Хорих ангийн төмөр хаалга хяхатнана. Янгинатал түгжсэн тэр жихүүцэм хаалганы цаана нялх хүүхдүүдийн дуу сонсдох нь өр өвтгөж, сэтгэл эмтэлнэ. Тэнд одоо дөрвийн дөрвөн бяцхан зүрх цохилж байна.
Хэнд ч гэм хийгээгүй, хэнийг ч хохироогоогүй тэдгээр бяцхан хүүхдүүд шоронд төрж, өсч буй, энэ нийгмийн хохирогчид.
Маргааш Хүүхдийн баярын өдөр. Гоё хувцсаа өмссөн жаалууд аав, ээждээ хөтлүүлэн эрхэлж, хүссэн амттанаа авахуулж, дуртай тоглоомоороо тоглож, үзвэр үйлчилгээ үзэн, баяр хөөр дүүрэн энэ өдрийг жаргалтай тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин төмөр торны цаана “хоригдож” байгаа тэдгээр гэм зэмгүй хүүхдүүдийн хувьд бүх эрх нь ял эдэлж буй ээжийнх нь адил хязгаарлагдмал. Үндсэн хуулиндаа монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлооно гэж тунхагласан. Гэвч тэр зорилго дор төр хүний орчлонд дөнгөж ирсэн нярай хүүхдүүдийн эрхийг хөсөрдүүлж, өргөст торны цаана “хорьж” шийтгэж байна.
"ХОРИХ ТОГТООЛ ГАРААГҮЙ ХҮҮХДИЙГ "ЭХТЭЙ НЬ ХАМТ БАЙЛГАНА" ГЭСЭН НЭРЭЭР ЯЛ ЭДЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН”
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн асан П.Оюунчимэг нэгэн ярилцлагадаа “Монгол Улс таслан шийтгэх тогтоол гараагүй хүүхдийг эхтэй нь хамт байлгана гэсэн нэрээр ял эдлүүлж байгаа нь үнэн” гэж онцолж байсныг энд дурдъя.
Түүнтэй адил байр суурийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зөвлөх Д.Ундраа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хүүхдийн асуудлыг чиг үүргийн хүрээнд хангаж ажилладаг манай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэр бүлийн асуудал дээр хяналт тавьж, анхаарч ажилладаг. Хорих ангид эхийн хамт байгаа хүүхэд гэмт хэрэг үйлдээгүй шүү дээ. Гэтэл ээжийнх нь хамт "хориод" байдгийг хүүхдийн эрхийн зөрчил л гэж ойлгодог” гэсэн юм.
Үе үеийн Засгийн газар, хорих ангид эхийн хамт хоригдож буй хүүхдүүдийн талаар мэр сэр ярихаас цааш хэтэрдэггүй. Бусдын асуудал гэсэн байр сууринаас хандах нь түгээмэл. Зарим этгээдүүд Хүүхдийн баяр дөхмөгц гэнэт ухаан орсон мэт “шоудаж, попрох” гол сэдвээ болгож ирсэн үү л гэхээс илүү гараагүй. Яавал тэдгээр нялх хүүхдүүдийг нэг ч өдөр болов торны цаана, шоронгийн чийг даасан, “зэврүүн” орчинд байлгахгүй байх вэ гэж бодлогын түвшинд ярилцсан удаа бидэнд бий бил үү?
Төрийн ордонд болсон “Хүүхдэд ээлтэй Монгол”-оос эхлээд ойрын өдрүүдэд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, уулзалтууд дээр хорих ангид төрж, өсч буй нярай хүүхдүүдийн асуудал хөндөгдсөнгүй, хэн ч хөндөхийг хүссэнгүй. Бид хүүхдүүддээ ингэж л ханддаг.
Монголчууд иргэний жам ёсны, хууль ёсны эрхүүдийг төр зөрчихөөс хамгаалж эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Хүний эрхийг хамгийн их зөрчигч нь төр. Төр иргэнийхээ эрхийг хүндэтгэх ёстой, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах ёстой, иргэнийхээ эрхийг хангах ёстой. Харамсалтай нь, ардчилсан, хүмүүнлэг Монгол Улсын төр дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг ямар ч “ялын тогтоол”-гүйгээр өргөст торны цаана “хорьж” чадаж байгаад асуудлын гол буй юм.
Аливаа зүйл хоёр талтай. Нэг нь, нэг ч монгол хүүхэд шоронд бүү төрж, өсөг!
Нөгөө талаар эхийн ариун цагаан сүүг юутай ч зүйрлэшгүй гэдэг үнэн. Эхийн сүү хүүхдийн амьдралын эхний зургаан сард хамгийн тохиромжтой хоол болдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхийн хэвлийд олдсон цагаас 2 нас хүртэлх хугацаанд хүүхдийн тархины хөгжил маш эрчимтэй явагддаг. Энэ ч утгаар хорих ял эдэлж буй эхчүүдэд нярай хүүхдийг нь 2 нас хүртэл хамт байхыг хуулиар зөвшөөрдөг биз ээ. Хорих ангид нярайг эхийн хамт байлгаж, эхийн сүүгээр хооллох нь юу юунаас чухал гэсэн байр суурь илэрхийлэх хүн нийгэмд олон ажээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлэхдээ “Ээжтэйгээ хоригдож буй нярайн асуудал их төвөгтэй. Хүүхэд ээжийнхээ хөхний сүүгээр хооллохоос эхлээд 2, 3 нас хүртлээ хамт байх асуудал чухал. Дараа нь ээжээс нь өөр асран хамгаалах хүн байна уу гэдэг асуудал яригддаг. Зарим хүүхдийг хүмүүжигчийн аав, ээж авдаг, зарим нь асрамжийн газар руу шилждэг. Хүүхэд ээж нь гэмт хэрэг хийснээс үл хамаараад эрхээ эдлэх ёстой. Гэхдээ нөгөө талд нь ээжтэйгээ байх эрх нь бий. Ээжийнхээ хөхний сүүгээр хооллож, ээждээ тэврүүлээд, үнсүүлээд унтах шиг жаргал хаа байх вэ. Манай холбоо "Хүүхэд ээжтэйгээ хамт байх нь илүү чухал" гэж үздэг. Ээжийг хэн ч орлодоггүй. Гол нь тэнд байгаа ээж, хүүхдийн орчин нөхцлийг сайжруулах, хүүхэд хамгааллын асуудал дээр анхаарах хэрэгтэй. Хүүхэд өлгийнөөсөө гараад мөлхөнө, алхана. Тэр үед хүүхэд эрүүл, аюулгүй орчинд таатай байх асуудалд илүү анхаарч өгмөөр санагддаг” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРИХОД ЭХИЙН ХАМТ БУЙ ХОЁР ИХЭР ДОЛООН САР ХҮРЧЭЭ
Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын удирдлагуудад хандан, хорих 407-р ангид эхийн хамт буй нярай хүүхдүүдийн эрхийг хөндөж, сурвалжлага бэлтгэх хүсэлт гаргасан ч зөвшөөрөл олгоогүй юм. Тиймээс бид "News" агентлагийн архивын зургуудаас нийтлэлдээ ашигласныг энд онцолъё.
ШШГЕГ-ын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги буюу Эмэгтэйчүүдийн хориход өнөөдрийн байдлаар 190 гаруй эмэгтэй хоригдол, 0-2 хүртэл насны 4 хүүхэд эхийн хамт "хүмүүжиж" буй юм байна.
Нярай хүүхэдтэй эхчүүдийн байрлаж буй байр нь нийт 144 мкв талбайтай бөгөөд 2013 онд ашиглалтад оржээ. Тус байр шинээр төрсөн эхчүүд байрлах хоёр хүний багтаамжтай 1 өрөө, 1 хүний багтаамжтай 1 өрөө, 4-7 хүний багтаамжтай 1 өрөө, ариун цэврийн 1 өрөө, угаалга, хатаалгын 1 өрөө, гал тогооны 1 өрөөтэй аж.
Эмэгтэйчүүдийн хориход хүүхэдтэйгээ буй хоригдлууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгджээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тэнд 3-14 насны хүүхдүүд эхтэйгээ байсан бөгөөд хуульд зааснаар 2 нас хүрмэгц хүүхдийг ар гэрт нь, асран халамжлах хүнгүй тохиолдолд асрамжийн газарт өгөх арга хэмжээ авсан байна. Хоригдол эмэгтэйг дөнгөж төрсний дараа хүүхдийг нь өгч явуулдаггүй аж. Хуульд зааснаар 2 нас хүртэл ээжтэйгээ хамт байх боломжтой бөөгөөд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх талын арга хэмжээг авч ажилладаг талаар хэлсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 202.7-д "Хүүхэд нь хоёр нас хүрсэн боловч эмэгтэй хоригдлын ял эдлэх үлдэгдэл хугацаа 1 жилээс илүүгүй тохиолдолд хорих ял эдлэх хугацааг дуусах хүртэл хүүхдийг үргэлжлүүлэн хамт байлгаж болно" гэж заасан байна. Түүнийг ШШГЕГ үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг ажээ.
Эмэгтэйчүүдийн хорих ангид саяхан хоёр ихэр хүү мэндэлсэн гэх мэдээлэл гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр, ихэр хүүхдүүд өнөөдрийн байдлаар долоон сартай болж, эх хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал хэвийн, эмч, сувилагч тогтмол үзлэг хийж, хяналт тавьж ажиллаж байгаа аж. “Хоригдож” буй нярай хүүхдүүдэд нэмэлт сүү, сүүн бүтээгдэхүүнийг хуваарийн дагуу олгодог байна. Түүнээс гадна ар гэрээс нь ирүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих төвшинд оруулдаг аж. Мөн өрхийн эмнэлэгт вакцинд хамрагдах хуваарь, цаг хугацааны давтамжтайгаар тухай бүрт нь оруулдаг. Шаардлагатай тохиолдолд нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлэгт үзлэгт хамруулдаг гэж эх сурвалж хэлэв.
Хорих ангид жилдээ 10-аад эмэгтэй жирэмсэн болдог статистик байдаг аж. Тэдгээр эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтад хаана, хэрхэн оруулдаг вэ гэсэн анхаарал татсан юм. МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн хориход эмэгтэйчүүдийн эмч байдаг ч эхо аппарат, багаж хэрэгсэл байхгүй учраас хорихоос гадуур, эмнэлэгт очиж хяналтад ордог.
Хоригдлыг жирэмсний хяналтад оруулахаар гав гинж зүүлгээд, машинд суулгаад авч явдаг юм билээ. Жирэмсэн эмэгтэй хүний сэтгэл зүй ямар байдаг билээ. Тийм байдалтай өөр эмнэлэг дээр очоод, олон хүн хараад хэцүү шүү дээ.
Ийм асуудал байна, шийдэж өгөөч ээ гэж 2022 он гарснаас хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод албан ёсны санал тавьсан. Одоо хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа юм билээ. Мөн эмэгтэйчүүдийн хорих дээр ажиллаж байхад гурван зүйл анзаарагдсан. Гаднаа бие засах газартай. Төвийн шугамд холбогдоогүй. Эмэгтэйчүүд төрдөг. Өвлийн хүйтэнд гарч бие засдаг. Төрсөн хүн, эрүүл мэнд талаасаа сөрөг шүү дээ. Хоёр дахь нь, төрсөн, төрж байгаа ээжүүдийн асуудал, төрсний дараахь асуудал байдаг юм билээ. Энэ дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУГАРАХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА
Хуульчдын тайлбарлаж буйгаар, гаднын орнуудад хорих ангид эх, үрийг хамтад нь байлгахаас илүүтэй ял хойшлуулах асуудал түгээмэл байдаг аж. Өөрөөр хэлбэл, манай орноос бусад оронд эх, нярайг хамтад нь бараг “хорьдоггүй”-г хэлсэн юм.
Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл, Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах: 7.6.1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заажээ.
Гэвч эмэгтэйчүүдийн хориход хүүхдийн хамт өмнө нь ял эдэлсэн хоригдлуудын ихэнх нь хүнд гэмт хэрэг үйлдэн, ял шийтгэл сонссон байсан ч тэдэнд дээрх заалтын дагуу хүүхэдтэйгээ байх эрх олгосоор иржээ. Зарим хуульчид эхээс нь салгаж хүүхдийн эрхийг зөрчихгүйн тулд жирэмсэн болуут нь ял хойшлуулдаг байх нь оновчтой гэсэн санал дэвшүүлсэн юм.
Хорих ангид эхийн хамт буй нярай хүүхдүүдийн талаар зарим төрийн болон төрийн бус байгууллагынхан дуугарах дургүй байгаа нь ажиглагдсаныг энд дурдъя.
Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бол Хүний эрхийн үндэсний комисс. Энэ утгаар тус комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунанаас энэ асуудлаар тодруулга авахыг хүссэн ч ямар нэгэн хариулт өгөөгүй юм. Саяхан Европын холбооны хүний эрхийн төлөө шагнал хүртсэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодруулга авахыг хүссэн ч бас л талаар болсон. Бид "өөрийн хүүхдүүд биш бол бусдынх хамаагүй" гэсэн сэтгэлгээнээсээ салах цаг хэдийнэ иржээ. Ахмадууд "УИХ-ын эмэгтэй гишүүд хэт чихэрлэг ундааны хэрэглээ бууруулах гэх зэргээр ярихын оронд шоронд буй нялх хүүхдүүдийн талаар дорвитой ажиллаж, асуудалд нухацтай хандаж, тууштай хөөцөлдөж, хуулийн төсөл санаачлан батлуулж, өөрчлөлт оруулж, хүүхдүүдэд туслах хэрэгтэй" гэж дайсныг энэ нийтлэлээрээ уламжилъя.
Хорих ангид төрж, өссөн хүүхдүүд ч Монголын ирээдүйн эзэд. Тэд ирээдүйд ижий, аавууд болно. Тэдгээр хүүхдүүд ээжийнхээ үйлдсэн хэргийг "хуваалцсан"-аараа амьдралдаа хэнд ч адлагдах ёсгүй.
Хүний эрхэнд байж, бяцхан үрсээ өргөст торны цаана өлгийдөж, уйлж шаналан өсгөж, гэмшиж суугаа бүсгүйчүүдийн жишээ хүмүүст нэгийг ухааруулж, сургамж болно биз. Эс бөгөөс таны эрхээр хүүхдийн тань эрх хязгаарлагдахыг сана.
Монголын нэг иргэн ч үнэ цэнтэй. Шоронд нэг ч хүүхэд нэг ч өдөр бүү өнжиж, хоноосой. Хэзээ ч тэднээр хэн ч "Би шоронд төрж, шоронд өссөн" гэж хэлүүлэхгүй байг. Ирээдүй хойч үеэ бетон, хүйтэн, чийгтэй байшинд дутуу гучуу өсгөхгүйн тулд төр засаг бодлогын түвшинд асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлтүүд оруулах замаар “ялтан нярай”-гүй улс болох цаг ойрхон гэдэгт итгэхийг хүснэ.
Холбоотой мэдээ