Ардчилсан намд цаг байхгүй!

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан намд цаг байхгүй!

Ардчилсан намд цаг байхгүй!

Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-гоо хуралдуулж, гишүүдээ шинэчилж байна. Намын дүрмийн дагуу ҮБХ нь 333 гишүүнтэй байх бөгөөд эмэгтэйчүүд, залуучууд, чөлөөт гэсэн сонголтоор ротаци хийгддэг. Намын Үндсэн дүрмийн дагуу шинээр сонгогдож байгаа ҮБХ-ны гишүүдийг шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг. Аль ч намын ҮБХ бол намын гол бодлого, шинэчлэлийг тодорхойлж, цаашлаад намын удирдлагын бүтцийг томилох гээд том эрх мэдэлтэй бүтэц байдаг.

Удаан хугацаанд замын хоёр талд гарч, чулуу шидэлцсэн Ардчилсан намын маргаан нэг талдаа гарч, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүйг иргэд шүүмжилсээр ирсэн. Угтаа бол УИХ-д цөөнх болсон нам эрх баригчдад “ташуур” болж, тэдний хийж хэрэгжүүлж буй буруу зүйлийг шүүмжилж, хариуцлагын асуудал ярьдаг. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчин гэхээс илүү эрх баригчидтай “гар барих”, тэдний захиалгыг биелүүлэх, дотооддоо бүлгийн даргын маргаантай гээд тун завгүй өнгөрүүлж буй гэх шүүмжлэл бий.

Ялангуяа УИХ дахь экс Ерөнхийлөгчийн “хүмүүс” гэх Ардчилсан намаас нэр дэвшиж, гишүүн болсон нэр бүхий хүмүүс эрх баригчдын “захиалгаар” Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Цэцэд хандах, аливаа бодлого шийдвэрт нь шүүмжлэлтэй хандахаас илүү хамтран ажиллах зэрэг нь Ардчилсан намын зарим гишүүдэд таалагдахгүй, үүнээсээ болж өнөөдөр бүлэг нь ч хоёр хуваагдчихсан байна. Хамгийн сүүлд Ардчилсан намын бүлэг Д.Ганбат даргыг чөлөөлөх асуудал хөндөж, зарим гишүүд нь бүлгийнхээ хуралд суухгүй байна. Энэ мэтчилэн УИХ дахь сөрөг хүчний бүлгийг сул байлгах гэсэн улс төрийн оролдлого өрнөж байгааг ч улс төрийн хүрээнд дүгнэх болсон.

Ийн намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг шинэчилснээр удахгүй 14-р намын Их хурлаа товлох нь. Намын Их хурлаар намын дарга, удирдлагыг шинэчилж, дүрмээ тодорхойлж, сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь гэсэн хүлээлт их байна. Сүүлийн хоёр ч парламент дамнаж тэд талцаж, тэднийг талцуулсаар өнөөдрийг хүрэв.

Монголд ганцхан нам дангаараа эрх барьж, Үндсэн хуульд ч хоёр дахь удаагаа "гар хүрэх"-ээр зэхэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв байж болох ч нэг нам дангаараа эрх барьж буй цагтаа хоёр ч удаа ойрхон, зөвхөн өөрсдийн "эрх мэдэл"-ийн хүч хуваарилах байдлаар, эсвэл дордохын долоон өөрчлөлтөөс ч дордуулах өөрчлөлт хийвэл яах вэ. Тиймээс одоо л Ардчилсан нам хүчээ нэгтгэж, нэг талдаа гарч, УИХ дахь сөрөг хүчнийхэнтэйгээ нэгдэж, жинхэнэ утгаар нь хяналтын сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа эрх баригчид Үндэсний их баяр наадмын өмнө Үндэсний хуульд өөрчлөлт хийхээр яригдаж буй энэ цагт.

Улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, үнийн өсөлт, хүний эрх, эрх чөлөөний асуудал, цаашлаад ардчиллын суурь зарчим гээд сөрөг хүчний үүргээ биелүүлж, манлайлах цаг хугацаа ирснийг АН-ынханд сануулъя!

Ш.ЧИМЭГ   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж