Грекийг өдөөн хатгахгүй байхыг Туркт уриалав

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Грекийг өдөөн хатгахгүй байхыг Туркт уриалав

Грекийг өдөөн хатгахгүй байхыг Туркт уриалав

Германы канцлер Олаф Шольц өчигдөр /2022.06.01/ Грекийг өдөөн хатгахгүй байхыг Туркт уриаллаа. Сүүлийн үед Грек, Турк хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсээд буй. Тодруулбал, Туркийн ерөнхийлөгч Эрдоган өнгөрсөн амралтын өдрүүдээр Грекийн ерөнхий сайд Мицотакис руу ээлжит бусармаг дайралтаа хийжээ. Тэрбээр “Мицотакистай би ярихгүй, би зөвхөн улс төр хийж байгаа хүмүүстэй л харьцдаг” гэсэн байна.

Түүнчлэн Туркийн онгоцууд Грекийн арлууд дээгүүр нислэг үйлдэж, агаарын орон зайг нь зөрчсөн гэж буруутгагдаад буй. НАТО-гийн холбоотон Турк, Грек хоёр улс далайн хил, агаарын орон зайн хамрах хүрээ зэрэг олон асуудлаар удаан хугацааны турш маргасан.

Грекийн агаарын орон зайд халдаж буй нь нэг удаагийн тохиолдол биш бөгөөд энэхүү үйлдлийг улсын тусгаар тогтнолд заналхийлсэн зөрчил гэж нэрлээд байна. Эгийн тэнгисийн зүүн арлуудын дээгүүр энэ мэт агаарын орон зайг зөрчих тохиолдол бараг өдөр бүр гардаг аж. Саяхан л гэхэд Туркийн хоёр сөнөөгч онгоц Александруполисын ойролцоо нисч, Грекийн агаарын орон зайг зөрчжээ.

Олаф Шольц “НАТО-гийн холбоотнууд эв санаа нэгтэй байж, өөр хоорондоо өдөөн хатгалцахгүй байх шаардлагатай” гэж хэлснийг Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дамжууллаа. Түүнчлэн Грекийн агаарын орон зайд халдаж, арлуудынх нь дээгүүр нисэх нь сайн зүйл биш гэж сануулжээ. Энэ нь НАТО-гийн эвслийн үзэл санааны эсрэг үйлдэл бөгөөд сөрөг үр дүнд хүргэх аюултай юм.

Хоёр улсын хурцадмал байдлыг улам дэврээж буй нэг асуудал бол цагаачид. Турк улс Грекийг тогтворгүй болгохын тулд цагаачдын урсгалыг ашигласан гэж үзэж байна.

Өдөр бүр олон зуун цагаач завиар тээвэрлэн, Грекийн арлууд руу нэвтрүүлэх оролдлого хийж байгааг “Greek reporter” хуудаст онцолжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт есөн завьтай 590 гаруй цагаач Эгийн тэнгисийг гатлан, Грек рүү нэвтрэхийг завдсан байна. Энэ үйлдлийг Грекийн эргийн хамгаалалтын алба таслан зогсоожээ.

Эх сурвалж: REUTERS, GREEK REPORTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж