Украины албан тушаалтнууд АНУ-аас алсын тусгалын пуужингийн дэвшилтэт систем илгээхийг шаардаж буй. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.05.30/ "Орос руу хүрч чадах пуужингийн системийг илгээхгүй" гэж мэдэгджээ.
АНУ алсын тусгалын пуужингийн дэвшилтэт системүүдийг Украинд илгээхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл гарсны дараа Жо Байден ийн тайлбар хийжээ. Өнөөдрийг хүртэл АНУ-аас Украинд олон мянган агаарын довтолгооноос хамгаалах зенит, жавелин, пуужин, дэвшилтэт нисгэгчгүй онгоц, хээрийн их буу нийлүүлээд буй юм.
Тэрбээр ямар нэгэн тодорхой зэвсгийн систем өгөхийг үгүйсгээгүй ч оронд нь тэдгээрийн ашиглалтад нөхцөл тавьж буй бололтой. Тодруулбал, Украинд өөрийгөө хамгаалахад нь туслахыг хүсч буй ч Орос руу довтлоход ашиглаж болох зэвсгээр хангахыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа аж. Байдены засгийн газар цэргийн тусламжийн шинэ багц дээр ажиллаж буй бөгөөд шийдвэрээ ойрын өдрүүдэд зарлана гэжээ. Уг шинэ багцийн хүрээнд “MLRS”, “HIMARS” гэх их бууны пуужингийн системийг илгээх төлөвтэй байна.
Дашрамд дурдахад, Дани улсаас Украинд хөлөг онгоц эсэргүүцэх “Харпун” пуужин илгээсэн. Мөн АНУ-аас өөрөө явагч гаубиц илгээж эхэлснийг Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгдэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт зэвсгийн тусламжийн талаар барууныханд анхааруулга хүргүүлсэн. Тэрбээр "Украиныг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсгээр хангах нь байж боломгүй хурцадмал байдалд чиглэсэн ноцтой алхам болно" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: REUTERS, ALJAZEERA
Холбоотой мэдээ