Р.Раш: Монгол инженерүүдийн мэдлэг чадвар, Японы өгөөмөр сэтгэл хоёр нийлж, үр ашгаа өгсөн

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Р.Раш: Монгол инженерүүдийн мэдлэг чадвар, Японы өгөөмөр сэтгэл хоёр нийлж, үр ашгаа өгсөн

Р.Раш: Монгол инженерүүдийн мэдлэг чадвар, Японы өгөөмөр сэтгэл хоёр нийлж, үр ашгаа өгсөн

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раштай ярилцлаа.

-Замын-Үүдэд анхлан Шилжүүлэн ачих анги байгуулах санаа таны Гадаад явдлын яаманд бичсэн захианаас үүдэлтэй гэж дуулсан юм байна. Ер нь, тэр үед Монголчууд шилжүүлэн ачих ажлаа өөртөө авах нь тухайн цаг үеийн шаардлага байснаас гадна нөхцөл байдал үнэхээр энэ рүү шахжээ дээ?

-1990 оноос өмнө манай төмөр замын хөгжлийн тэнхлэг баруун хойшоо зүгтэй байлаа. 1991 онд ЗХУ задарч социалист систем унахад тэдгээр орнуудад эдийн засаг хүндэрсэн. Тэр үед БНХАУ-ын улс төрийн тогтолцоо социализмаараа үлдсэн ч 1979 оноос аажим зах зээлийн эдийн засагт шилжээд байсан тул тогтвортой хөгжлийнх нь ид үе өрнөж байв. Бид яах вэ хүссэн хүсээгүй зүүн урд талаараа зах зээлийн эдийн засагтай хаяа залгаад хоцорлоо. Юм болгон л төмөр замаар явж байсныг бүгд мэднэ. Өнөөдрийн энэ сайд, дарга нар томоохон бизнесменүүд чинь тухайн үед манай хэдэн ногоон вагоноор хөл дөрөөлж, “гахай” гэгчийг чинь чирч, гулдарч л хөлжсөн шүү дээ. Тэр тусыг эд маань одоо хэр ойлгож явдаг бол би сайн мэдэхгүй юм. Үүнээ дагаад зүүн урд хил дээр төмөр замын гацаа гэдэг зайлшгүй үүсэх байдал бий болсон. Анх Замын-Үүд өртөө байгуулагдсанаас хойш л Эрээн өртөөнд шилжүүлэн ачилтыг хийсээр ирсэн. Энэ байдлыг тухайн үед манайд ажиллаж байсан Японы Элчин сайдын яамныхан анзаарч шилжүүлэн ачих ажлыг Монголын талд авчирвал илүү өгөөжтэй гэдгийг харсан шиг байгаа юм. Тэр нь бидний олон жилээр хүсээд хийж чаддаггүй тэр хүсэлтэй ч давхацсан л даа. Гэхдээ бид чинь бас огт хоосон суугаагүй шүү. 1990 оны намар гэхэд өөрийн хүч хөрөнгөөр бага хэмжээний шилжүүлэн ачих байгууламж байгуулсан байсан. П.Очирбат ерөнхийлөгч Замын-Үүдэд ирж ажил, байдалтай танилцахдаа бидний хийсэн ажлыг ихэд таашааж, “Энэ зөв зүйтэй ажлыг та бүхэн үргэлжлүүлэх хэрэгтэй” гэснийг би тодхон санаж байна. Анхны тэр багахан бүтээн байгуулалтаар чинь Зүүн Өмнөд Азийн орнуудаас ОХУ-ын Братскийн “БрАЗ” үйлдвэрт нийлүүлэгддэг хөнгөн цагааны нунтгаас эхлүүлээд цөөнгүй төрлийн 200 гаруй мянган тонн нунтаг ачааг шилжүүлэн ачаад брезентээр бүтээгээд явуулж байсан юм. Тэр брезент нь данстай. Буцаад хүрээд ирнэ. Яах вэ, үүнээс арай сүүлд Японы талд албан ёсоор асуудал тавиад би захиа бичсэн. Захиа бичих санааг манайд байрлан хамтран ажиллаж байсан “Иточү” пүүсийн захирал Танака гэж нас тогтсон сайхан эр надад зөвлөлөө. Тэрбээр, надад хэлэхдээ “Чи Гадаад худалдааны яамандаа хандаад захиа бичих хэрэгтэй. Түүндээ Японы талд уг асуудлыг тавь. Бүр нэмээд 100 илчит тэрэг шийдэж өгнө үү, гээд биччих гэнэ. Тухайн үедээ толгойдоо орсон тоог л мань эр хэлсэн байх. Би ч тэр чигээр нь шахуу бичсэн санагдаж байна. Миний тэр захиа Японы Элчин сайдын яаманд хүрч албаныхны хүрээнд нэлээд яриа хөөрөө болсон гэдэг. Удалгүй н.Норжинсүрэн гэж Японд сууж байсан манай элчин сайд, миний их дотны нөхөр л дөө. Тэр над руу залгав. “Чи их сүрхий захиа бичжээ дээ янз нь. Тэр чинь Японы Элчин сайдын яамаар дамжаад манай Гадаад явдлын яам ч анхааралдаа авч. Би нөхрийн хувьд чамд чадлынхаа хэрээр тусална” гэж билээ.

Тэгээд Шимицү гэж тухайн үед Элчин сайдын яамны зөвлөх байсан болов уу, Канадаас Монголд ирж суухдаа гэр бараагаа чингэлэгт хийгээд явуулчихаж. Нөгөөх нь ирдэггүй. Энэ л Тяньжин-Эрээний хооронд гурван сар ч билүү дээ болоод байдаггүй таг. Ингэж л Монголын талд шилжүүлэн ачих байгууламж бий болгох хэрэгтэй юм байна гэсэн хатуу ойлголтыг өөрийн бор амьдралаас тэр хүн ойлгосон юм билээ. Үүнийгээ ч надад хэлж байсан. Би хариуд нь “Энийг бид хөөцөлдөөд шийдэж чадахгүй байгаа юм аа. Дэмжихээр барах уу” хэмээн хариулснаа санаж байна. Манайх Хятадын талаар шилжүүлэн ачих ажлаа хийлгээд жилд 200 мянган орчим швейцарь франк төлдөг байлуу даа. Тэгэхэд Зүүн урдаас ирдэг ачаа гэж бага байлаа. Тэр хэмжээ дороо л өссөн. Тухайн үедээ Японы дэмжлэгтэй Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг хийгээгүйсэн бол манайхаар дамжин өнгөрөх олон улсын ачаа болоод Монголын дотоод хэрэгцээний бараа бүтээгдэхүүн гаднаас орж ирэхэд юу болох байсан нь ойлгомжтой. Ийм түүхэн нөхцөл дээр үндэслээд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг бий болгосон юм аа.

-Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж, 60 айлын орон сууц, одоогийн нутгийн захиргаа байрлаж буй байшин, ундны худаг гээд эд чинь бүгд буцалтгүй тусламж байх аа. Нөгөө хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй ялангуяа, залуу төмөр замчид маань хольж солих вий. Тиймээс энэ талаар та зааг ялгааг нь гаргаад жаахан тодруулж өгөөч?

-Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж бол буцалтгүй тусламж байсан. Дээр нь үер уснаас хамгаалах төсөл мөн буцалтгүй тусламж. Бусад нь урт хугацаатай, бага хүүтэй зээл байсан юм шүү дээ. “МОНП-1, “МОНП-2” гэж ярьдаг. Эдний тус дэм, үр өгөөж, ач холбогдлыг манай төмөр замчид арьс, махаараа мэдэрсэн учраас илүүц тайлбар хэлэх хэрэггүй биз. Энэ бол зөвхөн төмөр замчид төдийгүй улсын эдийн засагт үнэхээр наалдсан ажил болсон. Япончууд ч гэсэн тэгж үздэг бололтой. Би тэгж ойлгосон. Ер нь, Японд төмөр замын ажил, үйлчилгээний нэр хүнд асар өндөр. Бараг л айл болгонд төмөр зам орсон гэж ойлгож болно. Тиймдээ ч Япончууд төмөр замд нь жаахан дэмжлэг үзүүлчихвэл түүгээрээ дамжаад Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх үр ашиг, унац нь илүү гэдгийг маш сайн ойлгож байсан шиг байгаа юм. Тэгж ч чадсан гэж би бодож явдаг. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж Монголын төмөр замын нэр хүндийг олон улсын түвшинд тун өндөр өргөсөн. Бид Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагад гишүүн. Гэхдээ Замын-Үүдийг байнгын ашиглалтад орсноос хойших харьцаа шал өөр болсон. 1992 онд байх аа, намайг Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төмөр замуудын бага хурлын даргаар сонгох жишээтэй. Энэ нь, Р.Раш гэдэг хүний сайных огтоосоо биш. Ерөөс Замын-Үүд болоод УБТЗ-д хийсэн бусад бүтээн байгуулалтуудтай л холбоотой. Тэр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжснээр манай төмөр замын нэр хүнд олон улсын тавцанд эрс өссөнийг л харуулж буй хэрэг. Бүр АНУ-ын Соёлын институт гэж аялал жуулчлалыг давхар эрхэлдэг байгууллага сонирхож байна гэж Элчин сайд н.Чойнхор надад ярьж байсан.

-Үер уснаас хамгаалах төслийн хүрээнд яг ямар ажлууд хийсэн юм бэ?

-1993 оны зун их хур бороотой жил байсан. Эрдэнэдалай сумын маань 70 жилийн ой байв уу даа, нутаг руугаа явах гээд гарсан бороо ороод салдаггүй. Юун сумын ойд оролцох. Энд Туул гол хальж үерлээд сандаргаж гарав. Зам, гүүр маань усанд угаагдаад худалч хүнд бараг ганхах шахуу. Тэр үед Маеда сан гэж PCI компанийн захирал, мундаг мэргэжилтэн байлаа. Түүнийг уриад нөхцөл байдлаа ярихад миний саналыг бараг тал үгнээс ойлгосон. Япончууд чинь байн байн л байгалийн гамшиг элдэв юмтай учирч байдаг болохоор тэр биз. Төд удалгүй л Японы тал асуудлыг шийдсэн. Тухайн үед Замын-Үүдийн асуудал шийдэгдчихсэн бүтээн байгуулалтын ажил нь эхлээд шахуу явж байсан үе. Гар бариад бугуй барьсан хэрэг болсон л доо. Ингээд гүүр хоолойн хиймэл төхөөрөмж, байгууламж цутгах ажил эхэллээ. Ажлыг нь аль болох өөрсдөө хийчих гээд үзээд бардаггүй. Маеда сан баахан судалж байгаад “Танай энэ хиймэл төхөөрөмжийн байгууламж дээр арай барахгүй юм байна. Хүчин чадал нь багадана” гэнэ. Тэгээд л байшин үйлдвэрлэх рүү шилжүүлсэн. Тэнд бүх юмаа хийгээд хойд хилээс Хонхор хүртэл 480 км газар, 88 цэгт үерийн ус нэвтрүүлэх гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн объект барьж өгсөн юм. Том гүүр дөрөв, ус нэвтрүүлэх төхөөрөмжүүд, Сэлэнгэ, Орхоны бэлчирийн усны хамгаалалтууд гээд бид мэднэ. Дээр нь, жаахан бороо орчихоор уулын оройгоос том том чулуунууд нурж орж ирэх аюул нүүрлээд байсныг энэ үед л сетка татаад хамгаалж чадсан юм шүү дээ.

-Японы буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, инженерүүдийн ур чадварыг үгүйсгэх гээгүй юм шүү. Тэдний туслалцаа үнэхээр цаг үеэ олсон. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Монгол инженерүүд маань бас ямар үүрэг оролцоотой байсан юм бэ гэдэг талаас нь та манай уншигчдад ярьж танилцуулаач?

-Замын ерөнхий инженерээр Жигжидийн Нямаа, Техникийн хэлтсийн даргаар н.Дашзэвэг гэх мундаг инженер, доктор хүн ажиллаж байв. Манайхан мэргэжил, мэргэжлийнхээ дагуу л бүх төсөлд оролцсон. Ер нь, энэ төслүүдэд Монголчууд өөрсдөө идэвхтэй оролцсон учраас л өндөр үр ашигтай болсон гэхэд нэг их буруудахгүй. Хамгийн хэрэгтэй газраа л зээл тусламжийг авч чадсан. Түүнээс бид гаднаас ямар нэг юм хуулаагүй. Тэнд тийм, энд ийм байдаг гээд сураг чимээгээр хийгээгүй. Монголын төмөр замын инженерүүдийн уураг тархинаас ургаж гарсан саналуудад л түшиглэж хийсэн учраас үр ашигтай болж чадсан. Чи дуулсан байх. Мэдэж ч магадгүй. Манай улсад орж ирсэн анхны шилэн кабель чинь зээлийн хэмнэлтээр бий болсон гэдгийг. Бид гэрээгээ маш сайн хийсэн. Энэ сайны хажуугаар бас нөлөөлсөн юм нь тухайн үед социалист орнуудын хоорондох худалдааны үнэ барууны зах зээлээс хямд байсантай холбоотой. Германаас зорчигчийн вагонууд, Орос, Украинаас ачааны вагонууд авсан нь бидэнд хямд туссан. Ингэж л 20-иод сая ам.доллар хэмнэсэн юм. Түүгээрээ юу авах вэ гээд хоорондоо санал бодлоо солилцлоо. Вагоных нь нөхдүүд вагоноо авъя л гэнэ. Зүтгүүрчид нь зүтгүүр гэж шална. Тэгж байгаад Г.Сүхтөмөрийнх оносон доо. Тэр надад хандан “Раш даргаа, манай холбоо болохоо байлаа. Улсын холбоо урагшаа явсан. Гэтэл манай холбоо шонгийн модноос дүүжлээстэй. Уг нь, шонгийн мод нь утсаа татдаг байтал утас нь шонгийн модоо татаад байж байна шүү дээ” гэсэн шүү ухаантай юм хэлж байсан юм даг.

-Та Монгол, Япон хоёр улсын төмөр замын салбар дахь цаашдын хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ? Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Таканода Томокигийн хэлж буйгаар хоёр улс цаашид эдийн засгийн хувьд нягт хамтран ажиллах нь чухал гэсэн санааг илэрхийлсэн. Үүнийг төмөр зам дээр буулгавал бидэнд ямар боломжууд байна гэж та харж байна вэ?

-Бид аливааг бодитой харах ёстой л доо. Их товчоор, боловсон хүчин бэлтгэх, сургах тал дээр ихээхэн анхаарах ёстойг би ноён Элчин сайд Кобаяшитай уулзахдаа хэлсэн. Нарийн бичгийн даргын ярианаас сонсоход хүлээж авч байгаа маягтай юм байна гэж ойлголоо. Эцсийн эцэст энэ бүх зүйлийг чинь хүн л хийнэ шүү дээ. Мэргэжилтэн л хийнэ. Тиймээс Японы талын ярьсан бидний хэлсэн зүйлс хоорондоо огтлолцож байгаа юм байна гэсэн бодолтой үлдлээ. Ирээдүйд Монгол, Японы төмөр замын салбар дахь хамтын ажиллагаа улам эрчимтэй, шинэ агуулгаар төгөлдөржин хөгжинө гэж мунхаглаж сууна. Энд гол нь хүний нөөцөө бэлдэж, бүрдүүлэх нь л чухал. Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлье гээд бид яриад байгаа. Тэрийг чинь хэрэгжүүлэхэд Япон менежмент тулах цэг болох нь гэж ойлгож байна. Олон улсын түвшний яггүй зүйлийн нэг үзүүрээс атгачих юм бол бидэнд тэнгэрийн умдаг атгасантай л адил.

-Койкагийн буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжих болсон төслийн уг үндсийг таныг санамсаргүй байдлаар тавьсан гэж би сүүлд дуулсан. Ер нь, энэ Япон улсаас авсан зээл, тусламж, харилцааны урлаг танд дараа дараагийн ажлаа бүтээхэд их туршлага болж үлджээ дээ?

-Миний харилцааны урлаг гэж ямар юм байх вэ /инээв/. Гэхдээ улсын буянаар энд тэнд явж, олон сайхан хүмүүстэй уулзан санал, бодлыг нь сонсох завшаан надад нэг биш удаа тохиосон. Тэр жил намайг Их хуралд байхад хөдөөнөөс дууддаг юм. Солонгосчууд уулзъя гэж яриад байна гэнэ. Намайг яваач гэлээ. Би тэдэнтэй өөр газар уулзъя гэж санал тавиад Эрхүүд уулзлаа. Тэнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь миний нэрлэдэгээр “том Ким”. Солонгосын төмөр замын дэд бүтцийн компанийн даргаар хоёр жил орчим ажилласан хүн л дээ. Урьд нь орлогчоор нь байсан. Эрхүүгийн уулзалтын дараахан Ким биднийг Солонгост урилаа. Би тэдэнтэй илэн далангүй ярьсан. “Та бүхэн бидэнтэй хамтран ажиллах болсон нь үнэхээр сайхан санагдаж байна. Гэхдээ манайхны энэ улс төр голлосон үг, яриа болгонд битгий ороорой. Сайн бодож бодитойгоор хандах хэрэгтэй шүү. Тэгэх нь манай хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд хэрэгтэй” гэдгийг ний нуугүй л хэлсэн. Миний тэр үгс сэтгэлд нь их буусан байх. Онгоцны буудал руу явж байхдаа машин дотор тэгж хэлсэн санагдана. Учир нь, зарим гишүүд хэтэрхий Засгийн газрын ажлыг яриад байсан юм. Ингэж л тэр “Энэ хүнтэй ойр явъя” гэсэн бодол өвөрлөсөн болов уу. Дараагаар нь Монголд надтай уулзахдаа “Монголд түших хүн нь таныг гэж боддог. Би энэ албан тушаалд байхдаа танайд ямар нэгэн юм заавал хийнэ” гэж хэлж билээ. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд зориулаад 13 сая ам.долларын буцалтгүй тусламж өгнө гэж шууд надад амласан. Өнөөдөр 13-аараа ч тогтохгүй нэлээн өргөн хүрээнд тэлэх шинжтэй болж. Мань хүн саяхан ирээд явсан л даа. Өмнөговийн төмөр замын холбоо дохиоллын тендерт Койка ялаад тэрний зөвлөхөөр ирж байгаа юм байна. Надтай уулзаад “Хамтарч ажиллана” л гэнэ. Би алга ташаад л хүлээж авсан.

УБТЗ-ын шинэ удирдлагууд ажлаа аваад удаагүй байна. Таны хувьд цаашид тэднийг төмөр зам өндөр хөгжсөн Япон, БНСУ-аас гадна өөр бусад улсуудтай хэрхэн хамтарч ажиллаасай гэсэн хүлээлт байна вэ?

-Би Х.Хэрлэнг юманд ам уралдуулаад байдаггүй. Тогтуун, аливаад хүлээцтэй ханддаг хүн юм уу даа гэж хардаг. Ийм хүн чухал. Тийм учраас би найдаж байгаа. Одоо энэ Төв засварын үйлдвэрийг өөд татаад авч явах хэрэгтэй. Монголын төмөр замын ирээдүй тэнд бий. Манай ахмад төмөр замчин Ж.Дагва гэж мундаг мэргэжилтэн байна. Тэр хүн миний бодолтой бүрэн санал нийлдэг. Ерөөсөө хуучирсан деталь эд ангиудыг сэргээх ажлаас эхлээд улмаар шинэ тоног, төхөөрөмжийг угсрах үйлдвэр болгоход анхаарах нь зөв. Жижиг машин механизмуудыг, адаглаад замын энэ хүнд ажлыг механикжуулах хэрэгтэй. Муу сайн замчид маань хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг амьтад. Авдаг тав, гурав нь ахиухан байхад, ажил нь урамтай. Ийм хийморлог байхын эдийн засгийн үндсийг яаж ийж байгаад бэхжүүлчих юмсан гэж би ойлгож байна. Одоо миний нас гэж ямар юм байх вэ. Гэхдээ шургатлаа зүтгэнэ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье!

                                                                                       Ярилцсан Б.Мөрөн

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж