Тийн ялагч, тийн урвагч

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Тийн ялагч, тийн урвагч

Тийн ялагч, тийн урвагч

Эрээний хил дахин хаагдлаа. Үнийн өсөлт үргэлжлэх нь тодорхой болов. Дээр нь цахилгааны төлбөрөө даалгаж байсан бид өчигдрөөс өөрсдөө төлөхөөр боллоо. Наадам, хичээлийн шинэ жил, ёолк гээд нэг л мэдэхэд ипотекийн зээлээ та төлж эхэлнэ. Малаа, махаа ч монголчууд мэдэхээ байв. Шарил муутгадаггүй бодис ашиглан муудсан мах монголчуудад зарж байсан хятадын гэх компанийн эзэн нь тэднээс болгоомжлохыг анхааруулж, монголчуудын айдас дээр тоглогч асан төрийн тэргүүний дүүгийн талаар дээр, дооргүй шуугиж байна. Монголчуудад өөдтэй үзүүлэлт тун чиг ховор. Ажлын байр маань тэсч үлдэх үү, авдаг цалин амьдралд хүрэлцэх үү гэдэг томоос том асуултын тэмдэг бий болсон түүнд хариулт өгөх хүн лав төр засагт алга. Монголчуудын гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт хүрсэн талаарх шуугиан улаан махны хэрүүлд дарагдав. Мордохын хазгай гэгчээр энэ их ар араасаа хөврөх муу мэдээ хаанаас ундарна вэ?

ТИЙН ЯЛАГЧ

УИХ-д бүлэггүй болох шахам бүдэрсэн зүүнтнүүд дөрвөн жил завсарлахдаа эрх баригчдыг зад/өөрсдийнх нь хэлдгээр/ шүүмжилсээр төрд  эргэн ирсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлээд “Энэ Чингис бондын зөвхөн хүүнд өдөрт 280 сая төгрөг буюу жилд 300 цэцэрлэг 100 дунд сургууль барих хэмжээний мөнгийг зүгээр төлж байна. Хоёр хоногийн өмнөөс "Самурай" бонд гэгч өрийн бичгийг дэлхийн зах зээл дээр арилжаалж эхэллээ.  Монгол Улс өнөөдөр найман тэрбум ам.долларын их өртэй болжээ. Монголын иргэн бүр, бүр эхээс төрж байгаа нялх хүүхэд хүртэл өнөөдөр 5.6 сая төгрөгийн өртэй төрж байна” хэмээх 17 боодол төгрөгийг ам.доллартай харьцуулан түүхэнд үлджээ. Тухайн үед ийм байдлаар л эрх баригчдаа шүүмжилж, эрх мэдэлд хүрсэн юм. Харин төрийн эрхийг авмагцаа тэд шүүмжлээд байсан эрх баригчдаасаа долоо дордуулжээ. Гоочлоод байсан бонд хасагдах бус нэмэгдсэн, цэцэрлэг сургуулийн оронд хөшөө босгосон, нураасан, найман тэрбум ам.долларын өр даруй дөрөв дахин, нэг хүнд ногдох өр 6-7 дахин нэмэгдсэн, ам.доллар 30 боодол нэг төгрөгтэй тэнцжээ. Зөвхөн уран үгэнд дурдагдсан үзүүлэлтийг харьцуулахад энэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын гадаад өр аюулын харанга дэлдэж байна” гэдгийг сануулав. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байгааг тэрбээр дуулгав.

Дээр нь банкаар дамжуулан олгодог байсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан зээлийг яамны мэдэлд болгож хууль батлагчдаас эхлээд бултаараа булаан дээрэмдэж, булайгаа дэлгэсэн ч хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрөв. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт нь нүүр хийх газаргүй болгосон ч бүх бурууг өмнөх эрх баригчид руугаа чихэж, өөр нэгэн мэргэн санаа олсон нь “АН засаг барьж байсан бол ангал руу унагах байсан” гэх үлгэр зохиож, ковидыг ялан дийлсэн баатрын дүрээр биесээ тодруулж, тэрийг нь шоолсныг доромжилж, даган баясгасаар дахин сонгогдсон. Гэтэл гайхуулаад байсан үзүүлэлт нь шаазан ваар шиг хөндий байж, цар тахлаар мянгаар тоологдох хүн цааш харж, эдийн засаг 1990-ээд оны байдалд ортлоо уруудаж, хасах үзүүлэлт гарчээ. Үүний буруутан нь эрх баригчид бус цар тахлын давагдашгүй хүчин зүйл, Орос Украины асуудал, явж явж ард түмэн болохыг бичигчийн бичиглэлээс бус Ардын намын амнаас нь арван хуруундаа багтахааргүй сонссон буй зай. Тэд тийн ялагч бол хохирогч нь хэн бэ?

ТИЙН УРВАГЧ

Бондыг “Өр өр” гээд байсан нөхдүүд өөрсдөө бондыг бондоор л төлөх мэргэн санаа бодож олсон. Өрийн бичгийг өргөсгөн, бүр зузааруулна л гэсэн үг л дээ. Муу нэр, луу данстай /данстай байгаа эсэх нь ч эргэлзээтэй/ АН эрх барихдаа “Чингис” бондыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор гаргасан бол “Дим сам”, “Мазаалай” бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номадс”, “Синчири “ бондуудыг өмнө гаргасан Засгийн газрын болон Хөгжлийн банкны үнэт цааснуудыг дахин санхүүжүүлэх зорилготой арилжаалжээ.

Тэгвэл өнгөрсөн сарын 21-нд дахин гэнэтийн бэлэг барьсан нь Засгийн газар олон улсын зах зээлд шинэ бондын танилцуулга хийх болсон тухай мэдээлэл улсын санхүүгийн сэтгүүлд дурджээ. Шинэ бондын санхүүжилтээр юу хийх вэ гэж үү? 2021 онд барагдуулах “Мазаалай” бондын өрийг төлөхөд зарцуулна.

Эрх баригчид өмнөхөө шүүмжилсэн шигээ байсангүй. Өөрсдийнхөө ярьсан, хэлснээсээ ч буцаж, үзэл бодлын хувьд 360 хэм өөрчлөгдөж, өрөнд бариулж, сонгогчдоосоо урвасан юм. Сунайсан зургаан жил төр барихдаа бурууг бутарч хуваагдсан нам руу чихэж, болохгүй бол иргэд рүү бухаж л өдийг хүрэв. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр вакцинаа авчих мөнгөгүй байж үнэгүй олсон вакциныг иргэдэд тариулахыг тулд бэлэн мөнгө тарааж, өчнөөн үйлдвэр босгох Оюутолгойн татварын мөнгийг сонгуулийн шоу болгон тарааж, ахмадын зээлийг тэглэж, аваагүйд нь ваучер бэлэглэж, Ардын нам ард түмнээсээ урвасан юм. Хэдийгээр ард түмэнд мөнгө өгөөд байгаа мэт боловч тэр эдийн засагт аюултай бөмбөг болж, үнийн өсөлтийг үйлдвэрлэгч, өрсөлдөх чадварыг үгүй хийж, түүхий эдээ боловсруулах үйлдвэр барих үйл явцыг улам л хойшлуулан хорлосоор байна. Үр дүнд нь монголчууд өөрсдөө ч махаа бэлтгэж, угаах чадваргүй болжээ.

Үүгээр зогсохгүй үе үеийн залуусын мөрөөдөл болсон бага хүүтэй зээлээр байртай болох хүслийг ч эрх баригчид үгүй хийх нь. Цар тахлын үед ипотекийн зээлийн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр 2020 оны хоёрдугаар сараас нийт таван удаа хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Хэдий иргэдийн төлбөрийг хойшлуулсан ч МИК нөөц сангаас  бондын купоны (333 тэрбум төгрөг) төлбөрийг Монголбанк болон бонд эзэмшигч нарт төлсөөр байна. Нийтдээ 49.4 мянган өрхийн 168 мянган иргэний авсан 2.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшилжээ. Энэ шийдвэр 2022 он дуустал ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр үргэлжилнэ. Харин зээлийн эргэн төлөлтийг үндсэн төлбөр болон хүүтэй нь хойшилснаар тухайн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас эзэмшигчдэд төлөх төлбөрийг МИК өөрийн нөөц сангаас төлсөөр байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар МИК нөөц сангаасаа бонд эзэмшигчдэд хүүгийн төлбөрт нийт 333 тэрбумын зардлыг гаргасан байна. Ипотекийн зээлийн төлөлт хойшилсон ч бонд эзэмшигчдэд эх үүсвэр татсан хүүгийн төлбөр төлсөөр байгаа юм байна.

Үүний гайгаар МИК шинээр ипотекийн зээлийг банкуудаас худалдан авах эх үүсвэргүй болж байгаа төдийгүй эрсдлээс хамгаалах нөөц сангаа хоосолж байна.

Нэгэнт эх үүсвэр муудсан учраас шинээр ипотекийн зээл олгохгүй гэсэн үг. Ингэж л залуусыг засаг нь хорлож байна. Үүнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлийг тооцоолж, бодлогоор сөрөх ёстой төв банкийг засаг нь өвөртөө оруулчихлаа. Эдийн засагчид анхааруулсаар байтал мөнгө хэвлэж муудсан эдийн засгийг муужруулахаас өөр дорвитой бодлогыг Монгол банк хийсэнгүй. Гэтэл бид ардын хувьсгалын 100 жилийн ойг нөхөн тэмдэглэх гэж байна. Монголчуудын муулсаар ирсэн, Даашинхүүгийн /Да Шен Куй/ пүүс мөнгө хүүлж байсан ч өнөөгийн банкны хүүнээс бага байсныг эргэн бодууштай. Зуун жилийн өмнө Манжийн элдэв татвараас болж монголчууд Хятадын пүүсээс арга буюу зээл авдаг байсан бол өнөөдөр ОУВС-гийн шахалтаар татвар нэмэгдүүлэн, бодлогын хүүгээ өсгөж, иргэдээ өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй байдал руу түлхэж байна. Зүүнтнүүдийг 100 жил дагаад бахь байрандаа баахан хий эргэжээ.

Зуун жилийн өмнө төмөр зам, цахилгаан, дэд бүтэцгүй, модон жорлонтой байсан. Одоо ч өөрчлөгдсөн юм алга, тэр янзаараа. Ингээд байгаад л байх хэрэг үү? 101 жилийн өмнө Барон Унгернаас хүрээг чөлөөлсөн гэх улаан арми хүрээнд орж ирэхдээ барууны үзэлтэй "болдоггүй" нөхдүүдийг хамгийн түрүүнд барьж хорьсон баримт бий. 100 жилийн дараа барууны үзэлтнүүд бас л гадуурхагдах маягтай, наадмын өмнө тэднээс хэнийг хорих бол?!

Эцэст нь нэгэн үгийг энд эшлэе. Бичигч бус Чингис хаан хэлсэн гэнэ лээ.

Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж