Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн шалгалт дуусаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн шалгалт дуусаагүй гэв

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн шалгалт дуусаагүй гэв

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ Эмээлт дэх бусад 28 мах бэлтгэх үйлдвэрт хяналт шалгалт эхлүүлжээ. Харин иргэдийн зүгээс цахим хуудсаараа дамжуулан олон гомдол саналыг иргэд хэлж байгаа бөгөөд албаны хүмүүсээс төөрөгдөл, зөрүүтэй мэдээлэлд тайлбар өгөхийг шаардаж байна.

Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, хаяг, шошго тодорхойгүй, гарал үүсэл нь тодорхой бус хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нийт нэгжүүдэд хийсэн хяналтын дүн мэдээг лабораторийн хариу гарсаны дараа өгнө гэлээ.

Шинжилгээний хариу гарах хүртэл мах боловсруулах зарим үйлдвэрийн агуулахын орц, гарцыг лацдаж битүүмжилжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил хязгаарласан. Харин энэ жилээс албан ёсоор үйлдвэрүүд ажиллаж эхэлсэнтэй холбоотой хяналт суларч, хүнсний технологи, мах бэлтгэх явцад зөрчлүүд илэрч байна. Тиймээс иргэдийн гомдлын дагуу шуурхай шалгалт хийж байна гэсэн юм.

НМХГ-ын лабораторид 2022 оны нэгдүгээр улиралд 4200 гаруй сорьцыг шинжилсэн байна. Алдаа, дутагдал, зөрчлийг тухай бүрд нь шаардлага өгч залруулаад явж байгаа аж. Гэсэн ч Зөрчлийн хуулиар торгуулж, дахин үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй байгаа компаниуд ч бий гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс энэ удаагийн шалгалтаар аж ахуй нэгжүүдэд торгуулиас гадна хаах анхааруулга өгөх хүртэл шийдвэр гарч магадгүй байна. Одоогийн байдлаар МХЕГ-аас “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хаах санал хүргүүлээд буй юм.

Засгийн газрын хуралдаанаас мах, махан бүтээгдэхүүн экспортолдог “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалсан. Уг үйлдвэрийн талаар НМХГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Эм Ди Си Пи” компанийн ашиглаж байсан уснаас дээж авч шинжилсэн. Шинжилгээгээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал, ундны ус эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт, стандартын чанар аюулгүй байдлыг хангахгүй үзүүлэлттэй гарсан байна. Мөн үйлдвэрт хэрэглэж байсан цагаан өнгийн бодисын найрлагыг таних зорилгоор дээж авсан.

Шинжилгээний дүнгээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна” гэж мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэртээс цогцос хадгалахад хэрэглэдэг бодис илэрсэн нь олон нийтийг айдаст автуулсан юм.

Дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас хүнсний чиглэлд ажлын ажлын хэсэг байгуулахаар болсон. Тодруулбал, иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг аж.

Уг ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахална. Тус ажлын хэсэг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий аж.

Мөн Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон.

Дашрамд, дурдахад мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж