Хорт хавдартай хүүхдүүдийн эцэг, эхчүүд өнөөдөр /2022.06.02/ Нэгдсэн Үндэстний байгууллагад албан ёсоор гомдол гаргах талаар мэдээлэл хийлээ.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл н.БАДАМЦЭЦЭГ:
-Монгол Улсад хорт хавдар, бэлгийн замын халдварт өвчний тохиолдол жил бүр өсч байна. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбартаа яам, төр засаг аль аль нь анхаарал хандуулж чадахгүйгээс болж хүүхдүүд хохирч эхэллээ. Жирэмсэн эхчүүд есөн сарын турш үзлэгт хамрагдаж, эрүүл хүүхэд бойжуулсан ч төрөөд гажигтай болж, хорт хавдраар өвчилж байна. Гэвч Монголд хавдартай хүүхдүүдэд тохирсон эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг нэгж дутагдалтай хэвээр байна. Өчигдөр эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрсөн. Ёслолын арга хэмжээ дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавина гэж хэлсэн. Бодит байдал дээр саажилттай, хорт хавдартай хүүхдүүдэд салбар яамнаас тусламж дэмжлэг, хөнгөлөлт өгөхгүй байна. Цаасан дээр бичсэн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд анхаарах асуудлаар эхний ээлжид НҮБ-д хандаж, гомдол гаргана. Үүний дараа эрүүл мэндийн салбарын бусад хэсэгт анхаарахыг олон улсын байгууллагуудаас хүснэ.
Эрүүл мэндийн яам, салбарын сайд нь бодлогоо өөрчилж чадахгүй бол чадах хүмүүсээс нь тусламж хүснэ. Хорт хавдрын өвчлөл яагаад жил ирэх тусам өсч байна вэ? Өвчтэй хүүхдүүдийн тоо огт буурахгүй байна. Дөнгөж төрсөн нярай хүүхэд өвчтэй төрж байгаад яагаад анхаарахгүй байгаад бид хариулт хүсч байна. НҮБ энэ асуудлыг анхааралдаа авч, бидний гомдлыг авч хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой мэдээ