"Эвийн өргөө-Энхийн буухиа" гүйлт тавдугаар сарын 14-нд нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхлүүлснээс хойш долоон аймгийн нийт 37 сумын нутаг дэвсгэрээр 2364 км буухиалаад байна.
Энхийн гүйлтийн бамбар тавдугаар сарын 31-нд Дундговь аймгийн Мандалговиос Луус, Хулд сумдын нутаг дэвсгэрээр буухиалан нийт 189 км зам туулж, Цогт-Овоо суманд шилжинэ. Энхийн галт бамбарыг Луус сумын Засаг даргын орлогч Т.Алтангадас тэргүүтэй орон нутгийн баг хүлээн авсан аж. Сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Эх үрсийн баярыг тохиолдуулан энхийн гүйлтийн тухай өөрсдийн зурсан зургаар "Эв эе надаас эхтэй" сэдвээр үзэсгэлэн гаргажээ.
"Эвийн өргөө-Энхийн буухиа" гүйлтийн галт бамбар энэ жил 21 аймаг, нийслэл хот, 108 сумаар нийтдээ 7300 гаруй км газар нутгаар нийт 54 хоногийн турш буухиалан аялах юм. Галт бамбарыг тасралтгүй асаах үүрэгтэй үндсэн багт Орос, Австрали, Шинэ-Зеланд, Унгар, Молдав, Голланд зэрэг зургаан орны гүйгчид оролцож байна.
Энхийн бамбар зургадугаар сарын 1-нд Цогт-Овоо сумаас нийт 113 км буухиалж, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шилжинэ.
Холбоотой мэдээ