Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний нэг нь цагдаагийн байгууллагаас хүүхэд багачуудад зориулсан “Хүүхэд таныг хамгаалья” баяр байв. Төв цэнгэлдэхэд болсон “Хүүхэд таныг хамгаалья” арга хэмжээнд нийт 2000 орчим хүүхэд, багачууд цуглан цагдаагийн байгууллагын тусгай үзэсгэлэнг сонирхож, сургуультай нохой, шүхрийн үзүүлбэр, онгоц, тусгай албаны үзүүлбэр, урлагийн тоглолт үзэж баясан, тэмцээн уралдаанд оролцон эцэг эх, асран хамгаалагч, цагдаа ах эгч нартайгаа тоглож өнжсөн нь онцлог байлаа.
Уг арга хэмжээний үеэр ЦЕГ-ын дарга Ж.Болд эцэг эхчүүдтэй ярилцах үеэрээ “ЦЕГ-аас хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа ч гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо хамгаас чухал. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө 10-аад нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, ЕБС-ийн 120 мянган сурагчдад эрх зүйн ойлголт, мэдлэг өгөх, гэмт хэргээс урьчдилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулснаар хүүхдийн эсрэг гэмт хэргийн илрүүлэлт 6.4 хувиар өсөж, сургуулийн орчинд гэмт хэрэг бүртгэгдээгүй эерэг үр дүн гарсан. Мөн хүүхдийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 3000 гаруй хүүхдийг илрүүлэн бүртгэлд оруулснаар хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт 25 хувиар өсчээ.
Түүнчлэн ЦЕГ-аас хүүхдэд хандах томчуудын хараа хяналтыг сайжруулах зорилгоор 192 байгууллага дээр эцэг, эхийн зөвлөлийг байгуулж, school police -г 514, өсвөрийн сэргийлэгчийг 76 ЕБС дээр байгуулж, 214 иргэнийг хүүхэд хамгаалагчаар ажиллуулж байна. Бид эцэг, эхчүүд, асран хамгаалагч нартаа зөвхөн нэг өдөр биш жилийн 365 хоног хүүхдийн төлөө анхаарч, ойлгож, хамтдаа хамгаалахыг уриалж олон талын мэссэж өгөх ажлуудыг зохион байгуулсаар байгаа юм” хэмээн ярьж байлаа. Тэгвэл өчигдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цагдаагийн алба хаагчид олон нийт, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад хандан хамтдаа хүүхдээ ойлгоё, хамгаалье, хүндлэе, уураар биш хайраар хүмүүжүүлье гэсэн эерэг мэссэж бүхий уриалгуудыг төв талбайгаас цэнгэлдэх хүрээлэн хүртэл барьж зогссон байв. Тэдний уриалга, мэссэжид “Хүүхдээ уураар биш хайраар хүмүүжүүлье, хайранд өссөн хүн хэзээ ч бусдыг өвтгөдөггүй, найз шиг ярилцдагт баярладаг шүү ааваа, надад үнэтэй утас биш ээж, аавтайгаа байх нь сайхан байдаг” зэрэг гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн агуулгууд багтсан байв.
Цагдаагийн байгууллага хүүхдийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа ч эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэддээ тавих хараа хяналт, хандлага, хайр халамжаа сайжруулахыг уриалж байсан нь цаг үеэ олсон зөв нөлөөллийн ажил боллоо хэмээн төв цэнгэлдэхэд хуран цугласан эцэг, эхчүүд сэтгэгдлээ хэлж байв. Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийн сэтгэл санааны байдлыг судалж үзэхэд гэр бүлийн харилцааны шалтгаан нөхцөл 70 хувь нөлөөлдөг гэсэн байна. Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрхийг хамгаалахын төлөө нэг өдөр гэлтгүй өдөр бүр анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас уриалсаар байгаа юм.
Нөгөөтэйгүүр Цагдаагийн байгууллагаас олон нийт, хүүхэд багачууддаа хүргэхийн хүссэн гол мэссэж нь аливаа асуудал болоход хүүхэд айж эмээлгүй цагдаад ханддаг байхад чиглэж, хүүхдийн баярын арга хэмжээ бүхэлдээ энэ агуулгыг барьж зохион байгуулагдсан байлаа.
Ямартай ч цагдаа уламжлалт хандлагаа өөрчилж, хүний эрхийн мэдрэмжтэй байсны жишээ нь “Хүүхэд таныг хамгаалья” компанит ажлууд байв. Нөгөө талдаа нийгэмд цагдааг илүүтэй сөргөөр шүүмжлэх болсон энэ цаг үед олон нийтэд цагдаагийн албаа сурталчлан таниулах, нөгөө талдаа хүүхэд багачуудыг цагдаад итгэдэг, тэдний дэмжлэгийг авдаг болгох зорилгоор тусгайлан “хүүхдийн баяр”-ын арга хэмжээг найруулан, дэглэсэн нь цаг үеийн мэдрэмжтэй, зөв санаачилга байсныг редакцийн зүгээс онцлоё!
Холбоотой мэдээ