Цар тахал намжиж, Монгол Улс хэд хэдэн улс руу хилээ нээж, нислэгүүдийн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд монголчууд ч гэсэн олон улс орныг зорихоор визэнд орох нь нэмэгджээ. Тухайлбал, АНУ руу явах иргэдэд виз олгох цаг 2023 он хүртэл дууссан бол БНСУ руу явах иргэдийн виз авах цаг авах бол багадаа нэг сарын дараа олдох юм байна.
Эдийн засгийн хүнд цаг үе үргэлжилсээр буй өнөө үед үнийн өсөлт, авто замын түгжрэл, нийгмийн стресс, бухимдал, чанарын баталгаагүй ирээдүйн амьдралыг "тэвчигсэд" БНСУ хилээ нээхийг хүлээн өдөр хоногийг хүлээж суусан цаг саяхан. Зөвхөн Солонгос гэлтгүй, "Монголоос л гарч байвал хаашаа явсан яахуу .." гэсэн бодол тээж буй залуус ч их болж. Тиймээс бид гадаад улс руу зорчих гэж байгаа иргэдийн виз хүсэх хугацаа болон цаг авах зэрэг асуудлыг албаны хүмүүсээс тодрууллаа.
Солонгосын Гадаад явдлын яамнаас цар тахлаас үүдэн 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой Богино хугацааны (С-3) болон олон удаагийн (Multiple) визний хязгаарлалтыг цуцалж, виз олголтыг хэвийн болгох шийдвэрийг тавдугаар сарын 19-ний өдөр гарсан. Аяллын богино хугацааны (С-3) ангиллын визийг /2022.06.01/-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхэлжээ.
Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын хувьд ачаалал их байгаа бөгөөд гадаад паспорттайгаа өөрийн биеэр очиж цаг аван үйлчлүүлэхийг иргэдэд анхааруулж байна.
БНСУ руу явах иргэдийн виз мэдүүлгийн хүсэлт дараалалд орж нэг сарын дараа мэдүүлгээ өгөхөөр байна.
Харин 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн (Multiple) визийг сэргээж, хүчин төгөлдөр болсон бөгөөд визний хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой болж байгаа аж.
Монголчуудын хамгийн их зорчдог, виз мэдүүлдэг АНУ виз мэдүүлэг хамгийн их дараалал үүсчээ. Аяллын богино хугацааны визний мэдүүлэг 2023 оны есдүгээр сар хүртэл дүүрсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд яамнаас тодруулахад “Зөвхөн аяллын виз мэдүүлэх цаг 400 орчим хоногийн хугацааны цаг дууссан. Харин бусад төрлийн виз олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн оюутан солилцооны үйлчилгээ явуулдаг “Edu help” боловсролын агентлагаас мэдээлж буйгаар гэр бүл, сургалтын виз мэдүүлэг дараалалгүй байгаа аж.
Япон улсын хувьд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авахаа тавдугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн юм. Тодруулбал, 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Япон улсын хилээр орох зорчигчид Аялал жуулчлалын компаниар дамжуулан богино хугацаагаар зорчих иргэдийг шинээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.
Ингэхдээ виз мэдүүлэхэд Япон улс дахь хүлээн авах байгууллага (Аялал жуулчлалын компани) нь “Хүлээж авсан тодорхойлолт”-ыг виз мэдүүлэгч хүн бүрийн нэр дээр Япон улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас авах шаардлагатай бөгөөд тус ЭСЯ-наас “Хүлээж авсан тодорхойлолт”-ыг олгодоггүй болохыг анхааруулжээ.
“Хүлээж авсан тодорхойлолт”-гүй аяллын зорилгоор зорчих иргэдэд виз олгох боломжгүй юм байна.
Австрали, Япон, Англи улсуудын виз мэдүүлэг авах дараалал, материал бүрдүүлэлт хүлээн авах нь дараалалгүй байгааг Элчин сайдын яамдаас нь онцолж байна.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ