АНУ-аас өчигдөр /2022.06.02/ Орост чиглэсэн шинэ хориг арга хэмжээнүүдээ зарлав. Энэ хүрээнд Путины хэд хэдэн дарвуулт онгоц хоригт багтав. Мөн ОХУ-ын ерөнхийлөгчийн зуучлагч гэгддэг улсдаа тэргүүлэх гангийн үйлдвэрийн эзэн, хийл хөгжимчин олигархийг онилжээ.
Хөгжимчин, удирдаач Сергей Ролдугиныг ерөнхийлөгч Путины оффшор дахь баялгийг удирдан зохицуулдаг гэж үзэж байна. Тиймээс Ролдугины АНУ дахь хөрөнгийг царцаажээ.
Дайн эхэлснээс хойш АНУ болон барууны бусад орнууд Оросын эдийн засагт чиглэсэн урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсан. Хэрвээ дайн үргэлжилсээр байвал АНУ улам олон арга хэмжээ авахаа амлалаа. Жо Байден гуравдугаар сард хэлэхдээ, Путинтэй холбоотой Оросын баячуудын дарвуулт онгоц, тансаг зэрэглэлийн орон сууц, хувийн онгоцыг хураан авахын тулд АНУ хүчин чармайлт гаргана гэжээ. Тэгвэл АНУ-ын Сангийн яам өчигдөр ОХУ-ын далбаатай "Graceful" болон Кайманы арлуудын далбаатай "Olympia" гэсэн хоёр хөлөг онгоцыг Путины өмч болохыг тогтоожээ.
ОХУ-ын ерөнхийлөгч дайн эхэлснээс хойш дарвуулт завиар олон удаа аялсан байна. Тэр дундаа өнгөрсөн жил Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт Хар тэнгист дарвуулт завиар аялсан гэж Сангийн яам мэдэгдэв.
Түүнчлэн Путины ашиглаж байсан "Shellest" болон "Nega" хэмээх өөр хоёр дарвуулт онгоцыг олж тогтоосон байна. Энэ хоёр нь хориг арга хэмжээнд багтсан Оросын нэгэн компанийн эзэмшилд байдаг. Мөн Монако хотод байрладаг "Imperial Yachts" хэмээх брокерийн компанид хориг тавьлаа. Тус компани нь супер дарвуулт онгоц эзэмшигчид, тэр дундаа Оросын олигархиудыг завиа ашиглахгүй үед нь түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.
Сангийн яам мөн Оросын таван олигархид хориг арга хэмжээ авсны нэг нь Оросын хамгийн баян хүмүүсийн нэг Алексей Мордашов юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ч бас хоригт багтав.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ