Бяцхан жаалууд байдгаараа гоёж, "Багш аа, хүүхдийн баяр хэзээ тэмдэглэх вэ" гэж ээрч, уралдан асууцгаана. Өнгө алагласан хананы голд "Өнөр бүл"-ээрээ цугласан хүүхдүүдэд өнөөдрийнх шиг жаргалтай өдөр олон байдаг нь лавтай. Баярын мишээл царайд нь тодорсон хүүхдүүдээ багш нар аз жаргалтай л байлгахыг хүсдэг. Магадгүй амьдралын олон өнгө дунд алдахаас айх нь буруу байх. Гэхдээ тэдгээр хүүхдүүд насандаа баймгүй мэдрэмжийг төвдөө ирэхээсээ өмнө хангалттай туулсан. Хүүхдэд дутагдаж буй хайрыг нөхнө гэдэг ухаан зарсан ажил. Тиймдээ ч энд баргийн хүний сонгож, дурлаж чаддаггүй багш хэмээх мэргэжил ээж, аав хэмээх алдрыг дагуулдаг.
Ээж, аав гэж түмэн үрсээр дуудуулах нь ямар ч шагналаас илүүтэй хүндлэл хэмээн ярих “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн багш, ажилчид хүүхэд бүрийг хайраар дутаахгүй өсгөж байгаа нь бахархалтай.
"ХҮҮХДИЙГ ЯАЖ Ч ХАЙРЛАСАН, ЭЦЭГ ЭХИЙНХ НЬ ТЭВРЭЛТИЙГ ХЭЗЭЭ Ч ОРЛОЖ ЧАДАХГҮЙ"
Өнөөдрийн байдлаар тус төв 177 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт хүүхдийн 70-80 хувь эцэг, эхтэй. Үлдсэн 20 хувь нь эцэг, эхээ алдсан хүүхдүүд. Эцэг, эхтэй хүүхдүүдийн ирж буй шалтгаан нь гэр бүл салалт, аав ээж нь архины хамааралтай, орон гэргүй болсноос үүдэлтэй байдаг аж. Гэр бүлийн хуулиар эцэг, эх байх эрхийг нь хязгаарлана гэдэг ч төвд байгаа хүүхдүүдийн эцэг, эхээс эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан тус бүр нэг л хүн бий гэнэ. Гэтэл тэр эрхээ хязгаарлуулсан, хасуулсан эцэг, эх дараагийн амьдралаа зохиож, дахин хүүхэдтэй болдог байна.
Эцэг, эх нь эсэн мэнд байгаа хэрнээ асрамжид байгаа хүүхэд дээрээ 7-8 жил болж байхад нэг ч ирээгүй, эсвэл согтуу ирдэг нь "Өнөр бүл"-ийнхний "зовлон" гэнэ.
"Өнөр бүл" хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг "Эцэг, эх байх эрхийг нь хассанаар тэдний үүрэг, хариуцлага дээшилдэггүй, харин ч тэднийг юунд ч санаа зовохгүй эрх чөлөөтэй байх, дараагийн амьдралаа зохиох суурь болж өгдөг. Гэр бүл салалтаас тус төвд хоёрхон настайдаа ирээд, насанд хүртлээ амьдарсан хүүхдүүд ч бий. Эцэг, эхийг нь олоод уулзахаар хоёр талд амьдрал зохиочихсон, хүүхэдтэйгээ уулзахгүй гэдэг. Хариуцлага нэрийдлээр шийтгэснээр асуудал шийдэгддэггүйг харж болох олон жишээ бий. Албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар тэднийг орлоготой болгож, засан хүмүүжүүлэхгүй бол эрхийг нь хязгаарлаж, хорьж цагдаж, зүгээр нэг захирамж гаргаснаар асуудал шийдэгдэхгүй. Тиймээс үүнд чиглэсэн хуулийн өөрчлөлтийг нэн даруй хийхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үед манай төвд маш их хүүхэд ирж байна. Нэг гэрийн 3-4 хүүхэд ч нэг дор ирсэн. Бид тэднийг яаж ч хайрласан, эцэг эхийнх нь тэврэлт, үнсэлт, хайрыг хэзээ ч орлож чадахгүй. Хуульд хариуцлагын тогтолцоог нарийн, тодорхой тусгаж өгөх нь зөв" гэсэн юм.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 2-18 НАСНЫ ХҮҮХДИЙГ АСРАМЖДАА АВДАГ ЦОР ГАНЦ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВ
"Өнөр бүл" хүүхдийн төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 800 орчим хүүхэд тус төвөөр овоглон, суралцан хүмүүжиж, амьдралд хөл тавьсан түүхтэй. Хэдийгээр эцэг, эхийн хайрыг 100 хувь орлох боломжгүй ч хүүхдүүддээ хайр, халамж харамгүй мэдрүүлэхийг хүсдэг багш нар энэ төвийн үйл ажиллагааг чамбайруулдаг байна.
Авьяаслаг хүүхдүүдийн дуу хуур, инээд баясал, шуугиан цангинасан "Өнөр бүл" төв улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргээс 2-18 насны хүүхдийг асрамждаа авдаг цор ганц хүүхэд хамгааллын төв.
Тиймдээ ч асрамжийн төвийн багш, ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, удирдлагууд хүүхэд бүртэй ижил тэгш харилцаж, ний нуугүй харилцдаг байна. Шулганан гүйлдэх хүүхдүүд өдөр цэцэрлэгтээ юу хийж сурсан, анги дэвших шалгалтаа хэр өгснөө багшдаа уралдан ярьцгаана. Эдгээр хүүхдүүдэд сургуулиас гэр рүүгээ яарах сэтгэлийг төрүүлж чадсан нь багш нарын хөдөлмөр. Цагаан цаас шиг хүүхдийн сэтгэлд толбо үлдээхгүй хайрлана гэдэг амаргүй. Тэр хүнд ажилд багш нар ийн их сэтгэл гаргаж байгаагаар бахархмаар.
"ТӨВДӨӨ БАГШ, ДҮҮ, АХ, ЭГЧ НАРТАЙГАА АМЬДРАХААС ӨӨР ЖАРГАЛ ҮГҮЙ"
Хүүхдийн баярыг догдлол дүүрэн хүлээж буй хүүхдүүдтэй цөөн хором ярилцлаа. Эмч, багш, сайн аав, ээж болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд одоо цаг хамгийн жаргалтай гэв. Учир нь тэдний хамгийн сайхан мөчүүд төвийнхөө багш, дүү, ах, эгч нартай өнгөрүүлсэн дурсамж байдаг аж. Түүгээр ч зогсохгүй дуртай урлаг, спортоор хичээллэх боломж олгож, хүссэн мэргэжил эзэмших суурийг нь багш нар нь тавьж өгдөг гэв. Өөрсдийнхөө медалийг барьж ирэн гайхуулж, өрөөндөө хэр цэвэрхэн суудгаа танилцуулах хүүхдүүд хэзээний бусадтай ярилцаж, өөрийгөө илэрхийлж сурчээ. Энэ бүхэн "Өнөр бүл" төвийн л ач гэх 10 настай охин хэвлүүхэн, мөн сэргэлэн ажээ.
Энэ төвдөө амьдарч ах эгч, багш нарынхаа хүмүүжлээр өсч байгаа олон хүүхдүүдийн нүдэнд баяр, баясал, халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Тиймээс ч "Өнөр бүл"-ийн багш нар, тус төвийн уур амьсгал хүмүүжил ямар байгааг хүүхдүүдийн нүднээс, харилцаанаас хандлагаас дүгнэж болмоор байна.
Холбоотой мэдээ