Энэтхэг-Номхон далайн дөрвөл Хятадыг онилоогүй

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Энэтхэг-Номхон далайн дөрвөл Хятадыг онилоогүй

Энэтхэг-Номхон далайн дөрвөл Хятадыг онилоогүй

АНУ, Австрали, Энэтхэг, Япон гэсэн улсууд "Энэтхэг-Номхон далайн дөрвөл"-ийг бүрдүүлдэг. Зарим тохиолдолд энэ дөрвөлийг Ази дахь НАТО гэх нь ч бий. НАТО-гоос ялгаатай нь цэргийн эвсэл бус, илүү эерэг, бүтээлч хөтөлбөр юм. Энэхүү стратегийн түншлэлийн гол зорилго Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сахиулах болно.

Энэтхэгээс Японд суугаа Элчин сайд С.К.Верма саяхан Токиод болсон дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгдэхдээ, “Бид хэн нэгний эсрэг бус, харин ямар нэг зүйлийн төлөө нэгддэг” гэж хэлсэн. Энэ үгээрээ Хятадыг илэрхийлжээ. Энэтхэг-Номхон далайн стратегийн түншлэлийн үндсэн зарчим нь аль нэг улс, эсвэл бүс нутгийг онилдоггүй гэж “The Diplomat” мэдээлэв.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2021 оны есдүгээр сард анх удаа дөрвөлийн удирдагчидтай биечлэн уулзсан. Дөрвөн талт яриа хэлэлцээг биечлэн зохион байгуулахад арав гаруй жил зарцуулжээ. Түүхэн дэх хамгийн аймшигтай байгалийн гамшгийн нэг болох 2004 оны Энэтхэгийн цунами дэлхийн 14 орныг хамарч, 200 мянга гаруй хүний амийг авч одсон. Энэ үеэс л дөрвөлийн тогтолцоо бий болсон гэхэд болно. Улс орнууд хүмүүнлэгийн тусламжид нэгдсээр, Энэтхэг, Япон, АНУ, Австрали улсууд хамтран, үндсэн бүлгээ байгуулж байв. Тухайн үедээ 40 мянга гаруй цэрэг, нисдэг тэрэг, ачааны хөлөг онгоц болон бусад хүмүүнлэгийн тусламжийг гамшигт нэрвэгдсэн орнуудад илгээжээ.

Дөрвөлийн удирдагчид энэ онд хоёр ч дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан. Орос, Украины дайнтай холбоотой виртуал уулзалт өнгөрсөн гуравдугаар сард болсон бөгөөд талууд өөр өөр байр суурьтай байжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын хүрээнд талууд бүс нутгийн бодлогын нийтлэг талыг эцэслэн тодорхойлсон. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий бүлэглэлийг дараагийн шатанд гаргаж буй нэг алхам болов.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын агуулгаас харахад бүс нутагт одоо байгаа болон шинээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Энэтхэг чухал үүрэг гүйцэтгэх бололтой. Энд Хятадын өсөлт ба тэлэлтийн асуудал ч багтана. Энэтхэг, Хятад хоёр орны маргаантай түүхээс аваад үзвэл тус улс стратегийн түншлэлийг эвсэл шиг бүтэцтэй болгохыг хүсэхгүй байгаа гэхэд болно.

ЯАГААД ЗААВАЛ ЭНЭТХЭГ ВЭ?

Нэгдүгээрт, Энэтхэг нь дөрвөлийн бусад орнуудын дотор Хятадтай шууд хиллэдэг ганц улс юм. Тэр дундаа хилийн маргаантай цор ганц улс. Тиймээс Хятадын эсрэг ил тод хэлэлцээрийн нэг хэсэг гэж харагдахыг хүсэхгүй байх бүрэн үндэслэлтэй. Эвслийн шинж чанартай аливаа бүлэглэл Зүүн өмнөд Азийн орнуудыг түгшээнэ гэдгийг Энэтхэг ухамсарлаж буй.

Энэтхэг, Хятадын хилийн маргаан 2020 оны тавдугаар сард эхэлсэн. Энэ зөрчил Гималайн нурууны Ладакийн бүс нутагт өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 2020 оны зургадугаар сард болсон Энэтхэг, Хятадын мөргөлдөөн сүүлийн 40 жил тохиогоогүй хамгийн ширүүн тулаан болжээ.

Хоёрдугаарт, дөрвөлийн бие даасан цэргийн логик нь бүс нутгийн урт хугацааны ашиг сонирхолд нийцэхгүй юм. Дөрвөл нь эсрэгээрээ терроризм, уур амьсгалын өөрчлөлт болон бусад чухал асуудлуудад анхаарлаа хандуулж буй. Эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд бүс нутгийн орнуудын итгэлцэл, хамтын ажиллагааг дэмжих форум шаардлагатай. Тиймээс дөрвөлийн дээд хэмжээний уулзалт зөвхөн аюулгүй байдлын ойлголтоор хязгаарлагдахгүй гэдгийг Энэтхэг улс нотолсоор иржээ. Тэд бүс нутгийн аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангахын тулд гишүүн орнуудын чадавхийг нэгтгэсэн нээлттэй, бүтээлч форум зохион байгуулахыг зорьдог.

Орос, Украины мөргөлдөөнд хэрхэн хандаж буйгаас нь харахад дөрвөл нь эвслийн улс төрийг илт онцлохгүй байгаа нь ойлгомжтой байна. Дайнтай холбоотойгоор гуравдугаар сард дөрвөн улсын удирдагчид хэлэлцээ хийсэн. Тэд удаа дараагийн мэдэгдэлдээ Оросын талаар шууд дурдахаас зайлсхийжээ. Үүний оронд дайны хүмүүнлэгийн талын асуудлуудад илүү анхаарлаа хандуулсан. Энэ нь АНУ-ын Япон, Австралитай хийсэн уулзалтаас эрс ялгарав. Тухайлбал, АНУ, Австралийн удирдагчид Энэтхэг-Номхон далайд Орос, Украины түүхийг давтахгүйн тулд эв нэгдлээ үргэлжлүүлэн хадгална гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Хятадын Тайвань руу чиглэсэн бодлогыг онцлон дурдаж буйг илтгэсэн юм.

АНУ, Японы уулзалтын хамтарсан мэдэгдэл бүр ч ойлгомжтой байв. Тус улсууд “Дүрэмд суурилсан олон улсын дэг журамд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол Оросын харгис хэрцгий, үндэслэлгүй түрэмгийлэл” гэж үзжээ. Хоёр улсын удирдагчид Оросын түрэмгийллийг буруушааж, хариуцлагаа хүлээхийг уриалсан.

Дээрх мэдэгдлүүдтэй харьцуулахад Энэтхэг-Номхон далайн дөрвөлийн мэдэгдэл туйлын аядуу зөөлөн байжээ. Тэд Украин дахь нөхцөл байдлыг хүмүүнлэгийн эмгэнэлт хямрал гэж нэрийдсэн. Түүнчлэн олон талт үзлийг онцлон тэмдэглэсэн нь Энэтхэгийн үндсэн үзэл баримтлалыг тусгасны нэг жишээ юм. Үндсэндээ Энэтхэг улс нь аюулгүй байдал, мөргөлдөөний асуудлаар аль нэг талыг илтэд дэмжихээс татгалзаж, оронд нь олон талт, тэр дундаа НҮБ-аас баталсан хувилбаруудыг илүүд үздэг. Дөрвөлийн мэдэгдэлд олон талт санаачилгыг дэмжинэ гэдгээ хэд хэдэн удаа онцлон дурджээ.

Энэтхэг улс өөрийнхөө хүрээллийн асуудалд мэдрэмжтэй хандахыг дөрвөлийн бусад гишүүдээсээ хүсч буй. Өөрийн хүрээлэл гэдэг нь мэдээж хөрш Хятад улсыг илэрхийлнэ. Энэ хүсэл нь терроризмыг бүх хэлбэрээр буруушаах тухай мэдэгдэлд нь тод илрэн гарчээ. Уг мэдэгдэлд, террорист бүлэглэлүүдэд логистик, санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлэхээс татгалзахын чухлыг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн, Мумбай, Патанкотт хотод болсон 26/11 террорист халдлагын талаар дурдсан.

Дөрвөлийн ашиг сонирхлын чиглэл дэлхийн эрүүл мэнд, дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, шинэ технологи, сансар огторгуйн талаар өргөн агуулгыг багтаасан. Эдгээр салбарыг төрөлжүүлэх, хөгжүүлэх нь бүлгийн хувьсан өөрчлөгдөж буй шинж чанарыг илтгэж байна. Өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн чиглэлүүдэд Энэтхэг улс ихээхэн хэмжээний дипломат хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хүчин чармайлт нь хүлээн зөвшөөрөгдсөн норматив тогтолцоо бий болгоход чиглэгдэж буй бөгөөд алсдаа дөрвөлийг эрх чөлөө, ил тод, нээлттэй байдлыг дэмжих форум болгон зохион байгуулах зорилготой.

Эх сурвалж: THE DIPLOMAT, ORFONLINE, STIMSON

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж