Дэлхийн хамгийн урт аяллын хөлөг онгоц “Royal Caribbean” Карибын тэнгист осол гаргажээ. Тодруулбал, Ямайкийн Фалмут дахь зогсоол руу орох гэж байгаад далайн боомтыг эвдэж сүйтгэсэн байна.
“Royal Caribbean” хөлөг онгоцны урт 362 метр, жин нь 226963 тонн юм. Эйфелийн цамхаг 299.9 метр өндөр билээ. Дэлхийн хамгийн том аяллын хөлөг “Wonder of the seas” нь 236857 тонн жинтэй юм байна.
Зочид болон багийн гишүүдээс бэртэж гэмтсэн хүн үгүй бөгөөд зөвхөн хөлгийн эх биед хонхорхой, халцархай үүсчээ. Осол өнгөрсөн Пүрэв гаригт орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт болсныг “Daily mail” хуудас мэдээлэв.
“Royal Caribbean” хөлөг Флоридагийн Канаверал боомтоос тавдугаар сарын 22-нд долоо хоногийн аяллаар хөдөлсөн байна. Хуваарийн дагуу 27-нд Лабади Гаити арал руу, 30-нд Багамын нийслэл Нассау руу хөдлөх ёстой байсан боловч ослоос шалтгаалаад Флоридад буцаж иржээ.
Хөлөг онгоц Карибын тэнгисээр долоо хоногийн хугацаатай, хоёр талын аялалд зорчигчдыг тээвэрлэдэг аж. Уг аяллын хамгийн хямд өрөөний үнэ 495 фунт стерлингээс эхлэх ба тагттай бол 702, люкс бол 1542 фунт стерлинг юм байна. Хөлөг онгоцон дээр 23 усан бассейн, 17 тавцан, 1400 хүний суудалтай театр, 6410 зочин хүлээн авах 2700 өрөө байдаг. Энэхүү нүсэр байгууламжийн өртөг нэг тэрбум фунт стерлинг хүрнэ гэж “Daily mail” мэдээлжээ.
Эх сурвалж: DAILY MAIL