Өндөр өгөөжтэй салбарууддаа хөрөнгө оруулалт татъя!

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Өндөр өгөөжтэй салбарууддаа хөрөнгө оруулалт татъя!

Өндөр өгөөжтэй салбарууддаа хөрөнгө оруулалт татъя!

Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох хэлэлцүүлэг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд болсон. Тус уулзалтын үеэр Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхэд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт болоод гадаадын ажиллах хүч, хөрөнгө оруулалт татахад анхаарах цаг болсныг онцолсон юм.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хараат. Үүнээс шалтгаалж цар тахлын хугацаанд дотоодын эдийн засагт зайлшгүй сэргэлт хийх хэрэгтэй болжээ. Тухайлбал, монголчууд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж чадвал дараагийн жилүүдэд давагдашгүй хүчин зүйл үүссэн ч даван туулах боломжтой. Гагцхүү үүний тулд гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын гацааг арилгах хэрэгтэй юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд өрхийн орлого багасч, хүмүүсийн хадгаламж буурч, зээл өссөн. Тиймээс өрхийн орлогыг богино хугацаанд нэмэх шаардлага үүссэн билээ.

2022 ОНД УУЛ УУРХАЙГААС ИЛҮҮ ХӨНГӨН ҮЙЛДВЭРТ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүний тоо, бүтээмж харилцан адилгүй, зөрүү ихтэй байна. Тодруулбал, уул уурхайн салбарт 20-25 мянган хүн ажилладаг бол хөдөө аж ахуйн салбарт 300 мянга гаруй хүн ажиллаж буй. Гэвч ажиллах хүч их салбарын ажилчдын орлого бага. Үүнд шинэчлэлт хийх хэрэгтэйг салбарынхан онцолсон юм. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд эдгээр салбарын зөрүүг ойртуулах, хөнгөн үйлдвэр болон боловсруулах үйлдвэрийн хөгжилд анхаарах, хөрөнгө оруулалт татах, бүтээмжийг өсгөх шаардлагатай.

Үйлдвэрлэл, усан хангамж, аялал жуулчлал нь богино хугацаанд эдийн засагт үр өгөөжөө өгөх салбарууд учраас хөрөнгө оруулалт татахыг төр, хувийн хэвшил аль аль нь гол зорилгоо болгох ёстой.

Монголд нийт 15 мянган төрийн бус байгууллага байдгаас бизнесийн салбарыг төлөөлж буй хамгийн том нэгж бол МҮХАҮТ. Тус танхимаас хийсэн 2019 оны судалгаагаар улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд өндөр өгөөжтэй салбар бол боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, усан хангамж гэсэн салбарууд болохыг нэрлэжээ. Эдгээр салбаруудад нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл өгөөж нь хоёр болж ирнэ гэсэн үг. Хэрэв хөнгөн үйлдвэрийн салбарыг ойрын хугацаанд хурдацтай хөгжүүлбэл эдийн засгийн уналт үүссэн ч иргэдийн орлогод сөргөөр нөлөөлөхгүй байна. Мөн аялал жуулчлал, үйлдвэрлэлийг сэргээх нь энэ жилийн гол зорилго байх ёстой.

Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу өнөөдрийн байдлаар тооцож үзвэл гадаадын 100 мянга орчим хүн Монголд оршин суух бололцоотой боловч 16 мянга орчим гадаад улсын иргэн оршин сууж байна. Үүнээс 10 хувь нь хөрөнгө оруулах зорилгоор оршин суудаг гэсэн албан бус тооцоолол бий аж. Хөрөнгө оруулалтыг хангалттай хэмжээнд татахын тулд виз мэдүүлэлтийг цахимжуулж, аль болох гадаадын иргэдэд хүндрэл учруулахгүй байх нь чухал. Харамсалтай нь, үүнтэй холбоотой гомдол харъяа нэгжүүдэд их ирдэг байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ИРДЭГ ГОМДЛЫН ДИЙЛЭНХ НЬ ХҮНД СУРТАЛ

Худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын гомдол саналыг хүлээж авдаг. Тус нэгжид хандаж буй гадаадын хөрөнгө оруулагчдын дийлэнх нь Монголд хүнд суртал, хээл хахууль их байгааг хэлдэг байна. Хөрөнгө оруулагч хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт, ченжүүд буюу бизнесийнхэн. Богино хугацаанд татан авалт, боловсруулалт хийж, бүтээгдэхүүнийг өндөр үнээр зардаг. Хоёрдугаарт, цэвэр хөрөнгө оруулагч буюу урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллаж, ашиг хүртэх зорилготой нэг хэсэг гэхчлэн хуваагддаг. Монголд урт хугацааны хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин нөхцөл бий болгох зайлшгүй хэрэгтэй юм. Тиймээс визийг цахимжуулах нь нэгдүгээр асуудал.

Гадаадын иргэн Монгол Улсын виз мэдүүлэхээс эхлээд оршин суух зөвшөөрөл авах хүртлээ ГИХГ-т өөрийн биеэр 5-6 удаа очдог байсан. Харин одоо хуулийн өөрчлөлт, цахимжуулалтын дүнд хүндрэл чирэгдэл багасчээ.

Үүнд цаашид илүү анхаарч, хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь дотоодын эдийн засаг хурдан сэргэхэд тустай. Зөвхөн хөрөнгө оруулагч бус жуулчдад ч ээлтэй улс болох нь чухал. Иймд цахим виз, хил орчмын аяллын виз, хил орчмын аялал жуулчлалын маршрут, автомашинаараа хилээр нэвтэрч аялах боломж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цахим виз олгож буй орны тоог нэмэгдүүлэх, цахим виз авахтай холбоотой мэдээллийг тодорхой болгох нь зүйтэй.

Мэдээж эдгээр ажлыг цар тахлын өмнө тодорхой хэмжээнд хийсэн ч энэ жил тусгайлан анхаарах хэрэгтэй юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг ч салбарынхан хэлж байв. Мөн ур чадвар шаардсан нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг гадаадаас авч ажиллуулах, ажиллах хүч авах үйл явцыг хялбаршуулах шаардлагатайг сануулсан юм.

Эдгээрээс харвал Монгол Улс 2022 онд уул уурхайд түшиглэх бус, хөнгөн үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, аялал жуулчлал, дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих цаг болжээ. Мэдээж тахлын дараах амьдралд дэлхий нийтээр дасан зохицож байгаагаас харвал Монгол ч гэсэн нэг алхам урагшилж, хараат байдлаас тодорхой хэмжээгээр гарах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж