Монголбанк: Банкууд худлаа тайлан баланс гаргадаг гэдэг нь үндэслэлгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Монголбанк: Банкууд худлаа тайлан баланс гаргадаг гэдэг нь үндэслэлгүй

Монголбанк: Банкууд худлаа тайлан баланс гаргадаг гэдэг нь үндэслэлгүй

Банкуудын IPO гаргах эцсийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Банкууд худлаа тайлан баланс гаргадаг тул сайн шалгах хэрэгтэй, Төв банкны Ерөнхийлөгчтэй хариуцлага тооц” гэх байр суурь илэрхийлсэн.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд худлаа тайлан баланс гаргадаг гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл, хариуцлагагүй мэдэгдэл юм. Уг нь олон давхар хяналт шалгалттай, маш хатуу, нарийн зохицуулалттай салбар шүү дээ. Банкны салбарт дэлхийд танигдсан нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг жишиг тогтоод олон жил болж байна. Мөн томоохон банкууд маань олон улсын зэрэглэл тогтоох байгууллагуудаар улстайгаа зэрэгцээд зэрэглэлээ тогтоолгодог болоод удаж байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс өөрсдөө бие даан хөрөнгө мөнгө ч босгодог болсон байна” гэх тайлбарыг ярилцлагадаа (Өдрийн сонин, 2022.05.26-ны дугаар) дурджээ.

Одоо мөрдөгдөж буй хуулиар системийн 5 банк буюу Хаан, ХХБ, Голомт, Төрийн банк, Хас банкууд олон нийтэд нээлттэй компани болж, хувьцаагаа хөрөнгийн бирж дээр арилжаалах ёстой. Эдгээр банкууд жил бүр санхүүгийн тайландаа BIG 4 буюу олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниар дүгнэлт гаргуулж, олон улсад нэр хүндтэй зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаар үнэлгээ хийлгэдэг байна.

Түүнчлэн банкууд дээр зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын зарчим (Базелийн стандарт)-д тулгуурлан тогтоож, зайны болон газар дээрх хяналт шалгалтыг Монголбанкнаас тогтмол хийдэг байна. Системийн банкуудын хувьд олон улсын хөрөнгийн захаас бонд босгох, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санхүүжилт татсан туршлагатай.

Тухайлбал:

  • Хаан банк Австрийн Хөгжлийн банк болох OeEB банктай 8 жилийн хугацаатай, 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг 2022 он гарахаас өмнөхөн байгуулж байв. Энэхүү эх үүсвэрийг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарцуулах бөгөөд нийт санхүүжилтийн 50 хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд тусгайлан зориулах аж.
  • Худалдаа хөгжлийн банк 2020 оны тавдугаар сард 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж байв. Тус банк олон улсын зах зээлд бонд босгож санхүүжилт татсан Монголын анхны арилжааны банк юм.
  • Голомт банк нь энэ сард Лихтенштейний Вант Улсын “Enabling Qapital AG” хөрөнгө оруулалтын сантай 4 жилийн хугацаатай, 5 сая ам.долларын зээлийн гэрээг 3 дахь удаагаа амжилттай байгуулснаа мэдээлжээ. Энэхүү зээлийн эх үүсвэрээр ЖДҮ эрхлэгчдийн бизнесийг дэмжихийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зээлүүдийг санхүүжүүлэх юм байна.
  • Төрийн банк 2020 онд Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу ойролцоогоор 65.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй хямд эх үүсвэр амжилттай татжээ.
  • Хас банкийг эзэмшигч "Тэнгэр Санхүүгийн Нэгдэл" ХХК нь ОУСК, ЕСБХБ, Канадын Үндэсний банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд, дотоодын болон гадаадын нэр хүндтэй компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүсээс бүрдсэн хувьцаа эзэмшигчидтэй юм.

Гадны хамтрагч, хөрөнгө оруулагчдын хувьд Монголын арилжааны банкууд Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтээ хэр хангасан байдал, санхүүгийн тайлан баланст нь хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт, банкуудын зээлжих зэрэглэлийг нь үндэслэж л хамтран ажиллаж, итгэж мөнгөө итгэж өгдөг. Тэр ч утгаараа худлаа тайлан баланс гаргах үндэслэлгүй, үүнийг нь ч олон улсын нэр хүндтэй аудитор, зээлжих зэрэглэл тогтоогчид давхар баталгаажуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж