Африкийн орнуудын эдийн засгийн стратеги гадаадын засгийн газруудад төвлөрсөн чиг хандлагатай байдаг. Энэхүү нийтлэлд Африк болон Хятадын засгийн газар хоорондын эдийн засгийн харилцааг АНУ, Европын холбоо, Их Британи зэрэг улсуудын хэв маяг, арга барилтай харьцуулав.
Африкийн эдийн засгийн бодлогод Хятадын давуу тал, нөлөө үлэмж их юм. Аливаа улс орны эдийн засгийн арга барил гэж олон улсын тавцанд үндэсний ашиг сонирхлыг хангахуйц эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэхийг хэлнэ. Түүнчлэн санхүүгийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж тодорхойлж болно. Африкийн орнуудад Хятадын эдийн засгийн бодлого мэдээжийн хэрэг харилцан адилгүй байдаг. Энэ нь тухайн улсын эдийн засгийн бүтэц, улс төр, эдийн засгийн динамик, улсын онцлогоос хамаараад өөр өөр байна. Барууны орнууд 100 хувь нэгдмэл нэг санаатай, уялдаа холбоотой ажилладаггүй байж болох ч Африкт хандах хандлага нь бүгд ижил гэхэд хилсдэхгүй. Тэдний үндсэн арга барил Хятадаас эрс ялгаатай гэж “The Diplomat” онцолжээ. Барууны орнууд үнэ цэн болоод тусламжид суурилсан оролцооны хэв маягтай.
ТҮҮХИЙН ХАР ТОЛБО
Хятад улс маш богино хугацаанд Африкийн хамгийн том түнш болсон нь түүхэн цаг үеэс улбаатай. Барууны орнуудын Африк тивд үлдээсэн шиг сөрөг, хар бараан мөр Хятадад байхгүй. Мэдэж байгаачлан, АНУ болон Европын гүрнүүд Атлантын далай ба Зүүн Африкийн колоничлол, боолын худалдааг хариуцдаг байв. Мөн хүйтэн дайны үед шинээр байгуулагдаж байсан Африкийн улсуудыг арга мэхэндээ автуулсан явдал ч бий. 1961 онд Патрис Лумумбаг хөнөөсөн хэрэг үүнд хамаарна.
Патрис Лумумбагийн аллага XX зууны хамгийн дуулиантай хэргийн тоонд ордог. Тэрээр Бүгд найрамдах ардчилсан Конго улсын хууль ёсны дагуу сонгогдсон анхны ерөнхий сайд байжээ. Түүнийг хөнөөсөн аллага АНУ болон Бельгийн засгийн газартай холбоотой гэдэг. Эл хоёр улс 126 жилийн турш Конгогийн хувь заяаг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Патрис Лулумба чухам энэ үед улсынхаа нөөц баялгийг бүрэн хяналтдаа байлгаж, ард түмнийхээ амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад ашиглахаар шийдсэн нь барууны ашиг сонирхолд төвөг учруулсан явдал болжээ. Түүнтэй тэмцэхийн тулд АНУ, Бельги улсууд өөрсдийн мэдэлд байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаж, Лулумбагийн Конго дахь өрсөлдөгчдийг худалдан авч, алуурчин хөлсөлсөн түүхтэй.
Энэ мэт түүхэнд үлдсэн хар толбоос болж барууны орнууд Африкт хууль ёсны асуудалтай тулгардаг. Гэвч хамгийн сонирхолтой нь барууны орнууд эл итгэл үнэмшил багатай бодит байдлыг үл харгалзан Африкийн засгийн газруудад засаглал, авлига болон бусад зүйлийн талаар лекц уншдаг ажээ. Түүгээр ч зогсохгүй өөрсдийг нь сонсох ёстой гэж үздэг байна.
ЭВ НЭГДЛИЙН ХЭЛ
Хятад улс энэ арга барилаас зайлсхийдэг. Лекц унших зэрэг нь Африкийн засгийн газрын эмзэг байдлыг доромжилж буй хэлбэр гэж тэд үздэг. Хятад улс дипломат харилцаандаа буулт, эв нэгдлийн хэлийг ашигладаг аж. Гэтэл АНУ, Их Британи, Европын холбооны орнууд Африктай харилцахдаа эцэг хүний шинж үзүүлж, өөрсдийгөө зөвтгөж, заримдаа хэтрүүлэх маягтай байдаг гэв. Африкийн засгийн газрууд 2010 онд “Тусламж бус худалдаа” нэртэй уриалга дэвшүүлсэн аж. Энэ уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн анхны улс нь Хятад болсон аж. Өдгөө АНУ, Их Британи, Европын холбооны улсууд энэ чиглэлийг баримтлах болжээ.
Хятад улс сонсох арга барилыг сонгосон тул Африкийн засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, түүндээ тохирсон хариу үйлдэл үзүүлж чаддаг гэжээ. Тийм учраас харилцаа нь анхнаасаа эдийн засаг, санхүү, арилжааны чиглэлд төвлөрсөн байна. Энэ хүрээнд Африкийн дэд бүтцийн алдагдлыг санхүүжүүлж, шийдэхэд анхаарлаа төвлөрүүлэн, тэргүүлэх зорилтуудад нь санаа тавьжээ. Эдийн засгийн харилцаандаа зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалтын холбоо бус Африкийн давуу талыг ч мөн ашигладаг юм байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ДОЛООН ХӨШҮҮРЭГ
Африкт эдийн засгийн стратеги хэрэгжүүлэхдээ гаднын гүрнүүд ойлгох ёстой долоон хөшүүрэг байдаг. Үүнийг эдийн засгийн төрийн удирдлагын 7С гэж нэрлэдэг. Үүнд:
1. Африк дахь эдийн засгийн хөтөлбөр, хэлэлцээрийг санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч талын чадавхи
2. Санхүүжилт болон төслүүдтэй холбоотой ил далд нөхцлүүд
3. Африкийн энх тайван, аюулгүй байдал, засаглалын хэлбэр, сонгуулийн мөчлөгийн үе шат, эдийн засгийн ерөнхий нөхцөл
4. Төсвийн хариуцлага, алдагдал, авлигын хэмжээ
5. Африкийн засгийн газар хоорондын болон дотоод, гадаад түншүүд хоорондын өрсөлдөөн
6. Африкийн засгийн газар хоорондын болон гадаад түншүүд, зээлдүүлэгчид хоорондын зохицуулалт
7. Гадаад түншүүдийн амлалт
Африкт хэрэгжүүлж буй Хятадын төслүүд бүс нутаг хоорондын эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулж байна. Цаашилбал, дэд бүтцийн төслүүдийн тусламжтайгаар эрчим хүчний зардал буурч, ажлын байр бий болж, худалдааны сувгууд олноор нээгдэж, шинэ технологи, мэдлэгийг нэвтрүүлэх давуу талтай. 2000 оноос хойш Хятадын Африк дахь хөрөнгө оруулалт жилд 25 орчим хувиар нэмэгджээ. Африкт шинэ ажлын байр бий болгосон болон оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр Хятад улс 2017-2020 онд нэгдүгээрт, тус онуудад хэрэгжүүлсэн төслийнхөө тоогоор гуравдугаарт оржээ. Хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг тээврийн дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлж байна.
“The Diplomat” дүгнэхдээ "Африкт эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ хэрэгжүүлэхэд Хятадын зөөлөн хүч цоо шинэ арга барил, хэв маяг болжээ. Хятад болон Африкийн харилцаа 20 жилийн түүхтэй бөгөөд төдийлөн төгс биш хэдий ч эдийн засгийн түншлэлийн цар хүрээг харвал үр дүнтэй байсан" гэжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, THE GUARDIANS, SUPCHINA
Холбоотой мэдээ