Иргэд зургадугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө бүрэн хариуцаж төлнө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг төрөөс даасан.
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна” гэжээ.
Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Засгийн газрын хуралдаанаар /2022.12.31/ 2022 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн. Тодруулбал, гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлөх юм. Түүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөрсдөө хариуцна.
ЦАХИЛГААНЫ СУУРЬ ҮНИЙГ НЭМЭЭГҮЙ
Иргэдийн дунд төр хөнгөлсөн төлбөрөө нэмж магадгүй гэх хандлага бий. Энэ асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өгөхдөө "Эрчим хүчний сайдын хэлснээр цахилгааны үнийг нэмэх шаардлагатай бий. Гэхдээ Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэх хугацааг өөрчилж, хойшлуулсан. Хүмүүс эрчим хүчний суурь үнийг нэмсэн мэт ярьж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөхөд үнэд ямар ч өөрчлөлт ороогүй.
Иргэд төр дааж байгаа учраас хэрэглээ өндөртэй болсон. Тиймээс цахилгааны төлбөр хуучнаасаа нэмэгдэх нь тодорхой. Түүнээс суурь үнэд ямар ч өөрчлөлт ороогүй.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж, төрөөс иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн. Харьцуулалтаас давсан төлбөрийг иргэд төлж байна. Энэ асуудлаас болж гомдол, санал их ирэх болсон" гэв.
Угтаа хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2022 онд 28 хувиар нэмэгдүүлж, өртөгт нийцүүлэн, цаашид 2030 он хүртэл тарифыг тогтмол индексжүүлэхэд улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр дээрх төслүүдийн санхүүжилтэд ашигласан зээл, зээлийн хүүг төлж, эрчим хүчний салбар санхүү, эдийн засгийн хувьд бие даан ажиллах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан ч үүнийг түр хугацаанд хойшлуулсан байна.
Холбоотой мэдээ