"Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь гараагүй"

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь гараагүй"

"Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь гараагүй"

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар өнгөрсөн гуравдугаар сард хашааг нь буулгасан.  Үүнтэй холбоотойгоор паркийн 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барина гэх мэдээлэл бий. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

"ТОМООХОН ХУВИЙН ХЭВШЛҮҮД ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙХ САНАЛ ӨГСӨН"

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийслэлийн удирдлагын зүгээс иргэд алхаж, амарч зугаалахад таатай орчинг бүрдүүлэхийг зорьж буй. Ер нь Улаанбаатар хотод журмаараа 16 байгууллага буюу эмнэлэг, цэцэрлэг, тагнуул гэх мэт газрууд л хашаатай байхыг зөвшөөрдөг. Өнгөрсөн хугацаанд энэ асуудалд хяналт тавиагүйгээс хүн бүр энд тэндгүй хашаа татчихсан дүр зурагтай байна. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлага байгаа.

Эхний ээлжид хуучин граж, хашаа хайсыг буулгаж, тохижилтын ажлууд эхэлсэн. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хүүхдийн паркийн хашааг буулгасан. Мөн 18 байршилд явган хүний зам тавих болон 188 байршилд 4800 орчим хуучин гражийг буулгаж, тухайн хариуцсан дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайн зориулалтаар тохижуулж байна.

Тэр дундаа Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь гараагүй байна. Тийм учраас 10 тэрбум төгрөгийн төсөв мөнгө гэдэг бол худлаа мэдээлэл. Ямар нэгэн байдлаар санал санаачлага гарсныг үгүйсгэхгүй. Эцсийн шийдвэр гараагүй. Ойрын хугацаанд зураг төсөл нь гарч, шийдвэр нь гарна. Томоохон хувийн хэвшлүүд тохижилтын ажлыг хийх санал өгсөн юм билээ. Өмнө нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан барилга байгууламтай зураг төсөл бол хуучны зураг байна лээ.

Харин нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хүүхдийн паркийн тохижилтын талаар зургадугаар сарын эхээр мэдээлэл хийнэ. Хэд хэдэн санал яригдаж байгаа" гэв.

"ХААШАА Л ХАРНА ӨНДӨР БАРИЛГУУД ХАШЧИХСАН, ГАЗАР ГЭХ ЮМ ҮЛДСЭНГҮЙ"

Иргэдийн зүгээс улсдаа ганц Хүүхдийн паркийн газрыг зориулалтаар нь ашиглаж, ногоон байгууламж сайтай болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Иргэн Д.Сарангэрэл "Биднийг хүүхэд байхад Хүүхдийн парк талбай томтой, тоглох тоглоом ч олон байлаа. Гэтэл одоо газар нь хумигдаж, багахан газар маш олон тоглоомтой болсонд харамсдаг. Тиймээс паркийн газрыг томруулж, ногоон байгууламжид илүү анхаарахыг хүсч байна. Бусдаар бол тоглоомын сонголт, үйлчилгээ нь боломжийн санагддаг" тухай ярилаа.

"Тун удахгүй Хүүхдийн баяр болох гэж байна. Энэ баяраар хүүхэд багачууд Хүүхдийн парктаа тоглож чадахгүй, багахан газар өдөржингөө дугаарлаж өнгөрүүлдэг. Уг нь хүүхдүүддээ л хүрэлцээтэй байлгах ёстой шүү дээ. Одоо хаашаа л харна өндөр барилгууд хашчихсан, газар гэх юм үлдсэнгүй" хэмээн иргэн Л.Нарангэрэл хэлэв.

Хүүхдийн паркийн 31.4 га газар дээр оффис, орон сууц, зочид буудал гэх мэтчилэн барилга байгууламж бариулахгүй. Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засч шинэчлэх ажлыг хийнэ гэдгийг албаныхан мэдээлж байв.

АНХ 1965 ОНД “ХОТЫН СОЁЛ АМРАЛТЫН ПАРК” НЭРТЭЙГЭЭР БАЙГУУЛСАН

Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулсан. Хүүхдийн парк нь хотын төвд дунд байрладаг. Нийт 35 га дэвсгэр нутагтай. Үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1,8 га газрыг нуур цөөрөм, 5,6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттай барилгажсан талбайтай байгуулж байв.

Паркийн анхны даргаар С.Дашдэндэвийг 1965-1971 он хүртэл томилон ажиллуулж байжээ. Паркийг барьж байгуулахад 70 гаруй мянган хүн өдрийн ажил хийж, 10 шахам сая төгрөгийн барилга, байгууламж барьж босгосны 50 хувийг дан залуус, олон нийтийн хүчээр барьсан байдаг. Паркийг 1966 онд нээгээд өргөтгөж бүтээн байгуулах ажил 1969 он хүртэл үргэлжилжээ.

Паркийг 1966 онд анх нээх үед 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгжсэн талбай, 2,8 км зам МХЗЭ, пионерийн хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна.

Харин 1991 оноос Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэн” гэдэг нэртэй болсон байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнг нийслэлийн Засаг даргын 2005 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар захирамжаар татан буулгасан байна.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гаргаж, 2005 онд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК болон нэр нь өөрчлөгдсөн түүхтэй.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж