнгө оруулагчид тухайн улс орны эрх зүйн орчныг хардаг. Ингэхдээ Засгийн газар нь тодорхой, үндсэн суурь хууль нь сайтар бэлтгэгдсэн байх ёстой.
 
11 : 08
2022-6-3

Ойн тухай хуулийг хэлэлцэж байна

Ойн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Сонголттой хэлбэрээр шийднэ гэчхээд яагаад ингээд байна вэ. Канадын бүс нутгийн ургамал манайд тохироод байгаа байхгүй юу. Зүлэг маш сайн тохирч байгаа. Туршилтаар манай хөрсөнд ургах зохимжтой гэсэн агуулгаар оруулж болдоггүй юм уу. Ялангуяа хотожсон цэцэрлэгжүүлэлт явж байгаа энэ үед цэцэрлэгжүүлэлтийн журмаар үрийг ашиглаж болно. Модыг дагаад янз бүрийн шавьж орж ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Унасан модоо хэрхэн ашиглах талаар бодлогын чанартай зүйл хийх ёстой. Хаягдал модоо үйлдвэрийн чиглэлээр ашиглах заалтууд ямар байдлаар орсон юм бэ. Стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон үрийг импортлох худалдахыг хориглоно гээд байгаа юм. Стандартын шаардлага хангасан гэхээр яах ёстой юм. Үрийн асуудал ямар бодлогоор орж ирж байгаа вэ?

10 : 09
2022-6-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалыг хүргэж байна. Өнөөдөр үдээс хойших чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх аж. 


. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж