Төмөр могой “амилсан” ба түүхэнд үлдэх Л.Оюун-Эрдэнийн реформ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Төмөр могой “амилсан” ба түүхэнд үлдэх Л.Оюун-Эрдэнийн реформ

Төмөр могой “амилсан” ба түүхэнд үлдэх Л.Оюун-Эрдэнийн реформ

Монгол Улсын Ерөнхий сайдаар 32 хүн ажиллажээ. Тэдгээрийн олонх нь бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг дуусгаж чадалгүй огцорсон байдаг.

Тэдний зураг ордны хананд өлгөөcтэй. Хэдийнх нь нэр түүхэнд үлдсэн бол. М.Энхсайхан үнэ чөлөөлсөн, С.Баяр "Оюутолгой"-г хөдөлгөсөн гээд Ерөнхий сайд байхдаа хийсэн бүтээснээрээ “овоглогддог” нь цөөн. Товчхондоо, Монгол Улсын лидерийн хэмжээнд ажиллаж чадсан Ерөнхий сайд хэн бэ гэвэл сонирхолтой дүр зураг гарч магадгүй л юм.

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт томилолтоор ажиллав. Түүний томилолтын албан мэдээнээс харахад, Монголын экспорт сэргэх шинжтэй. Тэрбээр ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно гэж амлажээ. Энэ нь амлалт төдий биш, түүний амбиц байгаасай гэж найднам. Учир нь үе үеийн Ерөнхий сайд нар өчнөөн гоё амлалт өгдөг. Үүнээс хэрэгждэг нь харамсалтай нь цөөхөн.

Ерөнхий сайд болгоны мөрөөдөл хэрэгжсэн бол Монгол өдийд “модоо барьсан гуйлгачин” хэвээрээ байх уу.  Иймээс л Л.Оюун-Эрдэнийн амлалт цаасан дээр биш бодит ажил бодлого, жинхэнээсээ эдийн засгийн сэргэлт, реформ болоосой гэсэн хүлээлт бол бий. Авчиг амлалтаа ажил хэрэг болгож чадах эсэх нь өөрөөс нь бас өөрийнх нь танхимын сайд нараас нь шалтгаална. Хувийн жижиг эрх ашгийнхаа төлөө улсынхаа эрх ашгаар наймаалцах улстөрч Монголд цөөдөхгүй бий.

Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХУНДАГА ӨРГӨХ ҮҮ?

Олон жилийн өмнөөс ярьж, овоолсон шороо төдий байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг энэ жилийн наадмаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ бол Монголын экспортын гол зам байх нь ойлгомжтой. Үүнийг ойлгохын тулд монголчууд овоохон төлбөр төлсөн.  Гашуунсухайтын төмөр зам ашиглалтал орсноос найман жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, 58.8 сая ам.долларыг цэвэр ашигтай ажиллана гэсэн эдийн засгийн тооцоолол бий. Уг төмөр замаар нүүрснээ зөөхийн тулд вагоноос вагонд чингэлэгт тээврийн шилжүүлэх терминал байгуулах ёстой. Хэрэвзээ нарийн царигтай төмөр зам тавьсан бол ачих, шилжүүлэхийн зовлонгүй, Хятадын нарийн царигтай төмөр замаар нүүрсаа гуравдагч хөрш рүү гаргах боломжтой байсан. Одоо яах гэхэв, улсаараа Оросын гар хөлүүдэд чадагдсан. Оройтсон ч гэсэн төмөр замаа ашиглалтад оруулж байгаа нь их юм.

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад орж, “Монголын төмөр зам” компаниудтай аль хэдийнэ тээвэрлэлтийн гэрээ байгуулаад эхэлжээ. Уг нь энэхүү төмөр замыг “Зүүнбаян төмөр зам” компани хариуцах ёстой. Атал ашиг олоод эхлэнгүүт барьцах хүмүүс олширч, монголчуудын гэм биш зан нь энэ хойно. Нэгэн цагт Зүүнбаянгийн төмөр замыг нөхөн үржихүйтэй холбож ярьж байснаа бодвол нүүрсээ зөөгөөл эхэлсэн бололтой юм.

Уг төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр дахин бага зардлаар тээвэрлэх гэнэ. Албаны хүмүүсийн хэлсэн тоо баримтаар шүү дээ. Төмөр замын трассын дагуу байршиж буй ашигт малтмалын 37 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ. 2000 орчим ажлын байрыг бий болгож, орон нутгийн оршин суугчдын ажил эрхлэлт нэмэгдэнэ гэдэг мэдээж муу мэдээ лав биш. Төслийн хүрээнд Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан 455 км урт эрчим хүчний шугамыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа, игэснээр говь эзэнтэй болно гэсэн эерэг хүлээлт байна. Ялангуяа орон нутгийнхан болоод нүүрсний салбарынхны хувьд.

 Харин Зүүнбаян-Хангимандалын хөндлөн төмөр замыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулснаар Монгол Улс транзит тээвэр эрхлэх үүд хаалга нээгдэж байна гэсэн үг.  Гурван сумын нутгаар дамжих тус төмөр замыг баригдсанаар хилийн экспортын чадамж 2-3 дахин нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн коксжих нүүрсийг ӨМӨЗО-ы Бугат хот руу шууд тээвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Дархан, Сэлэнгээс олборлосон төмрийн хүдрийг Бугатад хүргэх экспортын гарц болно. Да.Ганболд нэгэнтээ “Ч.Сайханбилэг Оюутолгойн бүтээн байгуулалт эхлүүлснийх нь төлөө хөшөө босгосон ч яадаг юм” гэж ярилцлага өгч байсан шиг Л.Оюун-Эрдэнэд үүнийх нь төлөө хундага өргөсөн нь болох шахуу, Монголд асар их ашиг авчрах том төслүүд юм. Эдгээр төмөр замууд ашиглалтад орсноор жилдээ 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой гэхээр.

ДАРААГИЙН ЭРДЭНЭТ

Өмнөговь аймаг өрсөлдөх чадвараараа Монгол Улсдаа дандаа дээгүүрт ордог. Энэ нь уул уурхайн буян шүү дээ. Удахгүй төмөр замууд нь ашиглалтад орно. Дээр нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь бүрэн чадлаараа ажиллаж эхэлнэ. Тэр үед Өмнөговьд хөгжлөөрөө тэргүүлэх биз. Нэг ёсондоо, дараагийн Эрдэнэт болно гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч хэлсэн байна лээ, Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлнэ гэж.  Тэр ч бүү хэл “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” гэсэн бодлогоо орон нутгийнханд хүлээлгэж өгсөн байна лаа.

Майдар хот гэж сэрүүн зүүдлэж байхаар Ханбогдыг хот болгоно гэвэл бодит ажил болох нь амархан байх. Майдар хот гэж ганц бурханы хөшөөг бараадаад амьдрах хүн байх уу. Харин уул уурхайг түшиглэсэн аймаг, сумыг бол хөгжүүлэх өөр.  Учир нь, Оюутолгойн төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон гээд бодохоор.   Ханбогд Өмнөговь аймгийн төсвийн бүрдүүлэлтийн 50 хувийг хангадаг.  Ердөө найман жилийн дараа л хотынхноос ялгахгүй орчин үеийн орон сууцанд амьдрах боломж сумын иргэдэд байна, азтай хүмүүс юм. Бүр 20 мянган хүн амтай сум гэж байна шүү.

Энэ бүхэн ажил хэрэг болгож чадвал Л.Оюун- Эрдэнийн хувьд М.Энхсайхан, С.Баяр шиг хожмоо хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч болно гэсэн үг. Үнэндээ, Монголын Ерөнхий сайдууд ёстой л амаргүй хувь тавилантай хүмүүс байдаг л даа. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ тэдэн шиг лидер болохын тул амлах биш ажилла, бас дахин ажилла.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж