УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.05.30/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт ба хүний эрх сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд чухал өөрчлөлт орох гэж байна. Энэ хуулиар хууль сахиулагч өөрөө, шударга, хараат бусаар, гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна уу гэдэг хэмжигддэг. Нөгөө талаас гэмт хэрэгтэй тэмцэж байгаа гэдэг нэрээр хууль сахиулах ажил хийж буй хүмүүс шалгах, хүний эрх чөлөөнд халдах дур зоргоороо байдлыг хязгаарладаг учраас нарийн зохицуулалттай хууль юм.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт, сайжруулалтаар хэд хэдэн зүйлийг хүлээж байлаа. Уг хуулийн дагуу тухайн хүн ямар хэрэгт яллагдаж, юунд буруутгагдаад байгаагаа мэдэхгүй хуулийн байгууллагын хатуу мөрдлөг дор эрх нь зөрчигдөж яваад байсан. Ихэнх тохиолдолд хуулийн байгууллага хууль ойлгомжгүй нэрээр түрий барьж, хуульдаа заасан зүйлийг зөрчиж байна.
Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангах ёстой гэж заасан байтал хуурч аваачаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн мөртлөө яллагдагчаар татах тогтоолоо танилцуулж, барьж хорьдог. Яллагдагчаар татах бол сэжигтэн гэж танилцуулж байгаад байцаалт авах ёстой. Энэ байдлаа засаагүй.
Тухайн хуулийн өөрчлөлтөөр хуулийн байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэж байна. Ингэхээр хуулийн байгууллагуудад амар, иргэдэд хүндрэлтэй болж байна. Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна.
Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл Г.Амарзаяа болон Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл оролцож УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухайгаа мэдээлэв.
Түүнчлэн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС-ийн доктрант Д.Оросоо “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн практик” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэт нэг талыг барьсан. Хэргийн зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр зөвхөн гомдол, өргөдөл гаргагчийн мэдээллээр ялладаг байдал хавтгайрсан. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тараасан алдаатай мэдээллийг “худал мэдээлэл тараах” гэдэг зүйлчлэлээр шалгаж, шийтгэдэг гажуудал үүссэн гэж илтгэлдээ дурдлаа.
Хэлэлцүүлгийн явцад жилд 200 орчим хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгадаг ч ердөө 10 хүн шүүхээр хэргээ шийдвэрлүүлдэг судалгаа байна. Үүний цаана хүний эрхийн маш том зөрчил байгаа талаар, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг томилох тухай хуулийн заалтад “прокурор” хүнийг томилно гэдэг үгийг өөрчилж, Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн оруулж ирж байгаа талаар нээлттэй ярилцав. Хэлэлцүүлэгт оролцогчид, хуулийн хулгайг ил гаргаж ирж байгаад талархал илэрхийлж, хэрвээ мөрдөгч иргэдийг дураар дууддаг болчих юм бол монголчууд бүгд цахим гавтай болж, Монгол сүүлийн 30 жил байгаагүй шоронжсон улс болно. Хүний эрхийг аажим аажмаар хумих ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүйд санал нэгдэж, хуулийн төслөө буцааж авахыг шаардав.