Европын холбоо өчигдөр /2022.05.29/ Оросын газрын тосыг хориглох тухай санал хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Тиймээс өнөөдөр үдээс хойш Брюссель хотноо болох дээд хэмжээний уулзалтаар удирдагчид тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна.
Газрын тосны хориг арга хэмжээний тухай яриа онцын ахиц дэвшилгүйгээр хэчнээн сар үргэлжлэв. Тиймээс Европын холбооны удирдагчид өөр хоорондоо эв нэгдэлгүй байгаа мэт харагдахгүйн тулд тохиролцохыг эрмэлзэж байна.
Газрын тосны импортын хориг нь Европын холбооны зургаа дахь багц хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Багцад Сбербанкийг “Swift” системээс хасах, Оросын сувгуудыг Европын холбооны орнуудад хориглох, хар жагсаалтад олон хүн нэмж оруулах зэрэг багтана.
Унгар улсын хувьд бусад газраас нефть авах боломжгүй тул энэ шийдвэр эдийн засагт нь томоохон цохилт болно гэж мэдэгдээд буй. Словак, Чех улсууд ч мөн санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэгвэл Европын комисс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хоригийг зөвхөн цистернээр авчирсан газрын тосонд хамааруулах санал гаргажээ. Ингэснээр дээрх улсууд өөр хувилбар олох хүртлээ Оросын нефтийг Дружба хоолойгоор дамжуулан авсаар байх юм.
Унгар энэ саналыг дэмжсэн бөгөөд Хорватаас газрын тос дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн боловсруулах үйлдвэрүүдээ Оросын Уралын түүхий нефтээс брент маркийн нефт рүү шилжүүлэх хүсэлтэй байна гэв. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
Эх сурвалж: REUTERS