Монгол тамирчид хилийн чанадад бахдам амжилт гаргасаар байна.
Монголын эмэгтэй боксчид олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв
Боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн ОХУ-ын Хабаровск хотод болжээ. ЗХУ-ын баатар К.Коротковын нэрэмжит тус тэмцээнээс Монголын эмэгтэй боксчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн аж. Эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Жанаргүл ("Ихэр бээлий"), 66 кг-д М.Цэцэгдарь (“Хангарьд”) нар мөнгө, 54 кг-д А.Хулан (“Ихэр бээлий”), 57 кг-д Б.Золжаргал (“Хангарьд”), 60 кг-д Т.Номин-Эрдэнэ (“Хилчин”), 75 кг-д Э.Намуун (“Алтан бээлий”) нар хүрэл медаль тус тус хүртэв.
Монгол Улсын триатлонч Ц.Цэрэнбат “TATETRA” тэмцээнд 2 цаг 10 минут 42 секундын амжилт үзүүлж, Монголын триатлоны стандарт зайн (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) дээд амжилтыг ахиулав. Японы Татеямад өчигдөр/2022.05.29/ болсон тус тэмцээнд 870 гаруй тамирчдаас Ц.Цэрэнбат нийт дүнгээр 24 дүгээр байрт, 35-39 насны ангилалдаа дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард Йокохамагийн Дэлхийн аваргын цувралаар энэхүү үзүүлэлтийг 2 цаг 15 минут 53 секундаар шинэчилж байсан юм.
Холбоотой мэдээ