НЭМЭЛТ: 10.50 ЦАГ
Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр Covid-19-ийн 4 тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Үүнд,
Сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн тус өдрийн өглөөний 07.00 цагаас хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж буй юм байна. Зарим иргэд хүнсээ бэлдэж эхэлжээ. Одоогийн байдлаар Эрээн- Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ажээ.
COVID-19-ИЙН ДӨРВӨН ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ
Цар тахлын улмаас Монголын хамгийн том боомт Замын-Үүдээр нэвтрэх ачаа тээврийн урсгал удаан хугацаанд тасалдсан. Өнгөрсөн сараас Гадаад харилцааны яам болон харъяа нэгжүүд Хятадад олон удаагийн санал өгч, импорт, экспорт эргэж сэргэж эхэлж байв. Гэсэн ч өчигдөр /2022.06.01/ Эрээнд Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдлууд батлагдсантай холбоотойгоор Эрээн дотоодын хязгаарлалт тавьж эхэлсэн байна. Үүний улмаас хилийн боомтуудыг хаасан эсэх талаар ГХЯ-наас тодрууллаа.
Тус яамны төлөөлөгч хэлэхдээ "Эрээн хотод одоогийн байдлаар халдварын дөрвөн тохиолдол илэрсэн. Гэхдээ хилийн боомтууд хэвийн ажиллаж байна. Цаашид ямар хязгаарлалт хийх нь одоогоор тодорхойгүй байна.
Хэрэв халдварын тохиолдол нэмэгдвэл Эрээн дахин хөл хорио тогтоож, тэг зогсолт хийх эрсдэлтэй. Ямартай ч албан мэдэгдэл хүргүүлсэн даруйд ГХЯ-наас мэдээлэл өгнө" гэв.