Ш.Мөнхцэрэн: Ахмад дайчдын мөнгийг завших боломж яаманд байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Ш.Мөнхцэрэн: Ахмад дайчдын мөнгийг завших боломж яаманд байхгүй

Төрөөс
ахмад дайчдад орон сууц олгох ажил үргэлжилж байна. Гэвч энэ нь тийм ч
амар хялбар бүтдэг зүйл биш аж. Төсвөөс хуваарилсан хөрөнгө дутах, байр
хугацаандаа ашиглалтад орохгүй удахаас гадна Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн яамны ажилтнуудыг дарамталсан тохиолдол ч цөөнгүй гарчээ.
“Төрийн хишиг” хэмээн байраа гүн хүндэтгэлтэй хүлээн авч байгаа ахмадууд
байхад байршлыг нь голж шилэх, хүүхдүүд нь ирж “түргэл, бушуул” хэмээн
айлгаж сүрдүүлэх, хуурамч бичиг баримтаар байр авахыг оролдох, дайн
тулал­даанд явах бүү хэл тухайн үед насанд ч хүрээгүй байсан зарим хүн
ирж байр нэхэх зэргээр “төрийг рекэтлэх” үзэгдэл тасардаггүйг яамныхан
хэлж байлаа. Ингээд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн
захир­гаа, удирдлагын газрын дарга Ш.Мөнхцэрэнтэй ярилцав. Тэрбээр тус
яамны төрийн нарийн бичгийн даргыг орлож байгаа ажээ.

-Ахмад дайчдад төрөөс орон сууц олгох ажлын явц ямар
байна. Нийт хэдэн ахмадыг хамруулж байгаа вэ?

-Энэ
ажлыг Барилга, хот байгуу­лалт, Батлан хамгаалах, Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн гэсэн гурван яам хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч
анх 2008 оны зургадугаар сард зарлиг гаргаж, ахмад дайчдад 35 сая
хүртэлх төгрө­гийн мөнгөн тэтгэмж, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон
сууцны дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарлиг гарсан өдрөөс хойш нас барсан
ахмад дайчдыг энэ дэмжлэгт хамруулахаар тэнд заасан байдаг. Тухайн үед
тойм судалгаагаар 1800 орчим ахмад дайчин байна гэсэн тоо гаргасан.
Бүтэн жил ажиллаж нарийвчилж гаргасан тооцоогоор нийт 1615 ахмад дайчин
байгааг тогтоосон. Өмнө нь ахмад дайчид сард 50 мянган төгрө­гийн
тэтгэмж авдаг байсан юм. Ерөн­хий­лөгчийн зарлигаар түүнийг 200 мянга
болгож нэмэгдүүлсэн. Ахма­дууд маань оролцсон дайныхаа төрлөөр бас
ялгаатай, 1939, 1945 оны хоёр дайнд оролцсон ахмад 33, 1939 оны дайнд
оролцсон мөн 33, 1945 оны дайнд оролцсон 1136 хүн байна. Одоо 1940-1948
оны баруун хилийн тулга­рал­тад оролцсон ахмадуудын мате­риалыг шалгаж
байна.

-Бэлэн мөнгөөр тэтгэмж олгож байсан уу?

-2009 оны эхээр 35 сая төгрөг бэлнээр олгож байсан. Гэтэл
үр хүүхэд нь мөнгийг нь хувааж аваад ахмадуудад хүртээхгүй байх зэрэг
хүндрэл гарч ирсэн. Байр авъя гэсэн ахмадуудад орон сууц олдохгүй тал ч
харагдсан. Нөгөө талаас Барилга, хот байгуулалтын яамнаас хүсэлт гаргаж
барилгын компаниудыг энэ ажлын хүрээнд дэмжээч гэсэн. Ингээд өнгөрсөн
оны долдугаар сараас шинэ журмаар ахмад дайчдад бэлэн мөнгө биш, зөвхөн
орон сууц олгохоор болсон юм. Долдугаар сараас тенде­рийн хороогоо
байгуулж аравдугаар сараас байраа хуваарилж эхэлсэн. Хоёр дахь тендерийг
арваннэгдүгээр сард зохион байгуулж арва­н­хоёр­дугаар сараас байраа
олгож эхлээд байна.

-Өнгөрсөн жил хэдэн төгрөгийг
энэ ажилд төсвөөс хуваарилсан бэ. Ер нь төсөв хүрдэг үү?

-Нийт 3,3 тэрбум төгрөг баталсан. Түүн дээр орон сууцны
дэмжлэг гэж 21 тэрбум төгрөг нэмж баталсан. Тэр мөнгөөр 600 гаруй ахмад
дайчныг орон сууцтай болгосон. Энэ онд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Түүндээ тохирсон тендер батлуулаад хэрэг­жүүлэх гэж байна. Түүгээр  285
байр авах ёстой. Түүнээс 140-өөд байр орж ирээд байна.  Цаана нь дахиад
24 тэрбум төгрөг хэрэгтэй. Төсвийн тодотгол дээр энэ асуудлыг оруулна.
Өндөр настай хүмүүсийн асуудал учраас аль болох яаравчлах хэрэгтэй
байна.

-Тодотголоор орж ирэхгүй бол яах вэ?

-Тэгвэл 600 гаруй хүний байрны асуудал дахиад л 2011 он
руу шил­жинэ. Сангийн яамыг л харж байна.

-Энэ ажил
хэзээ дуусах вэ?

-2011 онд дуусна.

-Байрыг нийслэлд өгч байгаа­гаас болж хөдөөгийн ахмад
дайчид чирэгдэж байна гэсэн яриа гарсан. Орон нутагт нь олгож болохгүй
юү?

-Аймгуудын Засаг дарга нар орон нутгаас нь байр
олгох боломжтой гэдэг ч ахмадуудын дийлэнх нь Улаанбаатарт авах
сонирхолтой байдаг. Орсон байрны хувьд сэтгэл ханамжтай байдаг.

-35 сая төгрөгийн байр гээд 27-28 саяын байр шахдаг, зөрүү
мөн­гийг яам завшдаг гэсэн гомдол гардаг юм байна. Зөрүү мөнгө гарвал
яадаг вэ, байран дээр нь нэмж олгоно гэж байх уу?

-Байрны
үнийг байршлаар нь зэрэглэдэг. Хямд байрыг өндөр үнээр авсан, зөрүү
мөнгийг завшсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Сайдын зүгээс тендерийг
маргаангүй, хэл үггүй хий гэсэн үүрэг л өгдөг. Хуулийн дагуу тендерийг
төсвийн ерөнхий менежер буюу төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэдэг.
Зөрүү мөнгө гарвал түүнийг орон сууцны эзэнд олгоно гэсэн зүйл байхгүй.
Зарлигт 35 сая хүртлэх төгрөгийн дэмжлэг гэж заасан байгаа. Заавал 35
сая төгрөг олго гээгүй. Байруудын үнэ хоорондоо гүйгээд таардаг. Аль том
квадраттай байрыг олгохын төлөө л бай­гаа. Заавал үнэ хямдыг авна гэсэн
шал­гуур байхгүй.  Яам тэр мөнгийг авах хууль эрх зүйн ямар ч
боломжгүй. Түүнийг ямар ч байгууллагаар шалгуу­лахад бэлэн байна.

-Танай ажилтнууд нэлээд да­рамт дор ажилладаг юм аа даа?

-Олон хүн төрийн хишиг гэж хүн­дэт­гэн хүлээж авдаг.
Гэтэл зарим ахмадын үр хүүхэд байдлыг ойлго­х­гүй, яамны ажилтнуудыг хэл
амаар доромжлох, ээлж дугаар нь болоогүй байхад дарамтлах, мессежээр
занал­хийлэх тохиолдол асар их байдаг. Авлигачин гэх зэргээр доромжлох
явдал байнга гардаг. “Байраа даруй өгөхгүй бол өрөөний чинь үүдэнд үхнэ”
гэж хэвтэх зэрэг хүнд асуудал их байдаг. Бид бол ээлж дараалал
гаргасан, түүнийхээ дагуу л явж байна. Хамгийн өндөр настайгаас нь
эхлээд олгож байгаа.

Сонин хэвлэлийн гүтгэлэг бас
нэлээд байна. Энэ бол тодорхой эзэнтэй, Хэнтий аймгийн Засаг дарга асан
С.Жаргал гэдэг хүн л дээ. Яаман дээр ирж хэл амаар доромжилсон явдал хэд
хэд гарсан.

-Ямар шалтгаанаар тэгдэг юм бэ?

-Хэнтийд барьсан байруудаас ахмад дайчдад худалдаж ав
гэдэг юм. Гэтэл байрыг тендерээр шалгаруулах ёстой. Хэрэв тендерт
шалгарвал байрыг авах бололцоотой, эрхийг нь танай аймагт өгнө гэдгийг
түүнд тайлбарласан. Түүнд л өсөрхдөг юм байлгүй дээ. Тэгээд л Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди байрны үнийн зөрүүг завшдаг гэсэн
яриа гаргаад байх шиг байна. Манай яамны зүгээс хууль, хяналтын
байгууллагад гомдол гаргаж үүнийг шалгуулахаар ярилцаж байгаа. Тэр хүн
банкинд 100 сая төгрөгийн өртэй гэж ярьсан. Тэр өрөндөө мөнгө олж
өгөхийн тулд сайдын талаар гүтгэлэг тарааж яваа болов уу гэж үзэж байна.

Д.Оюунцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж