Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар амжилттай явагдаж, өнөөдөр /2022.06.02/ ээлжит бус хурлаа хийж байна.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.АЛТАНХУЯГ:
-Намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрсөн. Сонгуулийн санал, хураалтын үед ямар нэгэн санал, гомдол ирээгүй. Харин зарим гишүүд санал өгөх процессын мэдээлэл дутуугаас дотоод сонгуулийн хороо руу ярьсан. Нийт 90 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон.
Дүрмийн дагуу их хурлын найман гишүүн нэмэгдэж, эргэлтийн ротацид ороогүй 181 гишүүний хамтаар нийт 279 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бий боллоо.
Өнөөдөр сонгогдсон гишүүдийг баталгаажуулж байна. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаар гишүүдийг баталгаажуулж, даргаа сонгож, дүрмээ хэлэлцсэнээр дараа дараагийн ажлууд хийгдээд явна.
"АН ДАРГАА СОНГОХ БОЛООГҮЙ"
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Ардчилсан нам даргаа тодруулж чадахгүй, хоёр талцах болсон. Улсын дээд шүүх өнгөрсөн гуравдугаар сард С.Эрдэнийн талаас тавьсан “Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын шинэ дарга хэн бэ гэх асуулт улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. Энэ талаар тус намаас тодруулахад “АН даргаа сонгох болоогүй. Бүх зүйл хууль дүрмийн дагуу байх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны дарга, дэд дарга, бодлогын зөвлөлийн дарга нарыг сонгосны дараа намын даргын сонгууль болно” гэлээ.
Ардчилсан намын ҮБХ-ны ротацийн сонгууль дуусч, ийнхүү их хурлаа хийж байгаа юм. ҮБХ-ны хуучин гишүүдийн 80 гаруй хувь нь сунгаанд оролцжээ.
ҮБХ-ны ээлжит бус хурлын дараа АН намын даргаа хэзээ, хэрхэн сонгохоо шийдэх юм байна. Тодруулбал, АН-ын даргыг сонгох асуудлыг ҮБХ шийдэх аж.
Холбоотой мэдээ