Хойд Солонгос: Цар тахлын нууц

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: Цар тахлын нууц

Хойд Солонгос: Цар тахлын нууц

Хойд Солонгост  анхны Covid-19 бүртгэгдсэнээс  хойш гурван долоо хоног өнгөрчээ.  Засгийн газар дэгдэлтийг хяналтандаа авсан гэж мэдэгдэж байгаа ч нарийн ширийн зүйл нь нууц хэвээр байна. "ВВС" Хойд Солонгост амьдарч буй хүмүүстэй холбоо барьж, олон нийтэд нээлттэй эх сурвалжуудыг ашиглан мэдээлэл цуглуулсан байна.

ХОЙД СОЛОНГОС ДОТОРХ ДУУ ХООЛОЙ

Ким Хван Сун Сөүл дэх гал тогооны өрөөндөө ганцаараа сууж байтал утас нь дуугарав.  Энэ нь түүний Хятад брокер байв.  Тэрбээр брокероор дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярилцдаг аж.

Хван Сун Хойд Солонгосоос ганцаараа зугтаад 10 жил болжээ.  Түүний хоёр хүүхэд, ач зээ нар, 85 настай ээж нь бүгд төрөлх нутагт нь  байгаа бөгөөд тэдэнтэйгээ  хэзээ нэгэн цагт уулзах  итгэл найдвараа алдсан байна.

Эдгээр нууц утасны дуудлага нь тэдэнтэй харилцах цорын ганц зүйл юм.  Тэднийг яриаг сонсож байх магадлалтай тул  хэт их зүйл асуухгүй байхыг илүүд үздэг аж.  Тэрбээр утсаар таван минутаас хэтрэхгүй гэрийнхэнтэйгээ холбогддог байна.

Кимийн ярьснаар засгийн газраас гаргасан мэдээлэл нь урьд өмнө хэзээ ч байгаагүй алхамаар вирус тус улсын бүх мужид хурдан тархсан байна.

"Тэд надад маш олон хүн халуурч өвчилсөн гэж хэлсэн" гэж Ким Хван Сун хэлэв.

"Үнэхээр муу байгааг би мэдэрсэн. Хүн бүр тааралдсан хүнээсээ эм гуйж алхаж байгаа гэсэн. Хүн бүр халуунаа бууруулах зүйл хайж байгаа ч хэн ч ямарч эм тан олж чадахгүй байна" гэв.

Ким нутагт нь хэдэн хүн үхэж байгааг асууж зүрхэлсэнгүй.  Хэрэв үхлийн тухай ярьж байгааг тагнуулын системээр сонссон бол энэ нь засгийн газрыг шүүмжилж байгаа гэж ойлгогдох бөгөөд тэрбээр гэр бүлээ алдахвий гэж эмээнэ.

Одоогийн байдлаар нийт хүн амын 15 орчим хувь нь албан ёсны мэдээллээр халуурч өвчилсөн байна.  Гэхдээ тус мэдээлэл нь дутмаг судалгаан дээр тулгуурласан тул бодит тоо өндөр байх магадлалтай. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эм тарианы хомсдол байгааг хүлээн зөвшөөрч, армид нөөцөө тараахыг тушаасан аж.

Хойд Солонгосын эмнэлэг, эмийн сангуудаар олон жилийн турш ямар ч эм, тан байгаагүй гэж Хван Сун хэлэв.  Эмч нар эмийн жор бичдэг ч гэлээ шаардлагатай зүйлээ гэрээсээ шууд зардаг хүнээс эсвэл орон нутгийн захаас худалдаж авах нь өвчтөний хэр их мөнгөтэйгөөс л хамаардаг байна.

“Хэрэв танд хагалгаанд ороход мэдээ алдуулах эм хэрэгтэй бол зах дээр очиж авч, эмнэлэгт авчрах хэрэгтэй” гэж тэрбээр хэлэв.

"Гэхдээ одоо захын худалдагчдад хүртэл ямар ч эм байхгүй" гэж нэмж хэлэв.

Ар гэрийнхэн нь түүнд засгийн газар нарсны навчийг буцалгаж, хольцыг нь уугаарай гэж зөвлөсөн талаар ярьжээ.  Мужийн мэдээллүүд шинж тэмдгийг арилгахын тулд давстай усаар зайлахыг мөн зөвлөсөн байна. Умард Солонгосын тосгонд 2001 оноос хойш, Юнисефэд ажиллаж байсан доктор Наги Шафик "Тэдэнд эм байхгүй үед уламжлалт анагаах ухаан руу шилждэг" гэж хэлжээ. Түүнийг хамгийн сүүлд буюу 2019 онд Хойд Солонгост ажиллаж байхад хүртэл эм хангамж муу байжээ.

Бараг бүх эмийг Хятадаас импортолдог бөгөөд сүүлийн хоёр жил хил хаасан нь нийлүүлэлтийг зогсоов. Хойд Солонгосын "Либерти" байгууллагын Сокеел Парк нь Умардаас оргосон хүмүүсийг өмнөд хэсэгт суурьшуулахад тусалдаг.  Түүний мэдээлснээр халууралтын эмийн үнэ тэнгэрт тулсан ба иргэд үхэхгүйн тулд тэнгэрт тулсан үнэ төлж байгаа аж.

УЛС ДАЯАРХ ХӨЛ ХОРИО

Цар тахал бүртгэгдсэн өдрөөс эхлэн засгийн газар үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохыг тушаажээ.  Энэ нь хоол хүнс авч чадахгүй байгаа хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв.  Наад зах нь зарим нь ажил, газар тариалан эрхлэхээр гэрээсээ гарах хэрэгтэй тул хоногийн хоолоо олох гэж сэтгэл зовниж байгаа аж.

Тиймээс зарим ажилчин анги хөл хориог эсэргүүцэн тариалан эрхэлж байна. Гэсэн хэдий ч халдварын түвшин өндөр байгаа газруудад, тэр дундаа нийслэл Пёньян хотод хүмүүсийг гэртээ байхыг тушаасан гэх мэдээлэл байна.


Сөүлд төвтэй "Daily NK" вэб сайтыг ажиллуулдаг Ли Санг Ён  Хойд Солонгос дахь эх сурвалжийн сүлжээтэй.  Хятадын хилийн Хисан хотод тавдугаар сард , хүмүүсийг 10 хоногийн турш гэрээсээ гарахыг хориглосон гэж тэрбээр хэлэв.  Хөл хориог цуцлах үед түүний эх сурвалжийн мэдээлснээр арав гаруй хүн хоол хүнсний хомсдолоос болж сульдаж, гэртээ тэжээлийн дутагдалд орсон  байдалтай олдсон байна.

Одоогийн байдлаар Хойд Солонгост өвчний улмаас 70 хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна.  Энэ нь Хойд Солонгосын Ковидийн нас баралтын түвшинг 0.002 хувьд хүргэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн бага үзүүлэлт юм.

"38 North" шинжилгээний платформын өгөгдлийг хянаж байсан Мартин Уильямс "Эрүүл мэндийн тогтолцоо муутай, хэн ч вакцинд хамрагдаагүй орны хувьд эдгээр тоо нь утгагүй юм" гэж хэлэв.

Тэрбээр өөр нэг хачирхалтай зүйлийг онцолжээ.

Цар тахлын улмаас нас баралт нь халдварын дараа хоёроос гурван долоо хоног үргэлжилдэг гэдгийг бид мэднэ. Тиймээс бид эдгээр тоо нь худлаа үзүүлэлт гэдгийг мэдэж байгаа ч яагаад гэдгийг мэдэхгүй байна" гэв.

Орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд үндэсний хэмжээнд буруу тайлагнаснаас гадна шийтгэл хүлээхээс эмээж хэдэн хүн нас барсныг үнэн бодит мэдээлэхээс айж байж магадгүй гэж тайлбарлав.

ОЛОН УЛСЫН ТУСЛАМЖ

Өнгөрсөн долоо хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо буурч, тус улсын төрийн сонинд эрх баригчид "вирусиын тархалтыг хянасан" гэсэн утгатай нийтлэл хэвлэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн хэвлэлийн бага хурал дээр эрүүл мэндийн яаралтай тусламжийн ажилтан доктор Майк Райан нөхцөл байдал "сайжрах биш улам дордож байна" гэж эмээж байгаагаа хэлэв.  Тэрбээр хэлэхдээ, Хойд Солонгос үнэн зөв мэдээлэлдээ нэвтрэх эрх өгөөгүй тул дэлхий дахинд зөв дүн шинжилгээ хийхэд маш хэцүү байна гэнэ.  Мөн тус байгууллага вакцин, тусламж илгээхийг олон удаа санал болгосон аж. Харин Хойд Солонгос хөрш Хятаддаа чимээгүйхэн найдаж байгаа бололтой.

Энэ нь Хойд Солонгост Өмнөд Солонгос болон АНУ эм тариа, вакцинжуулалт илгээх тусламжийн санал олон удаа тавьсан байна. Гэвч тус саналын хариуг одоо хүртэл өгөөгүй нь Хятадаас тусламж хүлээж буй горьдлого гэж ажиглагчид дүгнэв.

Хятадын гаалийн мэдээллээс харахад Хойд Солонгосын хөршөөсөө импортлох хэмжээ гуравдугаар  сараас дөрөвдүгээр сар хүртэл хоёр дахин өссөн байна.

Хэдийгээр хоёр жил хил хаасны дараах энэ жил импорт тогтмол нэмэгдэж байгаа ч сүүлийн хэдэн сарын хугацаанд импортын эмнэлгийн хэрэгсэл гэнэт нэмэгдсэн байна.

Хойд Солонгос дөрөвдүгээр сард Хятадаас 1000 агааржуулагч импортолсон нь тахал эхэлснээс хойшхи анхны багц гэж Хятадын гааль мэдээлэв.

Хятадын мэдээлэл дэх "агааржуулагч" гэсэн нэр томъёо нь бусад жижиг төрлийн хүчилтөрөгчийн эмчилгээний машинуудыг хэлдэг.

Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл Хойд Солонгос мөн есөн сая гаруй нүүрний маск худалдаж авсан байна.  Өмнөх хоёр жилийн хугацаанд Хятадын гаалийн мэдээлэлд нэг ч эмнэлгийн худалдан авалт бүртгэгдээгүй байсан юм.

Эх сурвалж: BBC, NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж