Ц.Нацагдорж: "Playtime" наадам 60 мянган үзэгч хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Ц.Нацагдорж: "Playtime" наадам 60 мянган үзэгч хүлээн авна

Ц.Нацагдорж: "Playtime" наадам 60 мянган үзэгч хүлээн авна

Тэртээ 2003 оноос хойш хөгжмийн утас хөвөрч, 2022 онтой золгожээ. Конверс кет, өргөн футболк, тоглолтын тасалбар, мандат, хамтлагийн нэрс… Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьсал авчирсан "Playtime" наадмын түүх. Энэ жил 20 нас хүрч байна.

Энэ жил "Playtime" наадам дөрөв хоногийн турш 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэнэ гэж тус наадмын зохион байгуулагчид мэдээллээ.

Наадмын 20 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй "Road to 20" үзэсгэлэнг дэлгэжээ. Уг үзэсгэлэн зургадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд наадмын түүхэн замналыг өгүүлэх зурагт хуудас, 100 гаруй гэрэл зураг, баримтат кино, фестивальд зориулсан хувцас загварын цуглуулга, тусгай инсталляц бүтээлийг "Q art" галерейд олны хүртээл болгосон байв. Мөн "Time to play" баримтат кино бүтээжээ.

"PLAYTIME-2022″ НААДМААР ЦАХИЛГААН АВТОБУС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ"

"Playtime" фестивалийг санаачлагч, захирал Ц.НАЦАГДОРЖ:

-Энэ жил "Playtime" фестиваль 20 нас хүрч байна. Ойн баяраа долдугаар сарын 7-ноос 10-ны өдрүүдэд дөрөв хоногийн турш "Монгол шилтгээн"-д зохион байгуулна. Хоёр жилийн дараах фестивальд нийт 150 гаруй уран бүтээлч 15 тайзан дээр тоглоно. Нийтдээ 60 мянган үзэгч хүлээн авахаар төлөвлөж буй. Энэ удаа амьд хөгжмийн наадам маань байгаль экологид ээлтэй, ногоон наадам болж байгаагаараа онцлог. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн томоохон хэсэг гэдэг үүднээс 2500 аж ахуйн нэгж хамтран ажиллана. Нийслэлийн эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна залуусын хөгжмийн боловсролд томоохон дэвшил авчирна гэж найдаж байна.

Дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчид уламжлал ёсоор Франц, Японы хамтлаг болон анх удаа дэлхийн хэмжээний хөгжмийн дижи /DJ/ Hit Models урилгаар оролцохоос гадна гадаадаас таван дижи ирж тоглоно. Өөрөөр хэлбэл, олон улсын хөгжмийн фестиваль болно гэсэн үг.

Наадмын өдрүүдэд хог хаягдлаа багасгах үүднээс хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллана. Мөн олон удаа хэрэглэдэг аяга хэрэглэж, хуванцар савны хэрэглээг багасгах, үнэ төлбөргүй цахилгаан автобус үйлчилнэ. Тэр хэмжээгээрээ агаарын бохирдлыг бууруулж, талбайн эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэж, нарны зай ашиглана. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан "Playtime-2022" илүү нийгмийн хариуцлагатай, эко, чанартай хөгжмийн хөтөлбөрөө хүргэхийг зорьж байна. Амьд хөгжмийн наадмын тасалбар shoppy.mn худалдаанд гарсан.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж