"Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнтэй Эрүүгийн хуулийн төсөл дэх доромжлох заалтын талаар ярилцлаа.
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд доромжлох заалт оруулж ирлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг заалт, сэтгүүлч комедианд хамаагүй хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар ярилцлага эхлүүлье?
-Бид 2017 онд Эрүүгийн хуулиас доромжлох, гүтгэх заалтыг амжилттай халж чадсан. Нөгөө талаас илт худал мэдээлэл гэдэг томъёолол оруулж ирэхдээ хэт өргөн хүрээнд оруулж ирсэн учраас уламжлалт гэмт хэрэг хэмээн ойлгон, шийтгэл оногдуулж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн давхардал үүсэх гэж байна. Бие даасан гэмт хэрэг буюу 13.15-аар доромжлох заалтыг оруулж ирэх шаардлага байхгүй. Хоёрдугаарт, Эрүүгийн хууль тогтвортой байх ёстой. Хэн нэгэн улстөрчийн үзэмж, Засгийн газар солигдож буйгаас үл хамаарч байх ёстой. Таван жилийн өмнө Эрүүгийн хуулиас хассан гэмт хэргийг одоо дахин оруулж ирж буй хууль ёсны шаардлагыг “тэд” тодорхойлж чадахгүй байна. Тухайн хууль тогтоомжийн зүйл заалт, хэрэгцээ шаардлагыг тандан, судалгаа хийх ёстой. Гэтэл судалгаа байхгүй байна. Энэ нь хэн нэг субъектийн хүсэл зорилго биш юм. Нөгөө талаас чөлөөт шүүмжлэл, эрүүл нийгмийн дуу хоолой болох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах эрсдэлтэй.
Доромжлох заалт сэтгүүлч комедианд хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь өнөөдрийн Эрүүгийн хуулиар боломжгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүх иргэнд хамаатай.
Доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараахыг ажил үүргийн хувиар итгэмжлэн хариуцна гэдэг нь сэтгүүлч, комедианууд биш юм. Энэ бол хуулийн дор тайлбар хэсгээр орох боломжгүй. Үнэхээр оруулах байсан бол адаглаад хуулийн төсөл дээр тусгахгүй яасан юм бэ. Сэтгүүлч, комедиан хариуцлага хүлээхгүй байна гэж байхгүй. Энэ бол улс төрийн арга заль буюу олон нийтэд таалагдах гэсэн явцуу ашиг сонирхол, оролдлого болоод буй юм.
"ЭНГИЙНЭЭР ТАЙЛБАРЛАВАЛ ДОРОМЖЛОХ НЬ ХУВЬ ХҮН ХООРОНДЫН ХАРИЛЦАА"
-Доромжлохыг тодорхойлж болдог уу?
-Бид 2007 онд доромжлохыг Улсын дээд шүүхийн 40 дүгээр тогтоолоор тодорхойлсон. Доромжлох гэдэг нь дээд шүүхийн тогтоолоос үл хамаараад, дэлхийн эрх зүйн түүх, сэтгэлгээнд тогтсон ойлголт юм. Юунаас урган гардаг вэ гэвэл ёс суртахуунтай холбоотой үндэсний зан заншил, хүн төрөлхтний үнэт өв соёлтой холбоотой асуудал байдаг. Энгийнээр тайлбарлавал хувь хүнь хоорондын харилцаа юм. Доромжлох нь ямар ч нийгмийн бүлэг дотор байдаг. Жишээ нь, гэр бүл, анги хамт олон, байгууллагын хүрээнд байдаг. Доромжлох гэдэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэг арга хэлбэр. Уран сайхны төрөлд шог зураг, яруу найраг, комедиан, үлгэр туульс, дуу хөгжим зэрэг бүгд орно. Зөвхөн комедианууд доромжлох гэмт хэргийн улмаас хариуцлага хүлээхгүй гэвэл өнөөдөр уран бүтээл туурвиж байгаа бусад артистууд яах юм бэ. Монгол ардын үлгэр дээр хүртэл доромжлох утга байдгийг олон удаа ярьж байна. Тиймээс уг асуудлыг нухацтай харах хэрэгтэй.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өсвөр насны хүүхдийн дунд доромжлуулсны улмаас амиа хорлох үзэгдэл гарч буйн улмаас энэ заалтыг оруулж ирсэн хэмээн тайлбарлаж байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Өсвөр насны хүүхдийн жишээн дээр доромжлох гэдэг заалтыг оруулж буй улс орон дэлхий дээр байхгүй. Магадгүй Монгол Улс болох байх. Улсын дээд шүүхийн тайлбарт “Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ гэж байгаа юм. Яг үндсэндээ дээрх тайлбарын ач холбогдол хоцрогдчихсон. Өөрөөр хэлбэл цахим орчны шилжилттэй холбоотойгоор үсрэнгүй хөгжчихөөд байна. Тараах, түгээх, илт, худал мэдээлэл гэж юу юм бэ гэдэг тодорхойлолттой болчихлоо. ЮНЕСКО-гийн бодлогын баримт бичигт хуурамч мэдээллийн үндсэн гурван төрлийг тодорхойлсон. Манайх худал мэдээллийг тодорхойлоогүй. Уг гэмт хэргийг шалгаж буй албан тушаалтан өөрийн үзэмжээр хандах бололцоотой болж байна. Мөн Эрүүгийн хуулийн өргөн барьсан төсөлд 13.14 дэх заалтаас илт гэдэг үгийг авъя гэж байгаа юм. Илт гэдэг үгийг авснаар тухайн хэргийг хянан шалгаж буй хүмүүст илт гэдэг үг нь ашигтай. Нөгөө талаас тараах, түгээх гэдэг ойлголтыг ялгаж чадахгүй байна. Анхдагч эх сурвалжийн мэдээллийг хувь хүн хуваалцахад хариуцлага оногдуулж байна. Жишээ нь, вэб сайтын дор коммент бичсэн иргэнд шийтгэл оногдуулж байна. 2016 оны байдлаар доромжлохыг гэмт хэргээс амжилттай халсан улс орнуудын жишээ олон бий. Тухайлбал, Өмнөд Африк, Зимбабе халсан бол 2000-аад оны эхний арван жилд Гүрж, Украин, Тонга гэх мэт улс орнууд Эрүүгийн хуулиасаа доромжлох заалтыг халсан.
"СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БАТАТГАН ХАМГААЛАХ, БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ЯМАР Ч АЖИЛ ХИЙСЭНГҮЙ"
-Энэ хууль батлагдвал хэвлэлийн эрх чөлөөнд халтай юу. Судалгаагаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байраар ухарсан байна?
-Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр ухрахад хүргэсэн гол гурван хүчин зүйл бий. Сэтгүүлчдийн аюулгүй байдал харьцангуй тогтвортой. Гэхдээ дээрх гурван хүчин зүйлд нэгдүгээрт, улс төр, хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал, гуравдугаарт, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг дурдаж болно. Хууль тогтоомжийн хувьд бид сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөг хумих талаар ярилаа. Яагаад гэвэл маш олон журам гарсан. Мөн шүүхээс хэвлэл мэдээллийг шийтгэх тогтоол гарсан. Мөн парламентын сэтгүүлчийг төрийн ордон сурвалжлахгүй байхтай холбоотой зохицуулалт, харилцаа холбоо, цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан цахим орчны зохицуулалт гэх мэт олон асуудал гарсан. Нөгөө талаар олон нийтийг төөрөгдүүлсэн гэдэг заалтаар Гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр мянга, мянгаар нь торгож шийтгэсэн. Эрх зүйн орчны хувьд үндсэндээ сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөг бататган хамгаалах, бэхжүүлэх талаар ямар ч ажил хийсэнгүй. Харин ухрахад нөлөөлсөн голлох ажлыг амжилттай сайн хийж чадлаа.
-Уг хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа дутуу хийсэн гэж та дүгнэж байна, тийм үү?
-Хууль тогтоомж боловсруулахын тулд эхлээд тандалт хийх ёстой. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу судалгаа хийх ёстой. Гэтэл уг судалгаа нь хаана байгаа юм бэ. Тогтвортой байх ёстой Эрүүгийн хуульд яагаад доромжлохыг нэг бол халж, нэг бол оруулж ирээд байдаг юм бэ. Гуравдугаарт, доромжлох тухайд зохицуулалттай. Худал мэдээлэл тараах гэдэг агуулгаар уламжлалт гэмт хэргийн доромжлох, гүтгэхийг ойлгож, хариуцлага оногдуулж байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээгээр нотлогдоно. Нөгөө талаас цахим орчинд хүүхэд хамгааллын асуудлаар доромжлох заалтыг оруулж ирж байна гэвэл энэ нь дэлхийд байхгүй сонгодог жишээ шүү. Гэхдээ муугийн сонгодог жишээ. Эрүүгийн хуульд гүтгэлгийг оруулах асуудал 2019 оны намар яригдахад Канадын хуульч Тоби Медл Монголд ирсэн байсан. Тэрбээр “Дэлхий дээр байхгүй цорын ганц улс Монгол болох нь ээ. Яагаад гэвэл гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хасаад оруулах гэж байна” хэмээн хэлж байлаа. Доромжлох яг үүнтэй адилхан. Дэлхийд бид тэнэгээрээ гайхагдах нь байна. Монгол Улсад 16-18 насны хүүхдийн тоо хэд вэ. Харьцуулсан уу. Х.Нямбаатар сайдаас өөрөөс нь асуу. Хүүхдийг цахим орчинд доромжлохыг хэн гаргадаг вэ гэхээр хүүхдүүд өөрсдөө гаргадаг.
Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдээ насан туршид нь хар толботой буюу ял шийтгэл эдэлж байсан гэдэг лавлагаатай болгох гээд байгаа юм уу. Хүүхдийг хамгаалах нэрээр хамаг булхай луйвраа хийж болохгүй, улстөрчид минь ээ.
"Глоб интернэйшнл" төвөөс 1999-2021 оны хооронд хийсэн 22 жилийн шүүхийн шийдвэрт анализ хийхэд доромжлол, худал мэдээлэл, нэр төр алдар хүнд, ажил үүргийн нэр хүндэд халдсан тохиолдлын 1146 хэрэг шийдвэрлэгджээ. Эдгээр хэргийн 42 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хариуцлага оногдуулсан шийдвэр байгаа юм. Энэ гэмт хэргийн улмаас шүүхэд нэхэмжлэх гаргаад буй хүмүүс хэн байна вэ гэхээр гурван хэрэг тутмын нэг нь төрийн албан хаагч, эсвэл улстөрд нөлөө бүхий этгээдүүд. Энэ хүмүүс гомдол гаргах эрхээ хадгалах ашиг сонирхолтой байна. Энэ нь сонгуулийн үеэр буюу цаашдаа улс төрийн зорилгоор ашиглах, шүүмжилсэн хүнийг нухчин дарах зорилготой асуудал юм. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгай хуулиар зохицуулдаг. Эрүүгийн хуульд доромжлохыг оруулснаар хүүхдийн эрх ашиг хангагдахгүй.
Бид дэлхийн бусад улс орноос суралцах гэж буй бол яагаад татгалзаад байгаа юм бэ гэдгийг судлах ёстой. Гэтэл цөөн хэдэн орны жишээг судалчихаад Монголд энэ хэрэгцээтэй байна гэж яриад байгаа нь муйхар хүний үйлдэл байхгүй юу даа.