"Женерал Тек” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Ид шидийн орон-2” болон “Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг баярлуулаад амжсан. Эх үрсийн баяраар энэ удаа дөрвөн ихэр найман хүүхэдтэй айлыг зорин очиж, бэлэг гардуулахаар болжээ. Дашрамд дурдахад, уг айлд өмнө нь тус компаниас “Чухаг-1” хотхоны гурван өрөө байрыг бэлэглэж байсан юм. "Женерал Тек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхдийн баяраар олон аж ахуй нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүд баярлуулдаг. Танай хамт олон энэ жилийн хувьд ямар ямар ажлууд хийж байна вэ?
-Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр бол хүүхдийн баяр. Хүүхдийн баяраар хүүхэд бүр инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байх ёстой гэж монголчууд билэгшээж хүүхдүүдээ олон янзаар баярлуулдаг. "Женерал Тек” ХХК ч жил бүрийн Хүүхдийн баярыг угтаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. "Женерал Тек” ХХК энэ жилийн хүүхдийн баяраар “Ид шидийн орон-2” болон “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд бэлэг гардуулж өгсөн. Жил бүр бид маш олон хүүхэд баярлуулдаг. Харин энэ жил хүүхэд бүрийг тэгш, хүртээмжтэй баярлаасай гэж бодож “Ид шидийн орон-2” болон “Өнөр бүл” төвүүдийг сонгосон. Хэдийгээр нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа боловч манай компанийн ажилчин бүр бүх хүүхэд тэгш баярлах ёстой гэдэг дээр санал нэгддэг. Тиймээс ч жил бүрийн хүүхдийн баярыг онцгой, зорьсон зорилгоо биелүүлж, өнгөрөөхийг бид хичээдэг.
-Хүүхдүүдийг тэгш баярлах боломж гэхээр сайхан сонсогдож байна. Мэдээж бэлэг авч байгаа хүүхэд бүр баяртай, жаргалтай байдаг?
-Тийм ээ, хүүхдүүд баяртайгаар хүлээн авсан. Бидний зорьсон зорилго ч биеллээ олсонд сэтгэл хангалуун байгаа. Хүүхдүүд баярлуулж, аз жаргалтай инээмсэглэлийг нь харна гэдэг өөрөө аз жаргал юм. Тиймээс бид жил бүрийн хүүхдийн баярыг угтсан ажлуудаа тасралтгүй, бас илүү олон хүүхэд баярлуулахын тулд хичээж байна.
–Энэ удаа дөрвөн ихэр найман хүүхэдтэй өнөр бүлийг баярлуулахаар болсон гэж дуулсан. Яагаад энэ айлыг сонгож байгаа юм бэ?
-Манай “Чухаг-1” болон “Чухаг-2” хотхонуудыг барих төсөл үргэлжлээд явж байна. Энэ айлыг сонгосон нь их учиртай. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан ажил хийсээр ирсэн.
Түүний нэг нь болох дөрвөн удаа дараалж, ихэр хүүхэд төрүүлсэн найман хүүхэдтэй айлд “Чухаг 1” хотхонд гурван өрөө байр бэлэглэсэн юм.
Хүүхэд бүхэн жаргалтай, элэг бүтэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах учиртай. Тиймээс ихэр заяа түшсэн найман хүүхэдтэй энэ айлыг бид онцолж, байр өгсөн. Энэ удаад ихрүүд маань хэрхэн том болж, хүүхдүүд маань ямар хүн болж, өсч торниж байгааг харахыг хүсч байгаагаас гадна хүүхдийн баяр тохиож байгаа учраас тэднийгээ баярлуулахыг хүссэн юм.
-Ихэр заяа гэдэг ховор тохиол гэж монголчууд билэгшээдэг. Тэр дундаа дөрвөн удаа төрөхдөө ихэрлэнэ гэдэг бүр ч ховор заяа. Дөрвөн ихэр гэхээр Монголд төдийгүй дэлхийд ховор тохиолдол юм.
-Дөрөв дараалж төрөөд, дандаа ихэр хүүхдүүд төрүүлнэ гэдэг хүнд тэр бүр тохиолдохгүй ховор заяа гэж бодсон учраас "Чухаг-1" хорооллынхоо төслийг эхлэх үеэр энэ айлыг сонгосон. Мэдээж бид "Чухаг-1" төсөл эхлэх үеэр тухайн хорооны удирдлагуудтай хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй туслах боломжтой айл юу байгааг судалсан. Ирсэн материалтай танилцаад, ихрүүдийнхээгээ сонгож байсан юм.
-“Женерал тек” ХХК-ийн талаар олон хүмүүс мэдэх байх. Одоо танай компани ямар ямар төслүүд хэрэгжүүлж ажил хэрэг болгоод байна вэ?
-Манайх 2014 оноос хойш барилга барих ажилд ханцуй шамлан оролцсон. Анх “Чухаг-1” хотхон эхэлснээс хойш “Чухаг-2” төслийг эхлүүлж, нийтдээ 560 айлын орон сууц барьж, зуун хувь ашиглалтад оруулаад байна. Манай барилгын хувьд гадна талбайн зохион байгуулалт болон машины зогсоол хангалттай байдгаараа онцлог. Мөн цэцэрлэгт хүрээлэнтэйгээ залгаа, цэвэр агаарын бүсэд оршиж байна.
Манай дараагийн барилгын төслийн ажил нисэхэд байршилтай. “Буянт-Ухаа цогцолборын хажууд “Чухаг-3” төслөө эхлэхээр болсон.
Мөн захиалагч байгууллагын зүгээс Боловсролын яамны харьяа 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендерийн ажил эхэлнэ. Түүнээс гадна хаусны төслүүд болон амралтын газар зэрэг нэлээн олон төсөл эхлүүлээд амжилттай хэрэгжүүлж байна.
"ТӨРӨХ БҮРТ ИХЭР ГЭХЭЭР ХҮМҮҮС ҮНЭМШДЭГГҮЙ БАЙСАН"
Ингээд бид "Женерал Тек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Оюунцэцэгтэй хамт дөрвөн удаагийн төрөлтөөр ихрүүдтэй болсон М.Энхтөрийнд зочилж, танилцлаа.