Месси энэ жил Бенземагаас алтан бөмбөгийг нь булаах уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Месси энэ жил Бенземагаас алтан бөмбөгийг нь булаах уу?

Месси энэ жил Бенземагаас алтан бөмбөгийг нь булаах уу?

Месси, Роналдо хоёрын эрин үед олон гайхалтай тоглогч хүртэх ёстой шагналаа хүртэж чадаагүй билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн жил Роберт Левандовски Баллон д’Ор буюу алтан бөмбөгөө Лионель Мессид “дээрэмдүүлсэн”. Польш довтлогчийн хувьд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр хоёр ч удаа тодрох боломжтой байсан ч эхний удаад нь цар тахал, дараа нь Лионель Месси түүнд саад болсон нь харамсалтай.

Энэ жил Месси Карим Бенземад мөн саад болж болзошгүй. Тодруулбал, өнгөрсөн шөнө Финаллисима буюу Европ, Өмнөд Америкийн аварга багуудын халз тоглолт 29 жилийн дараа дахин явагдаж, Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг Италийг 3:0 гэсэн харьцаатай хожин цомын эзэд болов.

Өнгөрсөн жил Месси тивийнхээ аваргад түрүүлсэн гэх амжилтаар супер үзүүлэлттэй байсан Левандовски, клуб, шигшээ багийнхаа хамтаар Европт түрүүлсэн Жоржиньо нарын урд гишгэж, долоо дахь удаагаа алтан бөмбөг хүртэж байв.

Франц довтлогч Карим Бенземагийн хувьд өнгөрсөн улирал Реал Мадридын хамтаар Испанийн Ла лиг, УЕФА Аваргуудын лигт түрүүлж, 46 тоглолтод 44 гоол оруулсан гэх сүрдэм үзүүлэлттэй. Энэ ч утгаараа түүнийг Баллон д’Орын эзэн гарцаагүй мөн гэж хөлбөмбөг сонирхогчид хэлж байна. Гэхдээ түүх давтагдах вий гэх болгоомжлол бий.

Шагналын эзнийг сэтгүүлчдийн санал хураалтаар тодруулдаг бөгөөд тэд Месси, Роналдо хоёрт “хайртай”. 2018 оны Лука Модричийг эс тооцвол сэтгүүлчид 2008 оноос хойш зөвхөн тэдэнд л дийлэнх саналыг өгсөн. Энэ хугацаанд Франк Рибери, Шави, Уэсли Снайдер, Мануэль Нойер тэргүүтэй шилдгүүд боломжоо алдсан.

Саяхан Месси Аргентины “TyC Sports” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ жил ямар ч эргэлзээ байхгүй. Бензема энэ жил гайхалтай байлаа. УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатнаас эхлэн гайхалтай тоглолтууд үзүүлж, түрүүллээ” гэжээ.

Ямартай ч Бензема энэ жилийн алтан бөмбөгийн гол фаворит. Тус шагналыг олгодог “France Football” сэтгүүлээс өнгөрсөн гуравдугаар сард алтан бөмбөгийг зөвхөн улирлынх нь амжилтыг үндэслэн олгоно гэж мэдэгдсэн. Тэгэхээр өвөл болох дэлхийн аваргын тэмцээн 2023 оны алтан бөмбөгийн эзнийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өмнөх жилүүдэд тухайн календарийн жилд үзүүлсэн амжилтаар нь олгодог байв.

29 жилийн дараах Финаллисимад түрүүлсэн амжилтаар нь Мессид алтан бөмбөг өгчихгүй л бол Карим Бензема энэ жил тус шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж