Залуус ЭМД-аа төлөөгүйгээс эрт илрүүлэгт хамрагдахгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Залуус ЭМД-аа төлөөгүйгээс эрт илрүүлэгт хамрагдахгүй байна

Залуус ЭМД-аа төлөөгүйгээс эрт илрүүлэгт хамрагдахгүй байна

Монгол Улсын иргэн бүр халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн дугаарын сурвалжлагаа эрт илрүүлгийн явцын талаар бэлтгэлээ.

Эрт илрүүлэг багц шинжилгээнд иргэдээ насны бүлгээр эрэмбэлж тус бүрт нь тохирох зургаан багцыг гаргасан. Үүнд, 0-17 насны хүүхдүүдийг сум орон нутаг болон өрхийн эмнэлэгт үзүүлэхээр хуваарилсан.

Харин насанд хүрсэн болон ахмад настай иргэд дөрвөн төрлийн багцад хамрагдан аймаг, дүүргийн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамрагдахаар болсон. Түүнчлэн өрхөөс ирсэн иргэдийн судалгаанд үндэслэн насанд хүрэгчдийг дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэх үздэгт хамруулж буй. Эрт үзлэгийн дөрвөн төрлийн багцын тариф харилцан адилгүй. Тодруулбал, 30-45 насны багц 600 мянган төгрөг, 46-61 насны багц 130 мянган төгрөг зэргээр тухайн багцад ямар оношилгоо шинжилгээ багтсанаас шалтгаалан ялгаатай. Мөн 2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжгүй билээ.

 “ЗАЛУУС ЭМД-АА ТӨЛӨӨГҮЙГЭЭС ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Эрт илрүүлгийн явц, хамрагдалтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийн дэмжих төвийг зорилоо. Үдийн 15.00 цаг байсан учир үзлэгийн өрөө хүнгүй шахам байлаа. Тус төвд ЭМЯ-аас хуваарилсны дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хороодын иргэдийг үзэж байна.

Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Э.Баяслангаас тодрууллаа.


-Эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрт илрүүлэг санасан хэмжээнд сайн явагдахгүй байна. Энэ нь дараах шалтгаантай. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ходоодны дурангийн ачаалал ихтэй учраас дурангийн багцын иргэдийг харьцангуй бага авсан. Ер нь 18-30 насны иргэдийг түлхүү авах зорилготой байсан. Тэгтэл 18-30 насны залуусын хамрагдалт бага байна. Өнөөдрийн байдлаар манайд хамрагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь 40-өөс дээш насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ хомсдолтой холбоотой гэсэн үг. Хоёрдугаарт, залуус мэдээлэл дутуу, мөн эрүүл мэндийн даатгалаа бүрэн бөглөөгүйн улмаас үзлэгт хамрагдах нь бага байна. Жишээлбэл, манайд хамрагдаж буй Чингэлтэй дүүргийн 17,19 дүгээр хороо зуслангийн бүсэд хамаарагддаг. Зуслангийн бүсэд хамаарч байгаа учраас ЭМД төлсөн залуус ховор байдаг юм уу гэдэг зүйл ажиглагдаад байна. Мөн урилгаа авсан ч гэсэн ирж үзлэгт орохгүй байна.

-Эрт илрүүлгийн үр дүн ямар байна вэ?

-Үзлэгт хамрагдсан иргэдийн сэтгэл өндөр байгаа. Манай эрүүл мэндийг дэмжих төвд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар ирж үзлэг, шинжилгээ оношилгоо хийдэг. Үзлэгт орсон иргэдээс янз бүрийн асуудал илэрч байна. Тухайлбал, ходоодны үрэвсэл, ходоодны хавдар, бөөрний өвчлөл, эрэгтэй хүмүүст дийлэнх нь хоол боловсруулах замын өвчлөл илэрч байна. Ер нь ихэнх үзүүлж буй хүмүүсийг анзаарахад дийлэнх нь 40-өөс дээш насны хүмүүс 75-80 хувь нь байна.

-Шинжилгээний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Залуучуудын хувьд хандаж хэлэхэд эрт илрүүлэг бол улсаас өгч буй маш том боломж юм. Энэ боломжийг ашиглаж урьдчилан сэргийлэх үзлэгтээ орооч ээ. Ингэснээр өөрийгөө болон гэр бүл, ах дүү, найз нөхдөө эрсдэлээс хамгаална. Яагаад гэвэл тухайн хүн өвчилснөөр эрүүл мэндээс гадна, эдийн засгаар хохирдог. Тиймээс урьдчилан сэргийлж эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулснаар үр дүнтэй болно. Үзлэгээр БЗХӨ, ДОХ, элэгний В,С вирус үзэж байна. Эрт илрүүлэг үндсэн зургаан багцаар явж буй. Хоёрдугаар шатлалын эмнэлгээс авахуулаад лавлагаа шатлалын эмнэлгээр 18-аас дээш насны хүмүүсийг хамруулж байна. Мөн 18-аас дээш насны иргэдийг насны байдлаар дөрвөн бүлэгт хамруулсан.

"ХОРООНООС ҮЗЛЭГИЙН ХУВААРИЙГ ГАРГАДАГ"

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилготой энэ үзлэгт иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зааварлаж байгаа аж. Урилгаа авсны дараа дүүргийн эмнэлэг дээрээ очиж шинжилгээ өгөх юм байна. Хан-Уул дүүргийн…тоот хорооны иргэн Б.Уртнасан тус хорооноос “Шинжилгээнд хэрхэн хамрагдах уу, утсаар мэдээлэл ирнэ гэж ойлгосон, өрхөөс утсаар мэдээлэл ирэхийг нь хүлээх үү, өөрсдөө очиж цаг авах уу” гэж хорооноос лавлалаа.

Хариуд нь хорооноос өгсөн мэдээллээр эрт илрүүлэгт хамрагдахдаа “Танд өрхийн эмнэлэг, хорооноос урилга утсаар болон цаасаар очно. Та тухайн урилгын дагуу насныхаа багц үзлэгт хамрагдана. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалаа заавал сүүлийн гурван жил төлсөн байх, эрт илрүүлэг үзлэг бүтэн жилийн хугацаанд явах тул дарааллын дагуу оочир үүсгэхгүй үйлчлүүлнэ үү” гэв.

Өрхийн эмнэлэг, хороодууд дээр 18-30 насны залуус эрт илрүүлгийн үзлэгт идэвх муутай хамрагдаж байгааг ажилтнууд хэлж байна. Тухайлбал, үзлэгт 40-65 насныхан идэвх сайтай хамрагдаж байгаа бол залуус мэдээлэл дутмаг байгаагаас хамрагдалт бага байна гэдгийг албаныхан тайлбарлав. Түүнчлэн 18-30 насныхан эрт илрүүлгийн үзлэгээр хоол боловсруулах замын өвчлөл их байгаа аж. Мөн тэмбүү өвчний үзлэг шинжилгээний багцад багтсан учир тэмбүүг эрт илрүүлэх боломжтойг хэлж байлаа.

Өөр нэгэн иргэнээс тодруулахад хүүхдийн үзлэгт сэтгэл дундуур байгаагаа хэлж байв. Тэрбээр “Нэгэнт улс даяар өрнүүлж байгаа аян байж дорвитойхон шиг эцэг эхчүүд тэр бүр хүүхдээ үзүүлж чаддаггүй, боломж нь олддоггүй томографи ч юм уу, үгүй ядаж шээс цусны дэлгэрэнгүй, эрдсийн шинжилгээ авчихаж болохгүй юу. Тэгж байж л хүүхдүүдийн далд байгаа өвчнийг эрт илрүүлнэ. Тэрнээс хүүхдийнхээ өндөр жинг мэдэхгүй, шүдэнд нь анхаардаггүй ээж бараг байдаггүй” гэдгийг учирлав.

Өөрөөр хэлбэл, сар гаруй хугацаанд үргэлжилж буй эрт элрүүлгийн үзлэгт эцэг эхчүүд сэтгэл дундуур байгаагаа хэлж буй. Иргэдийн хэлж байгаагаар үзлэгээр хүүхдийн амны хөндий, биеийн халууныг үзээд, зовуурь асуугаад гаргаж байгаа гэв.

Баянгол дүүргийн…тоот хорооны өрхийн эмнэлэгт хүүхдүүддээ дагуулж, эмнэлгээр явснаар  дүүрэн ханиад томуутай хүүхдүүдийн дунд орж, өвчин тусах нь их байна гэж бухимдаж байлаа. Хоёр хүүхдийн ээж хэлэхдээ "Мэдээллийн хэрэгслээр яваад байсан бүх үзлэгийг хийхгүй байна. Ерөнхий амны хөндий үзлэг, нүдний хараа, биеийн өндөр жин үзэж байна. Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ханиадтай байна. Миний хувьд 20-30 насны үзлэгт орж байгаа. Бага насны хүүхдүүдийг үзлэгийг бодвол илүү нарийвчилсан үзлэг байх шиг байсан. Яаж, ямар шат дараалалтайгаар хаана үзэх нь тодорхойгүй байна" гэв.

Өөр нэг ээжийн хувьд эмх цэгцгүй байгааг шүүмжлэв. Тэрбээр ханиадтай хүүхдүүдээ тусад нь үзэх шаардлагатай байгааг ярьж байсан юм. Учир нь үзлэгт ирсэн хүүхдүүд ханиадтай хүүхдүүдтэй оочерлоод ханиад авах магадлал өндөр байгаа аж. Түүнчлэн  боломжтой бол утсаар цаг өгөөд яг цагаараа үзвэл үр дүнтэй байгааг тэрбээр онцоллоо. Эцэг, эхчүүдийн хувьд ажлынхаа хажуугаар хүүхдээ үзүүлж байгаа учраас цаг завын хувьд хүндрэлтэй асуудал их байгааг учирлана. Өөр нэг иргэний хувьд цаашдаа хоёр дох шатны эмчилгээ хийх ажлыг хэрхэн яаж зохион байгуулах тал дээр анхаарвал сайн байна гэх саналаа илэрхийлсэн юм.

ӨДӨРТ 50-60 ХҮНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Энэ эрсдэлд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1.5 дахин их гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр “Урьдчилан сэргийлэх эрт үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Энэ нь өөрөө үзлэг оношилгоо илүү чанартай хүртээмжтэй байх үүднээс хуваарилалт хийсэн. Яагаад гэхээр эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Үүнээс үүдэн 40-60 хүн өдөрт үзнэ гэж эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгсөн. Энэ нь илүү чирэгдэлгүй байх талыг бодолцон үзсэн” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн хэлснээр "2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд аль хорооны иргэдийг хаана хамруулах төлөвлөлт хийсэн. Иймд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллага дээр очиж шинжилгээнд хамрагдана.

Өөрөөр хэлбэл, урилга ирсэн, товлосон өдөртөө очиж шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг зүйл тодруулж хэлэхэд, тухайн иргэний цөс, ходоод өвдөх гэх мэтчилэн бие тавгүйрхэх буюу эрүүл мэндийн тусламж авах шаардлага гардаг.

Энэ үедээ товлолоос урдуур орж үзлэг шинжилгээ хийлгэх боломжгүй. Эрүүл мэндийн төвүүдийн үндсэн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул тусламж үйлчилгээгээ аваад явна. Харин урьдчилан сэргийлэх багц шинжилгээ бол тусдаа" гэдгийг хэлж байсан юм.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж