Шулмын ангууч, чөтгөрийн өмгөөлөгч Камилла Васкес

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Шулмын ангууч, чөтгөрийн өмгөөлөгч Камилла Васкес

Шулмын ангууч, чөтгөрийн өмгөөлөгч Камилла Васкес

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Холливудын алдарт жүжигчин Жонни Деппийн хоёр өмгөөлөгчийн нэг болох үзэсгэлэнт Камилла Васкесийг онцолж байна. Амбер Хердтэй зургаан долоо хоног шүүхдэлцсэний эцэст Жонни Депп ялалт байгуулж, 15 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон. Түүний энэхүү ялалтад Камилла Васкес болон Бенжамин Чью гэх хоёр өмгөөлөгчийн үүрэг оролцоо, хувь нэмэр дэндүү их байсан билээ.


Хуулийн шонхор

Куба, Колумби эцэг, эхтэй Камилла 1984 онд Сан Францискод мэндэлжээ. Багын хирсүү, толгой сайтай охин 2006 онд Өмнөд Калифорнийн их сургуулийг олон нийтийн харилцаа, улс төр судлалаар, 2010 онд Лос Анжелес дэх Баруун өмнөдийн хуулийн сургуулийг тус тус төгссөн аж. Тэрбээр 2018 онд Браун Рудник компанид туслах өмгөөлөгчөөр ажилд орж, Жонни Депптэй учрах эхлэлээ тавьжээ.

Түүнийг шүүх ажиллагаа, арбитрын чиглэлээр мэргэшсэн гэж тодорхойлжээ.

Өмгөөлөгч бүсгүйн бага насны амьдрал төдийлөн нээлттэй бус. Харин 2021 онд “Best Lawyer” сэтгүүлээс Камилла Васкесийг оны онцлох өмгөөлөгчдийн нэгээр нэрлэжээ.

Тэр Жонни Деппийн эхний сонголт биш

Английн алдарт “Daily Mail” сонины мэдээлснээр, Жонни Депп анхандаа Кетлин Зелнер гэх хууль бус шийтгэлийг хүчингүй болгох чиглэлээр мэргэшсэн, оддын хуульчийг өөртөө ажиллуулах хүсэлтэй байжээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас энэ нь бүтээгүй аж. Ийнхүү Чью, Васкес нар алдарт жүжигчний хэрэг дээр хамтран ажиллахаар болж, бидний мэдэх түүх эхэлсэн байна.

Түүний ойр дотнын нэрээ нууцлахыг хүссэн хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Васкес бол салбартаа шинэ тоглогч биш ээ. Гэхдээ ийм том хэргийг хариуцаж авсан нь ер бус тохиол. Тэр нотлох баримт бүрийг сайтар судалж, маш сайн ажилласан” гэжээ.

Кетлин Зелнер

Кетлин Зелнер ч өөрийн твиттер хаягаараа дамжуулан Камилла Васкесыг магтаад амжсан. Тэрбээр “Камилла Васкес Деппийн шүүх хурлын гол од нь. Түүний өнгө аяс, нарийн ширийн асуултууд, нотлох баримтуудаа бүрэн эзэмшсэн байдал, үйлчлүүлэгчдээ итгэх итгэл нь магтууштай. #Үнэнялна” хэмээн жиргэжээ.

Тиктокийн од

Өдгөө 38 настай бүсгүйн шүүх хурлын үеэрх бичлэгүүд тикток дээр од болсон. Түүний Амбер Хердээс асууж буй асуултууд, Жонни Деппэд хандах биеийн хэлэмж, шүүх хурлын үеэрх үйл хөдлөлүүд интернэт хэрэглэгчдийн анхааралд өртөж, хайрыг нь татжээ. #camillevasquez гэх хаштагтай бичлэгүүд тикток дээр нийт 980 сая удаа үзэгдсэн аж. Харин хамгийн алдартай нь Амбер Хердийн өмгөөлөгч Элейн Бредхофтыг асуултыг эсэргүүцсэн бичлэгийг 30 сая гаруй хүн үзжээ.

Мөн “Энэ эмэгтэй аль сургууль төгссөн юм бэ?” гэх гарчигтай хоёр минутын тикток бичлэгийн тусламжтайгаар Лос Анжелес дэх Баруун өмнөдийн хуулийн сургуулийн “Google” хайлт 1820 хувиар өсчээ.

Тикток хэрэглэгчид “Камилла Васкестэй уулзаж, түүнийг маш олон латин хүмүүст урам зориг өгснийг хэлэх хэрэгтэй”, “Латин хүмүүсийн бахархал”, “Амбер Херд шиг шулмыг болгож өглөө” гэх мэт сэтгэгдлүүд бичлэг доор нь үлдээсэн байлаа.

Жонни Депп, Камилла Васкес нарын дунд хайр сэтгэлийн холбоо бий юу?

Зургаан долоо хоног Амбер Хердийн эсрэг тэмцсэн Чью Бенжамин, Жонни Депп, Камилла Васкес нарын хоорондын харилцаа онцгой болсон нь лавтай. Ялангуяа Депп болон Васкес нарын бие биедээ гаргаж буй хариу үйлдэл, царайны хувирал, харц нь тэднийг хосууд болсон гэлтэй. Фэнүүд нь ч энэ хоёрыг хос болоосой гэж хүсч буй.

Алдарт подкастер Жо Роган саяхан ярилцлага өгөхдөө “Камилла Васкес гэж тэр хүүхэн бол танхай. Үнэхээр гайхалтай. Би Жонни болон тэр хоёрыг бие биеэ хайрлана гэж найдаж байна. Шүүх хурал дууссаны дараа Жонни түүнийг оройн хоолонд урьж, түүнд талархлаа илэрхийлэн бие биедээ дурлаж, Жонни ухаан суугаасай” гэжээ.

“Google” дээр Васкесийн гэр бүлийн байдлыг хүмүүс их хайж байгаа гэнэ. Шар мэдээний хаан “TMZ” сайтын мэдээлснээр Камилла хэдийнэ хайртай хүнээ олжээ. Түүний хайрт залуу үл хөдлөхийн салбарт ажилладаг британи эр байдаг аж.

Шулмын ангууч

Жонни Депп нэр төрөө сэргээхээр Амбер Хердийн эсрэг гомдол гарган, 50 сая ам.доллар нэхэмжилсэн. Херд хуучин нөхрөө хүчирхийлэгч, чөтгөр гэж дэлхий даяар зарлан, удаа дараа мэдэгдлүүд хийж, олон арван зураг, бичлэг цацсан. Үр дүнд нь Депп нэр хүндээ алдаж, жүжигчний замнал нь уруудаж, хамгийн харамсалтай нь үр хүүхдүүд нь түүнийг хүчирхийлэгч гэж бодох болов. Энэ бүгдийг залруулахаар ахмад Жек Спарроу дахин аялалдаа гарсан. Харин түүнд Уиндроз луужингийн оронд Чью Бенжамин, Камилла Васкес нар тус боллоо.

Жонни Деппийн шүтэн бишрэгчид Хердийг “Шулам”, "Бяцхан худалч", “Амбер ялгадас” гэх зэргээр доромжилжээ.

Камилла Васкесийн асуулт, нотолгоо, няцаалтууд үнэхээр олны анхаарлыг татаж чадсан. Түүний эрс шийдэмгий байдал, хурц үгс Амбер Херд болон түүний багийнхныг гарах гарцгүй болгож, эцэст нь ялалт байгуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж