Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой бичлэг үзээд сэтгэл эмзэглэсний үндсэн дээр иргэн Д.Даваадорж нь өөрийн байр сууриа илэрхийлж тавдугаар сарын 11-ний өдөр сошиалаар бичлэг хийсэн. Түүнээс хойш 19 хоногийн хугацаанд хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйчүүдтэй уулзахаас гадна Хүүхэд хөгжлийн газар болон олон улсын байгууллагуудтай уулзсан байна. Улмаар хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд амьдралд хөлөө олоход нь зориулан ажилд зуучлах зорилготой “Positive networks” төслийг эхлүүлж буйгаа мэдэгдэв.
Одоогийн байдлаар 128 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний хамгийн бага нь гурван настай хүүхэд байна. Ийм хэргүүдийг яагаад олон нийтэд ил гаргадаггүй нь нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж, цочрол үүснэ хэмээдэг аж. Судалгаагаар бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаарх мэдээлэл хийхэд 90 хувь нь айж болгоомжилдог бол үлдсэн 10 хувьд энэ төрлийн сэдэл авдаг гэсэн аж.
Гэр бүл хөгжлийн газарт өдөрт 36 мянган дуудлага ирдэг гэсэн байна. Хүүхэд бүрт хүрч ажиллахад ажиллах хүчний байдал хомс байдаг.
Монгол Улсын 330 сум, есөн дүүрэгт бүгдэнд нь малын эмч байдаг мөртлөө хүүхэд хамгаалалаар мэргэшсэн сэтгэлзүйч огт байдаггүй. Иргэн Д.Даваадорж нь сошиал орчинд судалгаа авахад оролцогчдын дийлэнх нь бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хомс байдаг гэжээ. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн хамтарч энэ асуудал дээр байр сууриа илэрхийлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын уриалсан юм. Мөн тэрбээр жил болгоны тавдугаар сарын 31-нд хэвлэлийн хурал хийнэ гэв.
Асрах газрын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 55 байгууллага байдаг. Эдгээр байгууллагын хүүхдүүд мөн тэжээгчээ алдсан, хүчирхийлэлд өртсөн, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор “Positive networks” төслийг эхлүүлж байна. Уг төслийн хүрээнд хоол хүнс үйлдвэрлэл, үсчин гоо сайхан, үйлчилгээ, уул уурхай, харуул хамгаалалт гэсэн чиглэлийн 14 байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийсэн байна. Гэрээний хүрээнд 85 хүүхдийг ажиллуулахаар бэлдсэн аж.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ