Тэнгисийн цэргийн хамгийн том сургуулилалт “RIMPAC2022” зургадугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-нд зохион байгуулагдана. Сургуулилалтад “Дөрвөл”-ийн орнуудаас гадна Өмнөд Хятадын тэнгистэй хиллэдэг таван улс оролцоно. Эдгээр нь Филиппин, Малайз, Бруней, Индонези, Сингапур улсууд юм.
Өмнөд Хятадын тэнгисийг дэлхийн цэрэг армийн хамгийн хурцадмал бөгөөд түгшүүртэй бус нутаг гэж хэлж болно. Хятад улс тус бүс нутгийг өөрийн бүрэн эрхт газар нутаг гэж зарласаар иржээ. Тиймээс Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тус ажиллагааг геополитикийн өрсөлдөөн бий болгож байна гэж буруутгав.
Нийт 26 орны хуурай замын цэргүүд буюу 25 мянга орчим албан хаагч сургуулилалтад оролцоно. Түүнчлэн АНУ-ын Тэнгисийн цэргийн гуравдугаар флотын 38 усан онгоц, дөрвөн шумбагч онгоц, 170 нисэх онгоц оролцох аж. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс мэдэгдсэнээр, их бууны буудлага, пуужин, шумбагч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах сургуулилалт, далайн дээрэмчдийн эсрэг ажиллагаа, минагүйжүүлэх ажиллагаа, шумбах, аврах ажиллагаа зэрэг чиглэлийн сургуулилалт хийгдэх юм байна.
Сургуулилалтад үндсэн есөн орноос гадна Канад, Чили, Колумб, Дани, Эквадор, Франц, Герман, Израиль, Мексик, Нидерланд, Шинэ Зеланд, Перу, Өмнөд Солонгос, Шри Ланка, Тайланд, Тонга, Их Британи зэрэг улсууд оролцоно.
“RIMPAC2022” нь АНУ-ын далай тэнгисийн хамтын ажиллагааны хүч чадал, цар хүрээг илэрхийлж буй. Түүнчлэн Вашингтоны нөлөөлөл, стратегийн байр суурь буурч байна гэж үзэж буй аливаа түрэмгийлэгчдээс урьдчилан сэргийлэх маш чухал дохио болно гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ