Ардчилсан нам долоо хоног тутмын 4/11 ээлжит мэдээллийн цагаараа Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийн дүнг танилцуулж, ҮБХ-ны ээлжит бус их хурлыг 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр зохион байгуулах болсон талаар танилцууллаа.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.АЛТАНХУЯГ:
-Намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрлөө. Сонгуулийн санал, хураалтын үед ямар нэгэн санал гомдол ирээгүй. Харин зарим гишүүд санал өгөх процессын мэдээлэл дутуугаас дотоод сонгуулийн хороо руу ярьсан. Нийт 90 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон.
Дүрмийн дагуу их хурлын найман гишүүн нэмэгдэж, эргэлтийн ротацид ороогүй 181 гишүүний хамтаар нийт 279 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бий боллоо.
Ирэх сарын 2-нд сонгогдсон гишүүдийг баталгаажуулна. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаар гишүүдийг баталгаажуулж, дарга сонгож, дүрмээ хэлэлцсэнээр дараа дараагийн ажлууд хийгдээд явна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Ц.Нямдорж нэгэн цагт өөрөө хууль гаргадаг байсан бол одоо өөртөө зориулж хууль бичүүлдэг боллоо. Төрийн албанд мэргэжлийн хүн дэвшүүлдэг болохоос дэвшүүлэн зайлуулах системтэй байж болохгүй. Эрх баригч намд Улсын ерөнхий прокурор хийчихээр хүн олдохгүй байгаад гайхаж байна. Н.Баганбанди, С.Дэмбэрэл гээд өвгөчүүдийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Дараагийн асуудал бол МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа хувьд баатар байж байж болох ч Монголын төлөө хийсэн нэг ч гавьяагүй. 2020 оны сонгуулийг та нар шударга бусаар явуулж, ялсан.
Хар машинтай холбоотой асуудал, иргэдийн гомдол саналыг хүлээж авахгүйгээр, тогтолцоогоо өөрчлөөгүй байж Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бүтэхгүй.
МАН-ын даргаас илүү Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийн зовлонг жаахан ч болов ойлгож байгаа байх. Эрх баригчид ард түмний сонгуулийг шударга явуулах хэрэгтэй. Гуравдугаарт, хүний эрхэд халддаг тогтолцоог Х.Нямбаатар өөрчлөх ёстой. Цагдаагийн хуулийг цагдаа, прокурорын хуулийг прокурор бичнэ гэдэг утгагүй. Засгийн газар хүний эрхийг хамгаалах тал дээр төсөв мөнгө гаргах цаг болсон. Монголын төрд хэдэн жил сайд байсан нь чухал биш. Юу хийсэн нь чухал. Тиймээс иргэдийнхээ төлөө ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна. Бид зарчмын хувьд л асуудлыг ярина. Хууль өөрчлөөд, асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Монголын төр сонгуулиа явуулж чадахгүйд хүрлээ.
Ардчилсан намаас Булган, Завхан аймагт нөхөн сонгууль явагдах боломжгүй ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийж, хариуцлагатай хандах ёстой.
Хоёрхон аймагт хийж байгаа нөхөн сонгуулийг зохион байгуулж чадахгүй байж 2024 оны сонгуулийг яаж шударга зохион байгуулах вэ? Татвар төлөгчдийн мөнгөөр төсөвт сонгуулийг тусгасан байж зохион байгуулж чадахгүй байна. УИХ-ын дарга ч анхаарах хэрэгтэй. Мөн Үндэсний аюулгүй байдлын асуудлыг МАН-ын генсек биш, Үндэсний аюулгүй байдлын хороо ярих хэрэгтэй. Нам, төрийн өмнөөс ажиллахаа боль.
Холбоотой мэдээ