Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд "Хямд үнэтэй мах авах нь" гэж ихэд сэтгэл өндөр байсан. Зарим хүн мах үнэд орсон энэ үед нойтон мах, гэдэс, дотор авснаас илүүтэй нөөцийн мах хямд, амт сайтай байгааг хэлж байв. Эхний сар гаруй хугацаанд эрэлт их худалдан авалт ч сайн байжээ. Харин одоо худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулсан ч авах иргэд багассан байна. Тиймээс нөөцийн махны үлдэгдэл их байгаа учир төрийн албаныханд нэгдсэн байдлаар өгч, дараа төлбөрийг төлөх зохицуулалт хийх шийдвэр гаргажээ. Уг шийдвэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бус Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд гаргасан байна.
Энэ талаар хотын Ерөнхий менежерээс тодруулахад "Шийдвэр гэх юм байхгүй. Жил бүр нөөцийн мах хүрэлцээтэй бол төрийн албан хаагчдад уламжлал болгон өгдөг. Тэрнээс биш тогтоол шийдвэр гаргаж, төрийн албаныханд хүчээр өгдөггүй. Үүнийг хүмүүс буруу зөрүү ойлгож, мушгин гуйвуулж байна. Өнгөрсөн жил тодорхой хэмжээний нөөцийн мах бэлтгэж, ирэх хавар нь иргэдэд худалдан борлуулдаг биз дээ. Тэр дунд нь тодорхой хэмжээний төрийн албаны зарим байгууллага хүсэлт гаргадаг. Тэрний дагуу л нөөцийн мах авч болно гэсэн бичиг. Ямар нэгэн тушаал, шийдвэр биш. Төрийн албаныхан авбал авна. Авахгүй бол тэр. Нөөцийн махнаас хэдэн килограммыг төрийн албан хаагчдад борлуулна гэсэн тоо байхгүй" гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байгаа. Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7550 төгрөгөөр худалдаалж буй юм.
Энэ үнэ бол нойтон махнаас хоёр дахин хямд ч худалдан авалт муу байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ талаар тодруулахад, энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа учир мал аж ахуй эрхэлж буй хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байна. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон. 2022 онд нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн.
Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж, хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Тиймээс махны шим тэжээлийг алдагдуулахгүйгээр нөөц дуустал худалдана. Яамнаас төрийн албаныханд албадан худалдан авалт хийх тушаал, захирамж гаргаагүй.
Аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна. Цаашид худалдааны цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс онцолсон юм. Үнийн хувьд дахин хямдруулах эсэх талаар асуухад одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Гэхдээ орон нутагт Улаанбаатараас 1000 хүртэлх төгрөгөөр нөөцийн мах хямд байгаа гэв. Ямартай ч зарим гэрээт компаниудад гомдол, санал ирсний дагуу нөөцийн махны савлалт, бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа гэсэн юм.
Холбоотой мэдээ