УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт өнгөрсөн амралтын өдөр Парис хотын Стад де Франс цэнгэлдэхэд болсон. Энэ үеэр тасалбаргүй, эсвэл хуурамч тасалбартай фэнүүд цэнгэлдэх рүү нэвтрэх гэж үймээн дэгдээжээ.
Финалд Испанийн Реал Мадрид Английн Ливерпүүлийг 1:0 гэсэн харьцаатай хожиж, 14 дэх цомоо хүртсэн билээ.
Энэ талаар Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин “Британиас ирсэн олон мянган фанат тасалбаргүй, эсвэл хуурамч тасалбартай хүчээр цэнгэлдэх рүү орохыг оролдсон. Бүр харгис хэрцгий зан авир гаргасан. Харин тэрхүү хүнд нөхцөл байдалд ажилласан хууль хүчнийхэндээ талархаж байна” гэжээ.
Францын цагдаа нар үймээн дэгдээгчдийг дарахын тулд нулимс асгаруулагч ашигласан байна. Тоглолтын өмнөх дээрх үймээний улмаас тоглолт товлосон хугацаанаасаа 36 минут хоцорч эхэлжээ.
Францын Спортын сайд Амели Оудеа-Кастерагийн хэлснээр, үймээний улмаас 2700 гаруй тасалбартай хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхэд орж чадаагүй аж. Тэрбээр ярихдаа “Ливерпүүлийнхэн Реал Мадридыг бодвол Парист ирэхдээ фэнүүдээ зохион байгуулалтад оруулж чадаагүй. Ливерпүүлийнхэн фэнүүдээ сул тавьж, дур зоргоор нь аашлуулсан. Энэ л гол ялгаа нь. Стад де Франс цэнгэлдэхэд болсон үйл явдлын бичлэгийг хараад үнэхээр гонсойсон, бас сэтгэл түгшсэн. Ливерпүүлийн фэнүүдийн хандлага үнэхээр биднийг гонсойлгосон” гэжээ.
Ливерпүүл хотыг төлөөлөн парламентэд сонгогдсон Йан Бирн “Sky News”-д өгсөн ярилцлагадаа “Үнэхээр аймшигтай байсан. Өөр тодорхойлох үг алга. 1989 онд Хиллсбород байсан хүний хувьд хэлэхэд саяны үйл явдал тэр аймшигтай дурсамжийг эргэн сэргээсэн” гэв.
Хиллсбород болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр харамсалтай явдал тохиож, 97 хөгжөөн дэмжигч амиа алджээ.
Холбоотой мэдээ