Монгол Улс одоогоос гурван жилийн өмнө хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байв. Засгийн газар ирэх 2022 онд нүүрсний экспортыг дор хаяж энэ хэмжээнд хүргэх том зорилт тавьсан. Гэвч он гарснаас хойш хагас жилийн хугацаанд гүйцэтгэл 5 сая тонн байгаа нь чамлалттай үзүүлэлт юм.
Сүүлийн саруудад БНХАУ-ын мужуудад коксжих нүүрсний үнэ нэмэгдсэн бол боомтууд дээрх үнэ буурав. Тус улсын Хэбэй мужид 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 3560 юань (561$), Шаньси мужид 3360 юань (529$)-д хүрчээ. Харин Таньжин боомтод коксжих нүүрсний үнэ 3520 юань (554$)-д хүрсэн байна.
Хятадын Засгийн газар өсөлтийг тогтворжуулах бодлого, бусад тэлэх чиглэлийн макро бодлогууд хэрэгжүүлж нүүрсний эрэлтийг дэмжиж буй аж. Гэвч нөгөө талаас Covid-19 цар тахалтай холбоотойгоор зарим мужуудад хөл хорио тогтоосон нь эрэлтэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буй юм байна.
Урд хөршид цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний улмаас нийлүүлэлт эрэлтээс давснаар нүүрсний үйлдвэрүүдийн нүүрсний нөөц нэмэгджээ. Тухайлбал, “Sxcoal”-ын судалгаанд хамрагдсан БНХАУ-ын үйлдвэрүүдийн угаасан нүүрсний нөөц 2022 оны гуравдугаар сарын 24-ний байдлаар 890 мянган тоннд хүрчээ. Цаашид Covid-19 цар тахлын эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд, нүүрсний эрэлтэд үзүүлж буй нөлөөнөөс шалтгаалж нүүрсний үнэ өөрчлөгдөхөөр байгаа аж.
Хятадын Ганцмод боомтод өнөөдөр (2022.05.30)-ийн байдлаар коксжих нүүрс болон ган үйлдвэрлэгчдийн эрэлт бага байгаа бөгөөд Монголын түүхий коксжих нүүрсний үнэ буурчээ.
“SXCoal”-д мэдээлснээр, энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд Монголын түүхий коксжих нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 1900-1950 юанийн хооронд хэлбэлзсэн байна. Энэ нь өмнөх хоёр хоногийн үнээс 50 юаниар буурсан дүн аж. Коксжих нүүрсний үнэ буурахад Монголын импорт өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож, энэ сарын 26-ны өдөр экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Хоёр улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн билээ.
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжих нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж 2013 онд ашиглалтад оруулсансан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй байх боломжтой байв.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, 2013 онд ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлож, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох байжээ.
Гашуунсухайт боомтоор өнгөрсөн нэгдүгээр сард өдөрт дунджаар 120 орчим зэсийн баяжмал, нүүрсний экспортын машин нэвтэрч байсан бол энэ сарын байдлаар өдөрт 400 орчим машин нэвтэрч буй юм. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэхийг холбогдох албаныхан мэдээлсэн.
Өмнөговь аймаг дахь нүүрсний бүлэг ордын Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх нүүрсний уртын тээвэр эхлээд удаагүй байна. Цагаан хад дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоногт эерэг тохиолдол илрээгүй тул уртын тээврийг ийн эхлүүлсэн. Маргааш буюу тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээвэр эхэлнэ.
Монгол Улс, БНХАУ-ын нүүрсний компаниудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр ирэх зургадугаар сарын 14-нд Монголын нүүрсний ассоциаци болон “Fenwei Digital Information Technology” компани хамтран "БНХАУ Монголын нүүрсний компаниудын арилжаа" цахим хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ