Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж, өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслөө Х.Нямбаатар сайд эгүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн. Гэвч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Энэ хуулийг хууль санаачлагч дураараа татахгүй, энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө” хэмээн алх цохисон. Х.Нямбаатар сайд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслөө татаж байгаагаа “Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ” гэж тайлбарлаж байв.
Монгол Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчдыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилно гэх хуулийн зохицуулалттай. Гэвч Х.Нямбаатар сайдын өргөн барьсан хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн чиглэлийн хүрээнд Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө татаж байгаагаа ч тайлбарлав.
Аливаа хууль санаачлахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авдаг зохицуулалттай. Гэтэл Х.Нямбаатар сайд хууль боловсруулахдаа Улсын ерөнхий прокурорыг томилдог Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй юу гэдэг хардлага үүсч байгаа юм. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу хуулийн төслөө татаж байгаагаа мэдэгдсэн. Х.Нямбаатар сайдын өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын бүх яам, Шадар сайд нараас ирүүлсэн саналуудыг бүгдийг нь тусгасан гэжээ.
Харин холбогдох байгууллагууд дунд Ерөнхийлөгчийн санал байхгүй байгаа юм. Гэхдээ Засгийн газраас өөрийн эрх мэдлийн хүрээнд хууль өргөн барьж байгаа учраас, ялангуяа дагалдах хууль учраас холбогдох байгууллагуудаас заавал санал авах шаардлагагүй гэж зарим хуульчид тайлбарлаж байна.
ХУУЛЬ ӨРГӨН БАРИХДАА ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДААС АВСАН САНАЛЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.
Санал ирүүлсэн байгууллагууд дотроос ирүүлсэн саналууд дунд Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн санал анхаарал татаж байна.
Энэ хуультай холбоотой Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд:
-Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 1/1933 тоот албан бичгийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад, дараах асуудлыг бүхэлд нь дэмжих боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. 2002, 2017 оны эрүүгийн процессын хуулиуд нь эрүүгийн эрх зүйн процессын олон улсын жишиг, чиг хандлага, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенци, эрдэмтэн, судлаачдын хийсэн олон жилийн судалгаа, практикт хийсэн дүн шинжилгээ, хуулийн байгууллагуудын санал дүгнэлт зэрэгт нийцүүлэн, Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг тусгасан, үндсэн суурь зарчмуудыг оновчтой тодорхойлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн эрх зүйн орчин, үндсийг бий болгосон.
Ялангуяа хүний эрх, эрх чөлөөнд халдсан, хязгаарласан аливаа шийдвэрийг зөвхөн шүүх, прокурор хэрэгжүүлдэг байхаас гадна хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой, зарчмын шинжтэй олон чухал зохицуулалтыг тусгасан, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн гэж үздэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, хэргийг нэгтгэх, тусгаарлах зэрэг шийдвэрийг мөрдөгч гаргахаар тусгасан нь 1963 оны социалист хэв маягийн байцаан шийтгэх хуулийн үзэл санаанд тулгуурласан, 2002, 2017 оны хууль эрх зүйн дэвшлээс ухарсан, оновчтой шийдвэр биш, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим хөндөгдсөн гэж үзэж байна.
Тайлбар: Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн санал бүрэн эхээрээ
Эндээс харахад Х.Нямбаатар сайдын өргөн барьсан Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй Улсын ерөнхий прокурор танилцаагүй юу гэсэн хардлага дагуулж байгаа юм. Х.Нямбаатар сайд анхнаасаа ийм хууль санаачлан боловсруулсныг Ерөнхийлөгчид мэдэгдээгүй юу, эсвэл үнэхээр олон нийтийн шүүмжлэлээс болж хуулиа татав уу. Ямартай ч Засгийн газар хуулиа татахаа мэдэгдэж, МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авав.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ