NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 2020 оны сонгуулийн 17-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Цэрэнпилийн Даваасүрэнг онцолж байна.
Хөвсгөл нутгийнхны итгэлийг дааж дөрөв дэх удаагаа сонгогдсон гишүүн бол Ц.Даваасүрэн. Нэг удаа бие даан нэр дэвшиж, ялалт байгуулж байсан бол гурван удаа МАН-аас мандат өвөртлөн Хөвсгөлчүүдийг зорьж байжээ. Улстөрчдөд хэлж ярьж байгаа, хийсэн бүтээсэн зэргээр нь иргэд хоч өгөх нь олонтаа.
Ц.Даваасүрэнг “тэмцэгч”, “тэрслэгч”, “шүүмжлэгч”, “10 хувь”, “популист” гэх зэргээр хочлох нь бий.
Түүнийг улс төрд орж ирсэн цагаасаа эхлэн дагаж явсан хоч бол “10 хувь”. Сангийн яамны мэргэжилтэн байхаасаа эхлэн тендер болгоноос “10 хувь” цавчаа хийдэг байсан хэмээн ийн нэрийдэх болсон хэмээн улс төрийн хүрээнд дүгнэх нь бий. Инженер, эдийн засагч мэргэжилтэй санхүү, сангийн яам, Төсвийн байнгын хороо гээд олон жил санхүүгийн салбараар дагнаж ирсэн түүнийг улс төр Эрчим хүчний сайд хүртэл болгож байв.
Анх тэр “тэмцэгч” байв. Харин дараа нь “тэрслэгч” болсон.Монгол Улсын ганц орлого олдог салбар болох Оюутолгой, уул уурхай салбарт хамгийн их тэрслэгч нь тэр байв. Хамгийн их орлого олдог, ажлын байр бий болгодог, эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг уул уурхайн салбарын “тэрслэгч” болж, олон ч жил энэ сэдвээр улс төр хийсэн. Бие даагчаар ажилласан хэсэг хугацаанд УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдсан. Энэ үедээ Иргэний нисэхийн ерөнхий газарт хамаатан саднаа шахсан гэх хэл аманд өртсөн ч “гүтгэлэг” гэж няцааж байсан гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар унахтай зэрэгцээд түүний Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгч, энэ мөчөөс Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, УИХ-д орж ирсэн Тавантолгойн гэрээ, Гацуурт төсөл зэрэг уул уурхайтай холбоотой бүхий л төслийг хүчтэй эсэргүүцэж, тэрсчлэгчдийн нэг болж хувирсан.
Харин одоо түүнд ард түмэн “популист” гэх нэр өгчээ. Ард түмэнд таалагдах ямар гоё үг, ямар сэдэв байна, тэр бүхнийг Ц.Даваасүрэн ярьж чаддаг, гаднаа ил харагдах нь ард түмний баатар тэм боловч цаанаа өөр зорилготой улстөрч гэж тодорхойлох болжээ.
“Популист”-уудын хэлдэг, санааширдаг ганц зүйл нь "Ард түмний сайн сайхны төлөө" гэх. Үнэн хэрэгтээ Ц.Даваасүрэнд эрх мэдэл, ард түмнийхээ, Хөвсгөлчүүдийнхээ төлөө хийх боломж, бололцоо хангалттай байсан. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон гэхээр тэр ард түмний төлөө 16 жилийг улстөрд зүтгэжээ. Харин өнөөдөр түүнд өөрийн гэсэн автор болсон хууль, 16 жилийн хугацаанд ард түмний төлөө, хөвсгөлчүүдийн төлөө хийсэн “гавьяа”-г нь нэрлэ гэвэл хэд болох бол. Тиймээс л түүнийг “популист” хэмээн нэрлэсэн бололтой, сонгогчид. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор олон жил улс төр хийсэн асуудал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Рио Тинтотой хэлэлцээрийн ширээнд сууснаар намжив.
Элдэвтэй эсвэл популист зангийнх уу 2020 оны УИХ-ын сонгуулиар тэр Хөвсгөл аймгаас нэгээр сонгогдсон гишүүн. Хамгийн өндөр санал авсан нь гэсэн үг. Тиймээс тэр энэ удаад тав удаагаа хөвсгөлчүүдээс итгэл хүлээх үү эсвэл улс төрийн карьертаа “цэг” тавих уу гэдэг тодорхойгүй байна. Учир нь сүүлийн үед зарим хэвлэлүүд түүнийг улс төрийн карьертаа цэг тавьж, төрөл арилжсан хэмээн бичих болжээ.
Ц.ДАВААСҮРЭНГИЙН НАМТАР
- 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
- 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
- 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
- 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
- 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
- 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
- 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Англи, Орос
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ