Тайванийн сагсан бөмбөгт цахиур хагалж буй монгол хүү

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Тайванийн сагсан бөмбөгт цахиур хагалж буй монгол хүү

Тайванийн сагсан бөмбөгт цахиур хагалж буй монгол хүү

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Тайванийн сагсан бөмбөгт цахиур хагалж буй Д.Баясгаланг онцолж байна. Маркетинг, ложистикийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн тэрбээр тун удахгүй монголчууддаа тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчиддоо гайхалтай мэдээгээр бэлэг барих гэнэ. Ингээд түүнтэй танилцъя. 


Дэлгэрчулуун Баясгалан

1997.10.30

Төгссөн сургууль

  Нийслэлийн 52 дугаар дунд сургууль

МУИС

Чунгчоу шинжлэх ухаан технологийн их сургууль

Мэргэжил

Маркетинг, ложистик

Сошиал хуудас

Д. Баясгалан /facebook/, bye.sglnn /instagram/

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Багаасаа их л хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан даа. Гүйж, харайгаад л явж байдаг хүүхэд байлаа. Хүүхэд нас минь 120 мянгат, үйлдвэр комбинатад өнгөрсөн.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-Бага байхдаа ах нарыгаа дагаад хөлбөмбөг тоглох дуртай байсан. Тухайн үед "Мазаалай" гээд клуб байлаа. "Мазаалай" клубын нэр дээрээс олон тэмцээнд орсон. 13 хүртэлх насны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Ер нь л хөлбөмбөг их тоглодог байсан. Харин зургадугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа сагсан бөмбөгийн дугуйланд орж, энэ спортоос салаагүй дээ.

Миний анхны багш 52 дугаар сургуулийн багш У.Гэрэлт-Од. Мөн миний хуурай ах байдаг юм. Одоо Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгч хийж байгаа. Бид хоёр нэг байр байсан. Багаас минь л зааж, зөвлөж ирсэн ах.

АНХНЫ АМЖИЛТ?

-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мөрөөдлийн баг” гээд тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан нь миний анхны хамгийн том амжилт. Ах нарыгаа дагаад л тэмцээнд ороод медаль авч байлаа.

АНХ ТАЙВАНИЙГ ЗОРЬСОН ҮЕЭ ЭРГЭН ДУРСВАЛ?

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон манай Тайванийн сургууль 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, таван эрэгтэй, гурван эмэгтэй гээд нийт найман монгол хүүхэд 100 хувь тэтгэлэгтэй сурахаар Тайванийг зорьж байлаа. Анх очиход мэдээж их хүндрэл байсан. Хэлний асуудал, орчин солигдох гэх мэт. Өсвөрийн насны хүүхдүүд гэрээ бас санана. Эрс тэс бэлтгэл хийдэг байлаа.

ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Энэ аягүй том асуудал байсан л даа. Бэлтгэл сайн хийдэг байсан ч эхний хоёр, гурван жил түүнийгээ тоглолт дээр гаргаж чаддаггүй байлаа. Магадгүй өөр орчинд, гадаад дасгалжуулагчийн дор тоглохоор ингээд байгаа юм болов уу гэж боддог байсан. Тэгээд л тоглолт бүрийн дараа дасгалжуулагч маань надтай ирж уулзаад “Хэтэрхий юм бодоод байна. Өөрийгөө хүндрүүлээд байна” гэж хэлж байлаа. Ерөнхийдөө сүүлдээ туршлагажаад яаж тоглох учраа олж эхэлсэн. Одоо бол тоглолтын өмнө тоглолтоо боддоггүй. Аль болох өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүсдэг. Нэг инээдтэй юм хэлэхэд чухал тэмцээнээр явахдаа ямар нэгэн сериал, кино эхлүүлчихдэг. Харин тоглолтоо бэлтгэлдээ найдаад үлдээчихдэг.

Бэлтгэлээ сайн хийчихсэн байхад угаасаа тоглолт дээрээ тэр бэлдсэн зүйл чинь гарч ирж л таараа.

Тэгээд анхаарлаа өөр зүйлд саатааруулдаг даа. Ийм л өөрийн гэсэн арга барилтай болсон.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН?

-Би Монголд байх хугацаандаа хоёр жил дээд лигт тоглосон. Тухайн үед манай багт Э.Цэвэлдорж, А.Дорж-Арилд, Т.Санчир гээд мундаг ах нар маань байсан. Тэр үед Т.Санчир ахаасаа их үлгэр дуурайлал авдаг байсан. Мөн Тайванийн лигт Жет Чанг гээд тоглогч бий. Харин NBA-ээс Тре Янг, Жа Морант зэрэг харж, даган дуурайхыг боддог залуу тоглогчид байгаа.

МОНГОЛЫН ДЭЭД ЛИГТ ТОГЛОСОН СЭТГЭГДЭЛ?

-Миний хувьд 2015 онд гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийнхаа дор “Их өргөө аравтууд”, “Хан талстын ирвэсүүд” багт тоглож байлаа. Тухайн үед 17 настай дөнгөж нэгдүгээр курсын оюутан хүүхэд багт ороод сандрал ихтэй л байсан. Ах нар маань их нээлттэй, ойр байдаг байсан. Миний санаанаас гардаггүй нэг тоглолт байдаг юм. Талбайд гаргана ч гэж бодоогүй байхад багш “Баясаа” гэж дуудаад л. Нэг жаахан хүүхэд яахаа мэдэхгүй сандарч байлаа. Бэлтгэл ч үр дүнгээ өгсөн байх. Нэг легионер тоглогчийн өөдөөс довтолгоогоо алдаатай болгоход багийн ах нар маань намайг тэвэрч байсан нь их дурсамжтай мөч. Ерөнхийдөө тэр үеэс хойш бэлтгэлээ чамбай хийхийг хичээдэг болсон.

Багш ч хэлдэг байсан. “Чи бэлтгэл дээрээ юу чадахаа хийвэл тэр чинь тоглолт дээр үр шимээ өгнө” гэж.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН?

-Дурсамжтай гэвэл маш олон байгаа. Би Монголоос Тайваньд очоод нэг зүйлийг мэдэрсэн. Энд дурсамжтай тэмцээн гэвэл ямар нэгэн шагналт байранд орсныг л хэлэх байх. Харин Тайваньд нэг зүйлийн төлөө зориод байнгын бэлтгэлтэй байдаг учир тэмцээн бүр л дурсамжтай. Тэмцээн бүрийн ямар ч үр дүнгийн ард өмнө нь гаргасан хөлс хүч, хэдэн зуун цагийн бэлтгэл байж байдаг. Хожсон ч, хожигдсон ч эргээд харахад дурсамж үлдчихсэн байдаг. Тэгэхээр маш олон дурсамжтай тэмцээн бий.

ШИГШЭЭ БАГТ ДУУДАГДАХ МЭДРЭМЖ?

-Тайваньд очих болсон шалтгааны минь нэг нь Монголынхоо өмсгөлтэй тоглох. Энэ бол нэр төрийн хэрэг. Надад итгээд шигшээ багт дуудсанд баярласан. Мэдээж зорилго байсан. Ах нараас өөр газар, өндөр түвшинтэй улсад хичээллэж, суралцаж байсан ч тэд нараасаа сурах зүйл маш их бий. Ах нар маань гадаадаас ирсэн Н.Батбаяр, Ш.Энхийн-Од бид гурвыг гоё нээлттэй хүлээн авч, зааж зөвлөх үедээ зааж, сонсох үедээ сонссон. Гоё мэдрэмж байсан.

ТАМИРЧИН-ОЮУТНЫ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

-Бүхэлд нь яривал их уйтгартай. Нэг хэвийн амьдралаар 4-5 сар амьдардаг ш дээ. Өглөө 06:30 цагаас бэлтгэлтэй учир 06:00 гэж босно. Бэлтгэл 08:00 гэж тарсны дараа өглөөний цайгаа уугаад 08:30 цагаас хичээлтэй бол хичээлдээ сууна. Өдөр нь сургууль дээр хичээлтэй өнгөрөөд орой 17:30 цагт оройны бэлтгэлдээ орно. Бэлтгэл 20:00 цаг гээд дуусна. Тэгээд оройн хоолоо идээд л амарна. Ийм л циклиэр таван сар ч явах үе байна. Нэг бодлын уйтгартай.

Нэг удаад нэг циклиэр яваад амжилтад хүрвэл дараа нь түүнийгээ давтах зуршилтай болчихдог юм байна лээ. Тийм учраас эхэндээ уйтгартай гэж боддог байсан ч ирээдүйн том зүйлийн төлөө бэлдэж байсан учир тэрэндээ бүр дасчихсан, амьдралын хэв маяг болчихсон.

ТАЙВАНЬ БОЛОН МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ЯЛГАА?

-Том ялгааг нь харж авсан. Гэхдээ улс орон бүрийн амьдралын хэв маяг нөлөөлдөг байх. Тайваньд бага наснаас нь эхлээд яг нэг системээр бэлддэг. Харин Монголд арван жилийн хүүхдүүдийг жаахан болохоор нь тэгдэггүй юм шигээ. Тайваньд арван жилийн сурагчид багаараа байрлаад өдрийн хоёр бэлтгэл хийнэ. Зал, сургууль нь ойрхон болохоор амар. Манайд тийм орчин нөхцөл байхгүй. Бэлтгэлдээ бас хичээлдээ явна, гэртээ харина. Боломж бага. Тайваньд аливаа юмыг томоор, холуур хардаг. Тогтсон нэг лиг жил бүр болдог. Монголд арван жилийнхний дунд тогтсон лиг алга. Хэзээ, ямар тэмцээн болох нь мэдэгддэггүй. Тэмцээн боллоо гэхэд сарын өмнөөс бэлдээд л дууссаны дараа бэлтгэлээ больчихдог. Нэгэнд нь тогтсон тэмцээн байдаг учир тогтмол бэлтгэлтэй байдаг. Харин нөгөөд нь тогтсон лиг байхгүй, хүүхдүүд нь юунд бэлдэхээ мэддэггүй.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Спорттой холбогдоогүй байсан бол би ер нь аавыгаа дагах байсан байх. Манай аав дизайнер хүн. Тиймээс компьютертэй ойр хүн байх байсан болов уу. Магадгүй программист ч юм уу? Дизайнер чиглэлээр явах байсан байх.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Саяхнаас л чөлөөт цагтай болж, амарч байна. Монголд ирсэн ч шигшээ багийн бэлтгэл гээд завгүй байлаа. Багаараа байрлачихсан байсан учир гэр бүлийнхэнтэйгээ ч цагийг өнгөрүүлж чадсангүй. Одоо л найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байна. Хэсэг амарч байгаад явна даа. Чөлөөт цаг гарвал ихэвчлэн л амардаг даа.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Манайх ам бүл тавуулаа. Би доороо хоёр охин дүүтэй. Найз охинтой. Манай аав, ээж хоёр залуу хүмүүс байдаг. Намайг юу ч хийсэн байнга дэмждэг. Сагсан бөмбөг тоглолоо гээд хорьж байсан удаа байхгүй. Манай дүү нар ч надаар бахархдаг гэдгийг нь сонсоод урам зориг авч, бэлтгэлээ эрч хүчтэй хийдэг. Миний одоо ингэж яваагийн шалтгаан нь ард байдаг хүмүүстэй минь нягт холбоотой.

Манай том дүү одоо таеквондогоор хичээллэж эхэлж байгаа. Ахыгаа дагаад спортын хүн болно гэж ярьдаг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Мэдээж Тайванийн мэргэжлийн гэх статустай лигт тоглох. Энэ миний хүсч, мөрөөдөж ирсэн зүйл дээ. Ерөнхийдөө гурван багаас санал ирсэн байгаа. Зургадугаар сарын дундуур яг эцсийн байдлаар багаа сонгоно.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Өөрийн хамгийн сайн чаддаг, байнга давтдаг зүйлээрээ хамгийн өндөр оргилд нь хүртэл, эцсийг нь хүртэл явах. Мөн тэр мэдсэн, сурсан зүйлээ дараа нь хойч үеийнхээ дүү нарт, Монголын сагсан бөмбөгт түгээж, зааж өгөх мөрөөдөлтэй. Өөрөө ганцаараа тэр өндөрлөгт хүрээд болих биш давхар дүү нартаа, хойч үедээ тусламаар байна.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Хүн бүрт зорьсон, мөрөөдсөн зүйл бий. Тэр бүхнийхээ төлөө тууштай байвал амжилтад хүрнэ. Миний ганц өөртөө хэлдэг үг бий. Чи яг нэг тууштай байгаад сэтгэл зүрхээ зориулж чадвал хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэнэ. Үүнийг л үеийн залуустаа хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж